Увс аймагт UFC группын чацаргана боловсруулах шинэ үйлдвэр үүд хаалгаа нээлээ

Улаанбаатар хотоос алслагдсан аймгуудын нэг болох Увс аймагт чацаргана боловсруулах шинэ үйлдвэр үүд хаалгаа нээлээ. Үйлдвэр ашиглалтанд орсоноор Увс аймгийн хэрэглэгчид төдийгүй нийслэлчүүдийг органик чацарганаар хангах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү үйлдвэр нь Увс аймгийн газар нутагт тарьж ургуулсан чацарганыг ямар нэгэн нэмэлт орц, элдэв бодисгүйгээр цэвэр шүүс болгон гаргаж байгаагаараа онцлогтой юм.

UFC группын Увс хүнс хувьцаат компаний хувьд 3 жилийн өмнөөс  Увс аймагт төдийгүй Монголд байхгүй ховор сортын чацарганы суулгацийг чацарганы өлгий нутаг болох увс аймагт суулгасан билээ. Тодруулбал ОХУ-аас оруулж ирсэн шинэ сортын 100 гаруй мянган чацарганы суулгацыг 100 га талбайд суулгасан байна. Шинэ үйлдвэр жилд дунджаар 600 тонн, төрөл бүрийн химийн хольцгүй, байгалийн гаралтай цэвэр органик чацарганы шүүс боловсруулан гаргах хүчин чадалтай. Энэхүү орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан боловсруулсан чацарганы шүүсийг вакумжуум орчинд савлаж Улаанбаатар хот болон бусад орон нутгийн хэрэглэгчдийн гар дээр хүргэх ажээ.

Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх зорилготой хэд хэдэн томоохон төслүүдийг хэрэгжүүлээд байгаа юм. Үүний хүрээнд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас чацарганы үйлдвэрийг байгуулахад зориулж 400 сая төгрөгний хөнгөлттэй зээл олгожээ.

Ч.Хүрэлбаатар – ЗГХЭГ-ын Дарга

Манай улсад чацаргана хөтөлбөр хэрэгжээд 3 жилийн нүүр үзэж байна. Харин энэ жилээс эхлэн дээрх хөтөлбөрийн үр дүн мэдрэгдэж байгаа юм. Чацаргана маань өөрөө 3 жил болж байж үр жимсээ өгөх ёстой байдаг.Гэтэл бидэнд тэр сайхан ургацаа муутгахгүйгээр хэрэглэгчдэд хэрхэн хүргэх вэ? гэсэн асуудал тулгарсан. Харин UFC групп Төрийн бодлогыг дэмжин энэхүү асуудлыг шийдвэрлэн Увс аймагт чацаргана боловсруулах үйлдвэрийг  ашиглалтанд оруулж органик цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг бий болгож байгаад UFC группын ажилчдад баярлалаа гэж хэлмээр байна. Мөн энэхүү үйлдвэр нь улсын хэмжээнд анхдагч бөгөөд цаашдаа бусад бүс нутагт эндээс туршлага судлуулах, сургалт хөтөлбөрийг манай яам зохион байгуулж ажиллах  болно.

Зөвхөн нутгийн иргэдийг ажлын байраар хангаад зогсохгүй, чацарганы тариалалт, үржүүлгийг дэмжсэн үйлдвэр бий  болсон гэж нутгийн иргэд ам сайтай байна.


URL:

Сэтгэгдэл бичих