Ажилгүй бол “Амьдрал үгүй”
Солонгосыг зорих монголчуудын тоо буурахгүй байна. Үүнийг тус улсад гэрээгээр ажиллахыг хүсэгчдийн бүртгэлээс харж болно. Учир нь өчигдөр орон даяар БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл эхэлсэн.
Энэ удаагийн шалгалтад 8,000 иргэнийг бүртгэх бөгөөд үүнээс нийт авах 200 онооноос хамгийн өндөр оноотой эхний 1,500 хүнийг тэнцсэнд тооцно. Үндсэндээ солонгосыг зорих нэг даваагаа давлаа гэсэн үг. Гэхдээ иргэд тэнцсэн байх учиртай онооны босго учраас зөвхөн Солонгос хэлтэй, шалгалтад сайтар бэлдсэн хүмүүс бүртгүүлэхийг албаныхан зөвлөж байгаа юм.
Учир нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд тус улсын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад заавал тэнцсэн байх шаардлагатай байдаг. Тухайн яам энэхүү шалгалтыг манай улсад 13 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр шалгалтад бүртгүүлэх болон тэнцүүлэх иргэдийн тоог харилцан адилгүй тогтоодог. Үүнийгээ тус улсыг зорих монголчуудын урсгалтай холбон тайлбарладаг. Харин монголчуудын хувьд эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадны улс, орнуудад ажиллахыг эрмэлздэг ажээ.
Бид энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”- аа бэлтгэхээр Нийслэлийн Сүхбаатар болон Баянзүрх дүүргүүдэд бүртгэл явагдаж буй байршлуудыг зорилоо.
ЦАХИМААР БҮРТГЭСЭН БОЛ АЧААЛАЛ ҮҮСЭХГҮЙ
Сүхбаатар дүүргийн иргэдийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн байрандаа бүртгэж байгаа аж. Үдийн 14:00 цагийн орчимд тус газарт очиход 200 гаруй хүн дугаарлаж байсан бөгөөд тэдний өмнө эхний 100 гаруй нь бүртгүүлсэн байв. Гэхдээ бүртгүүлсэн иргэдийн хувьд урд өдрийн 22:00 цагаас эхлэн дугаарласан гэнэ. Харин үдэд бүртгүүлэхээр дугаар нь дөхсөн иргэд 03:00 цагийн үед очжээ.
Зарим иргэн хэлэхдээ “Монголд ажил бараг олдоггүй. Олоод хийхээр цалин цагтаа буудаггүй” гэж хэлсэн. Иргэд гадны оронд очиж ажил хийх гэж өдөр, шөнө өглөө, үдэшгүй дугаарлаж байна. Энэ нь Монголд ажиллаж амьдрах нөхцөл улам л дордсоор байгааг илэрхийлж байгаа хэрэг. Үндсэндээ Монгол Улсын иргэд дүрвэж байна гэж хэлэхэд хилсдэхээргүй болжээ.
Энд цугласан иргэдийн хувьд Солонгост оччихвол болох юм шиг санаж өндөр цалин, санаа амар амьдрал мөрөөдсөн залуус зуу зуугаараа дугаарлах ажээ. Үүдэнд нь цугласан 200 гаруй иргэний дийлэнх нь 20-30 орчмын идэр насныхан бөгөөд цагдаагийн гурван алба хаагч нар зохицуулалт хийж байлаа. Ингэж зохицуулалт хийхгүй бол иргэд дугаарлалтаас болж бөөн үймээн дэгдээж, байгууллагынх нь хашааг нураахаас эхлээд хүндрэлтэй байдал үүсгэдэг аж.
Гадаа дугаарлаж буй иргэд өнөөдөр /өчигдөр/ бүртгүүлж амжихгүй. Тиймээс шөнө эндээ дугаарлаж хонох байх гэж хэмээн ярив. Дарааллаа хүлээн зогсож буй Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Аззаяа “Шөнийн 03:00 цагаас эхэлж дарааллаа манаж хоносон. Одоо 14:00 цаг болоход орох дөхөж байна. Шөнө ойролцоогоор 100 гаруй хүн хоносон байх шүү. Иргэд их зохион байгуулалттай дугаарлаж байна. Шөнө ирсэн иргэд бүртгэлийн дэвтэр гаргаж нэр, утасны дугаараа бичүүлээд зохицуулалт хийж байгаа цагдаад өгсөн. Тэгэхгүй бол бүгдээрээ гадаа байгаад байвал хүйтэнд хөлдөхөөс наахнуур юм болно. Тиймээс л цагдаад бүртгэлийн нэрээ өгч, өөрсдөө ойр орчмын орцонд жаахан дулаацаж байсаар ажил цуглах цагтай золголоо.
