Ардчилсан нам ахиад алдах уу
Төр хийгээд улс төрийн нам ямар муу, муухай болсныг цэцэн мэргэнээр оношлон, иргэдийн жигшил, зэвүүцэл дунд түүнийгээ хэлэлцүүлж яваа улстөрчид үүнийхээ архитектур нь өөрсдөө гэдгээ үл мэдэх нь үнэхээр өрөвдөлтэй.
Улс төрийн намууд ямар төлөвшил, соёл, чадамжтай байхаас төр ямар байх нь шууд хамаардгийг олон нам бүхий парламентын тогтолцоонд шилжсэн сүүлийн хорь гаруй жилд монголчууд хангалттай харж, хангалттай ойлголоо. “Ямар ард түмэн байна, тийм л төр байна” гэдэг үгийг эш татах нь олонтаа болсон ч уг нь “ямар нам байна, тийм л төр байна” гэж дүгнэх нь илүү дөт бөгөөд шударга байх.
Аливаа шатны сонгуулиар иргэд саналаа өгч, сонголт хийж төрөө байгуулдаг ч тэндээс гарч буй бодлого, шийдвэр дутуу дулим, харалган сохор, шударга бус байсны төлөө тэрхүү сонголтыг хийсэн ард түмний буруу болж хувирах нь юу ч билээ. Харин тэдний өмнө сонголтыг тавьж өгч буй улс төрийн намууд өөрөө өөрсдийгөө шүүн цэвэршүүлэх үйл явцыг өрнүүлж, ёс зүйн хэм хэмжээс, хууль эрх зүйн хаалт, хашилтад орох эрмэлзэл, эр зоригийг гаргахгүйгээр төрийг өөрчлөх боломжгүй биз. Зүгээр л сайн, муугийнхаа дүнг сонгуулиар хүртээд өнгөрөх нь үнэндээ хангалттай цэвэрлэгээ биш аж.
Төрийн эрх барьж байгаад буусан улс төрийн намын дарга нь өөрт хамаарах 17 тэрбумын тендер мэтийн асуудлаар үг дүүгүй хуулийн байгууллагад шалгуулахаа зөвшөөрдөг, эрх барихаар шинээр сонгогдсон намын дарга нь төрийг худалдан авах 60 тэрбумын санаархлынхаа талаар шалгуулж чаддаг болсон цагт ТӨР цэвэр, тунгалаг, ухаалаг болох байх.
Төр хийгээд улс төрийн нам ямар муу, муухай болсныг цэцэн мэргэнээр оношлон, иргэдийн жигшил, зэвүүцэл дунд түүнийгээ хэлэлцүүлж яваа улстөрчид үүнийхээ архитектур нь өөрсдөө гэдгээ үл мэдэх нь үнэхээр өрөвдөлтэй харагдана. Үргэлж тэгж боддогоо үе үе иргэддээ гайхуулах тийм “синдром” бүхий мөчлөг сонгуулиудаар давтагдаж, жүжиг дахин дахин тоглогдоно. Одоо “тоглолтын” шинэ мөчлөг буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн угтал хэсэг мөдхөн эхлэх байх.
Харин өмнөх “тоглолтын улирал” Ардчилсан намын даргын сунгаагаар дагнан өрнөсөн билээ. Хаврын сонгуулиар хуйгаараа ханаран унасныхаа дараа Ардчилсан намаа ямар муухай болсныг дээр дооргүй ярьж эхэлсэн ч эцэстээ энэ намыг тийм болгосон хүмүүс нь гэмээ хүлээх биш харин ч эсрэгээ гэмээ бусдад нялзааж, эзэн биегүй баахан шүүмжлэлээр иргэдийг булж, эгэл жирийн гишүүдээ агсарч загнаснаар сунгаа дууссан сан. Намын даргаар найман жил ажилласны дараа намаа шинэчлэх сунгаанд нэр дэвшээд явж байсан Н.Алтанхуягийг ойлгох ухаан олон хүнд дутсан байх. Одоо дахиад намаа төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч болно гэсэн итгэл үнэмшлээр өдөөгдөж буй түүнийг ойлгох ухаан мөн олон хүнд дутах биз.
Ардчилсан намын эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилийн алдаа үнэндээ хэдхэн хүний “бүтээл” байсан юм. Намын дотоод ардчиллыг хаасан Н.Алтанхуяг, З.Энхболд нар, амин хувийн үзлээ дээгүүр тавьж Тавантолгой, төмөр замын төслийг тээгэнд оруулсан Х.Баттулга, тэдгээрийг тойрон хүрээлсэн хийгээд талцаж маргасан бүлэглэлүүд бүгд Ардчилсан намд ч, төрд ч, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ч хохирол авчирсан гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрөхөөр хангалттай хугацаа өнгөрлөө.
Аливаа маргаантай асуудалд хэн илүү ухаалаг нь бурууг хүлээдэг гэсэн философи байдаг. Энэ үнэн бол Ардчилсан намыг унагахад, гутаахад хэн удирдагч нь байсан тэр лидер нь түрүүлж буруугаа хүлээх нь ёс суртахуун. Тэр тусмаа нийгэмд зөв жишгийг тогтоох, манлайлал үзүүлэх ёс суртахууны хэм хэмжээ болж таарна. Гэвч харамсалтай нь тэд өдгөө хонины арьс нөмөрчихөөд хууль дүрэм, шударга ёс ярьж, хувилгаан дүрд тоглож байх аж. Өөрийгөө өч, төчнөөн дүрд хувилгасаар олон жил амьдарсан улстөрчид ганцаараа байхдаа “чухам аль нь би вэ” гэж айдаст автмаар худал хуурмагаар дүүрсэн гэлтэй. Сонгууль бүрээр сайхан дүрд хувилж, сайныг ярих атлаа албан тушаалд очихоороо ашиг сонирхлын зөрчил, авлига хахууль, алдаа завхралын амь жишээ болдог улстөрчид хэтэрхий олон юм даа. Тэд улстөрөөс явах биш харин улам ахиж, барьцаа лавшруулж, суудлаа дээшлүүлэхээр ичгүүр, сонжуургүйгээр элдэв сайхныг ярих ээлжит сонгуулийн хавар эхэллээ.
А.Алиман
Эх сурвалж: Өглөөний сонин
URL: