Халдашгүй байдлаар халхавч хийсэн УЛСТӨРЧИД

2914Улс төрд тогтворгүй байдал бий болно гэсэн шалтгаанаар буцаав

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн парламентын үед улстөрчдөд хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжээд бүдгэрсэн юм. Гэтэл энэ удаагийн парламентаар уг хуулийн төслийг дахин хэлэлцсэн ч УИХ-ын гишүүд төслийг буцаах шийдвэрийг гаргалаа.

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон УИХ-аас томилогддог албан тушаалтнууд, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нарт хариуцлага тооцох, эргүүлэн татах эрхийг сонгогчдод нээлттэй болгохоор тусгасан. Тухайлбал, улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр, эсвэл дөрвөн жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгажээ.

Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон заах аж. Хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан байсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө эргүүлэн татах хуулийн төслийг санаачилсан ч улс төрд тогтворгүй байдал бий болно гэсэн шалтгаанаар төслийг буцаав.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл боловсруулсан. Тэрхүү төсөлд тойргоос сонгогдсон гишүүнийг нийт сонгогчдын гуравны хоёрын саналаар эргүүлэн татах тухай санал гаргасныг УИХ хүлээн авсан тохиолдолд татна. Намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг тухайн намын төлөөллийн төв байгууллагаас эгүүлэн татах тухай санал гаргаж, түүнийг нь УИХ хүлээн зөвшөөрвөл эгүүлэн татахаар хуулийн төсөлд тусгасан байсан юм. Гэвч өнөөдрийн байдлаар уг хуулийн төсөл замхарлаа. Товчхондоо, УИХ-ын гишүүдэд хариуцлага хүлээлгэх хуулийн төслүүд парламент дээр очоод гацах, буцах гэсэн хоёр сонголтод орж байна.

Монгол Улс анх 2006 онд УИХ-ын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заалтыг тусгаж, баталсан. Энэ нь УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчныг бий болгох гэсэн эхний алхам байсан. Гэвч Үндсэн хуультай зөрчилдөж байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон түүхтэй. Ингэснээр Монгол Улсад УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдээгүй юм. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудал мухардалд ороод байгаа нь Үндсэн хуультай холбоотой. Учир нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалд хамаарахаар Үндсэн хуульд тусгасан юм.

УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцсон хоёр гуравхан жишээ бий. Тухайлбал, Улсын Бага Хурлын гишүүн Д.Дамдиныг 1991 онд эгүүлэн татсан байдаг. Тэрбээр алдарт 20 дугаар тогтоол гарахыг урьдчилан мэдэж, хувьдаа ашигласан гэх хэргээр бүрэн эрхээ цуцлуулж байсан. Мөн 1996-2000 оны УИХ-аас Казиногийн тухай хууль баталсан байдаг. Тухайн үед буюу уг хуулийн дагуу явуулсан казиногийн тендерийг будилуулж, авлига авсан хэргээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг хорьж байсан удаатай. УИХ-аас дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгуулах хүсэлт гаргаснаар ийнхүү хариуцлага хүлээлгэсэн түүх бий.

Ямартай ч Монгол Улсад УИХ-ын гишүүн Эрүүгийн хууль зөрчсөн болохыг шүү-хийн шийдвэрээр, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр тогтоогдсон бол хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэх халхавчны цаана бусад хууль зөрчсөн үйлдэл, ёс зүйн ноцтой зөрчлийг орхигдуулж байгаа юм. Ингэснээр Монголын улс төрд хариуцлагагүй байдал газар авч, халдашгүй байдлаар халхавч хийж, хариуцлага тооцох тогтолцоог булшилж байна.

 

Б.Даваатогтох

[ЗГМ]


URL:

Сэтгэгдэл бичих