Одоо шөнө бичсэн нэрийн дарааллаараа орж байгаа. Өглөөнөөс хойш 100 гаруй хүн бүртгүүлээд гарсан. Бүртгэлээ их удаан хийж байгаад сэтгэл дундуур байна. Уг нь цахимаар бүртгээд энд ирж баталгаажуулаад явсан бол илүү хурдан шуурхай байх байсан гэж бодож байна” гэлээ.
Түүнээс энэ хэлний шалгалтын талаар асуухад “Азаа үзсэн хэрэг л дээ. Солонгос хэлний цагаан толгойн үсэгнээс өөр юм мэдэхгүй. Одоо сургалтад суух л байх” гэсэн хариуг өгсөн юм. Тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн албаны дарга Н.Ууганбаяр “Манай дүүрэг 500 иргэн бүртгэх ёстой. Одоогийн байдлаар 120 гаруй иргэнийг бүртгээд байна. Энэ байдлаар орой гэхэд 200 хүн бүртгэх байх. Өглөө 09:00 цагаас эхэлсэн ч бүртгүүлэх иргэдийн тоо их байгаа учир уртасгасан цагаар ажиллаж байна. Үдийн цайны цагаар завсарлахгүй ажилласан. Орой 18:00 цаг хүртэл ажиллах бодолтой байгаа. Гурван өдрийн хугацаанд бүртгэх бөгөөд 8-ны өдөр бүх нийтийн амралтын өдөр тул бүртгэхгүй” гэв.
ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЖ БАЙВАЛ ХОНОХ ЭНҮҮХЭНД
Баянзүрх дүүргийн иргэдийг Халамж үйлчилгээний хэлтэстээ бус Ерөнхий боловсролын 44 дүгээр сургууль дээр бүртгэж байгаа аж. Гадаа дугаарлах иргэд мөн л шөнө хонож дугаарласан, одоо л орох гэж байна гэсээр угтав. Цагдаагийн 6-7 албан хаагч иргэдийг зохицуулж цөөн цөөнөөр дотогш нэвтрүүлж байв. Энд байдал Сүхбаатар дүүргийнхээс өөр байсан. Иргэд татсан олсны ард эгнэн зогсож урдуур орохоор дайрвал хэрүүл шуугиан болох аж.
Харин нэг эмэгтэй цагдаатай уулзаад нэлээд удаан ярьснаа буцав. Түүнтэй хэсэг хором хөөрөлдлөө.
-Та хэдэн цагт ирсэн бэ?
-Өглөө 08:00 цагт ирсэн. Өдөржин энд зогслоо. Сая цагдаагаас урдуур оруулаад өгөхийг гуйсан чинь бусад иргэд ч гэсэн хонон өнжин дугаарлаж байна гээд нүүр өгсөнгүй.
-Та ч өнөөдөр бүртгүүлж амжихгүй нь дээ?
-Энэ олон хүн нэг цагийн дотор бүртгүүлж дуусна гэж юу байх вэ. Шөнө эндээ хонохоос өөр арга алга.
-Яагаад шалгалтад бүртгүүлж байгаа вэ? Солонгос хэл сайн мэддэг юм уу?
-Анхан шатны мэдлэгтэй. Шалгалтаа өгөх хүртлээ сургалтад сууна даа.
-Монголдоо ажиллаж болохгүй нь үү?
-Би ажил хийдэг. Гэхдээ ажлынхаа хажуугаар ингээд л явж байна. Тэнцчих ч юм билүү.
Бидний хооронд ердөө л ийм яриа болсон бөгөөд тэрбээр буцаад дугаартаа орохоор олсон доогуураа шургаж одсон.
