УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг яллагдагчаар татлаа

148768490158ac452584323Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан АТГ, ЦЕГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаж байгаа. Ингэхдээ уг хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг шалгаж байгаа юм. Түүнийг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн хэрэгт шалгаж байна. Улмаар энэ сарын 7-ны өдөр яллагдагчаар татсан байна. АТГ-аас яллагдагчаар татаж, прокурорын байгууллага үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн юм. Гэвч шүүхээс түүнийг бие муу гэх шалтгаанаар батлан даалтад гаргасан. Тодруулбал, Н.Батбаяр нь 2010 онд зүрхний титэм судасны нарийсал 95 хувь гэсэн оноштойгоор Сингапур улсад хагалгаанд орж байжээ. Өвчний хүндрэлээс шалтгаалан 2015 оны гуравдугаар сард зүрхний нээлттэй хагалгаа хийлгэсэн байна. Эрүүгийн байцаах шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.9-т хүнд өвчтэй этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглоно гэсэн заалт бий. Энэ дагуу түүнийг батлан даалтад гаргажээ.

Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Хөгжлийн банкны хэрэгт Н.Батбаяраас гадна УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг ч яллагдагчаар татан шалгаж байгаа. Тодруулбал, Б.Гарамгайбаатарыг энэ сарын 6-ны өдөр яллагдагчаар татсан. Гэхдээ мөн л гадуур шалгаж байцаахаар батлан даалтад гаргаад байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Гарамгайбаатарт ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн юм.

Дашрамд дурдахад, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангийн 263 дугаар зүйлийн 263.2- т Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал  эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 150 дугаар зүйлийн 150.3-т Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш  арван жил  хүртэл хугацаагаар  хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг юм.

Б.Чимэг

http://www.zaluu.com/read/h467951g


URL:

Сэтгэгдэл бичих