Уг нь тус хэлтсийн таван бүртгэгч ажиллаж 16:00 цагийн байдлаар 400 иргэн бүртгэсэн гэнэ. Уг нь тэд 1,400 хүн л бүртгэх аж. Харамсалтай нь бүртгэлийн тоо хязгаартай, иргэдийг бүртгэж байгаа боловч гадаа нь зогсох хүмүүс дундрах биш харин ч ундарсаар л байв. Дугаарлах иргэдэд аарц, халуун цай зарах сэргэлэн бизнес ч энд өрнөнө. Бас болоогүй ээ 8,000 иргэн хамрагдах сүр дуулиант шалталтад бэлтгэнэ гэсэн Солонгос хэлний сургалтын төв сурталчилгааныхаа хуудсыг тарааж байгаатай ч таарав. Энд дугаарлаж байгаад бүртгүүлчих юм шиг сэтгэж, шөнө, өдөргүй төмөр хашааны багана налан зогсох зуу, зуун залуусыг харахад бас л эмзэглэмээр.
ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН НЬ СОЛОНГОСТ АЖИЛЛАХ БАТАЛГАА БИШ
Хэлний шалгалтад тэнцэх нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэх зөвхөн нэг шалгуур. Гэтэл бүртгүүлэх гээд хонон өнжин дугаарлах иргэд энэ нь Солонгост ажиллах баталгаа болохгүйг ойлгохгүй байгаа бололтой. Өнгөрсөн жил шалгалтад тэнцсэн иргэдээс Солонгосоос ажлын санал ирэлгүй өнөөг хүртэл хүлээгдэж байгаа аж.
Энэ жил бүртгүүлэхээр очиж буй хүн бүр шалгалтын хураамж болох 24 ам.доллартай тэнцэх төгрөгийг тушаасан баримтаа заавал авчирна. Өөрөөр хэлбэл, 59,304 төгрөгийн хураамжийг төлж шалгалтаа өгнө гэсэн үг. Дээрээс нь хэлний мэдлэггүй иргэд Солонгос хэлний сургалтад нэг cap суух төлбөр хамгийн багадаа 100 мянган төгрөг байгаа гэж үзвэл 160 мянган төгрөгийг өлхөн зарцуулах нь. Тэглээ ч эхний 1,500-д багтах эсэх нь үнэхээр л тэр өдрийн тэнгэр мэдсэн хэрэг. Нэг хүнээс 24 ам.доллар гэж бодохоор 8,000 иргэнээс 192 мянган ам.доллар буюу одоогийн 2,468 төгрөгөөр бодоход 474 гаруй сая төгрөг болж байна. Энэ мэдээж бүртгэл болоод шалгалтын үйл ажиллагаатай холбоотой зардал гэнэ.
Юутай ч энэ жил иргэдэд хүндрэл үүсгэхгүйн тулд цагдаагийн тодорхойлолт болон бусад баримт шаардахгүй. Гэхдээ худал мэдүүлснээс үүсэх зардал, хохирлыг иргэн өөрөө хариуцна. Шалгалтын бүртгэл өнөөдөр үргэлжилж, маргааш бүх нийтийн амралтын өдөр учраас өнжөөд, 9-нд бүртгэх юм.
Бүртгэлд Солонгос улсад ажиллах хүсэлтэй 1977 оны гуравдугаар сарын 7-ноос 1999 оны гуравдугаар сарын 6-ны өдөр төрсөн иргэд бүртгүүлэх боломжтой. Хорих ял эсвэл түүнээс хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх гэсэн шаардлагыг тавьж байгаа гэнэ.
Бүртгүүлэхээр ирэхдээ:
- Бүртгэлийн маягт \Бүртгэл явагдах газраас иргэдэд үнэгүй олгоно\ Бүртгэлийн маягтыг англи хэл дээр гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт,
- 3.5 х 4.5 см хэмжээтэй хоёр хувь өнгөт цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх),
- Шалгалтын хураамж болох 24 ам.доллартой тэнцэх төгрөгийн Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авчирна. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбар авахгүй) Төлбөрийг зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд төлнө.
Шалгалтын хуваарийг энэ сарын 27-ны өдөр Хөдөлмөр, Халамж үйлчилгээний ерөнхий газрын hudulmur-halamj.gov.mn сайтаар зарлах ажээ.
URL: