АН гурван тусдаа золголт хийж, Завхан хоёр салж мэндчилгээ дэвшүүлэв
Зургийн тайлбар: МҮОНТ-ээр гарсан Завхан аймгийн Засаг даргын мэндчилгээ
Энэ жилийн цагаан сараар АН гурван тусдаа золголт хийж, Завхан аймгийнхан хоёр хуваагдан мэндчилгээ дэвшүүлсэн нь олны ярианы сэдэв болж байна. АН-ын дарга С.Эрдэнэтэй “Шонхор” фракцийнхан голдуу золгосон бол түүнтэй зэрэгцээд “Алтангадас”-ынхан Н.Алтанхуягтайгаа золгов. Харин Х.Баттулга МоАХ-ынхантай тусгай золголт зохион байгуулав. Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нараа “аавынд” шинэлүүлсэн МҮДН-ийн томчууд намынхаа золголтуудад харагдсангүй. Хэрэв Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар хоёр “аавынд” шинэлээгүй бол МҮДН бас л тусдаа цагаан сараа хийх байсан биз. АН-ынхан ингэж тус тусдаа золгосноороо дотроо учраа олоход ихээхэн хүндрэлтэйгээ ард түмэндээ ойлгуулав. Харин МАН-ынхан шинийн гурванд намынхаа байранд бүгд л золголтоо хийлээ.
Үүнээс гадна Завхан гэж “оюунлагаараа” гайхуулсан аймаг бас учраа олохоо байжээ. Цагаан сарын шинийн нэгний өдөр завханчууд хоёр хуваагдан мэндчилгээ дэвшүүлж олны нүдийг орой дээр нь гаргалаа. Бүх аймгийнхан шинийн нэгэнд Монголын үндэсний телевизээр нэгдэж нийлсэн мэндчилгээ дэвшүүлэв. Тэд намаараа, улаан, цэнхэрээрээ талцсангүй. Нутаг нугаараа нэгдэн нийлж эв нэгдлийг эрхэмлэдэг гэдгээ харуулав. Угаасаа ч ийм уламжлал байсаар ирсэн. Харин Завханыхан хот, хөдөөгөөрөө, АН, МАН-аараа талцав. Шинийн нэгэнд явуулсан мэндчилгээгээрээ шүү. Бодвол “оюунлаг” аймаг болохоороо ингэдэг юм болов уу? Шинийн нэгний өдөр “Оюунлаг Завхан” гэж баахан ярив. Аймгийн дарга Д.Батсайхан гэгчийн санаа гэх. Бодоод үзэхээр бусад бүх аймгийг оюунлиг биш, Завхан ганцаараа оюунлиг гэсэн санаа цухуйна. Ийм инээдтэй сурталчилгаанаас залуу үе нь ичмээр санагдах юм.
Цагаан сарын шинийн нэгэнд Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан гэгч орон нутгийн шинжтэй хэдэн гавьяат дагуулж ирээд мэндчилгээ дэвшүүлэв. Тэдний дунд Монголын ард түмэн бүгдээрээ мэдэх хүн нэгээхэн ч байсангүй. Ганцхан дуучин У.Далантайг дуулуулах гэж авчирсан бололтой харагдана. Одоо Завханчууд мэндчилгээ дэвшүүлнэ гэж цэнхэр дэлгэцээ ширтэж байсан үзэгчдэд “давсгүй хоол” шиг жул санагдав. Завханыхан ч өөрсдөө сошиалаар тэгж бичицгээж байна лээ. Бусад бүх аймгийнхан алдартнуудаа хоймор дүүргэн ханхайтал суулгаж байгаад мэндчилгээ дэвшүүлсэн. Ард түмэн ч, тухайн аймгийнхан ч олны танил хүмүүс ямар мэндчилгээ дэвшүүлэх нь вэ? Юу гэж ярих нь вэ гэж хүсэн хүлээдэг. Бүх аймгийнхан уламжлал ёсоор улс төрчид, урлаг, спортынхоо төлөөллийг урьдаг хэвээр байна. Харин ганцхан Завхан тэгсэнгүй. Алдартнуудаа оролцуулсангүй. П.Очирбат, Н.Багабанди ч бараагаа харуулсангүй. Завхан нутгаас сонгогдсон УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, гишүүн З.Нарантуяа нар ч байсангүй. Завханаар овголдог Д.Хаянхярваа, сайд Д.Оюунхорол нарыгаа ч, урлаг спортынхоноо ч оруулсангүй. Бас Завханы харьяат олон сайхан залуус бүх салбарт хүч түрэн гарч ирж байгаа. Тэдний бараа ч байсангүй. Учир шалтгааныг нь лавлатал Завханы зарим хүмүүс монгол телевизэд мөнгө төлөөд зөвхөн орон нутгийнханаа оруулна. Бусдыг нь оруулахгүй гэж тохирсоноос бүх зүйл үүдсэн гэсэн яриа нэылээд тархжээ. Ийм яриа Улаанбаатар хот дахь Завханыхан дунд ам дамжин түгж эхэлж. Үүнээс үүдсэн үү, эсвэл ойлголцохгүй байсан уу Улаанбаатар хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөл тусдаа мэндчилгээ дэвшүүлэв.
Шинийн өдрүүдэд Өлзий телевизээр “Цаст Очирваанийн цагаан сар” гэсэн нэвтрүүлэг гарч Завханы алдартнууд нутгийнхандаа, ард түмэндээ зориулж мэндчилгээ дэвшүүлцгээв. Улаанбаатар дахь Завханы алдартнууд энд харин хуран цугларав. Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга “Сонор трейд”-ийн Б.Энхболд, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Завхан аймгийн үе үеийн засаг дарга нар, Улаанбаатар хот дахь сумуудын нутгийн зөвлөлийн дарга нараас гадна Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Очирбат, Балхаажав гуай, Ардын багш Маам, Мамбадацан хийдийн хамба лам Д.Нацагдорж, Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн, өнгөрсөн оны шилдэг эрдэмтэн Д.Дэмбэрэлнямба, гавъяат Л.Дэмидбаатар, Улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Улсын начин У.Балжинням гээд бүх л салбарынхан нийлж байгаад нутаг орныхондоо мэндчилгээ дэвшүүлж, хийж бүтээсэн, хийх зүйлсээ ярив.
Ийнхүү Завхан нутгийнхан хоёр хуваагдаж, хоёр өөр телевизээр нэгэн цагт зэрэг мэндчилгээ дэвшүүлж зон олондоо сюрприз барив. Хэн ч тэднийг сайхан байна гэсэнгүй. Эв нэгдлийн, уламжлалт цагаан сараараа “энэ Завханыхан яаж байгаа юм болоо” гэж гайхацгааж өнгөрөв. Бусад аймгийнхан шиг нэгдэн нийлж суугаад мэндчилгээ дэвшүүлчих ухаан дутлаа. Өөрсдийгөө ч, нутаг орныхоноо ч муухай харагдуулав. Шалтгаан нь 2020 оны сонгуулиар аймгийн засаг дарга Д.Батсайхан, нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболд хоёр тулна. Тиймээс эртнээс нууц товчоон дээр гардаг шиг “хонь, үхэрийнхээ нүүдлийг дагаж” салчихаад Завханчуудаа хуваагаад байгаа бололтой. Ирэх жил иймэрхүү сюрпризээ больчихоод бусад аймгийхан шиг нэгдэн нийлж байгаад мэндчилгээ дэвшүүлчихвэл зүгээрсэн. Тийм ухаан “оюунлаг Завхан”-чуудаас гарах болов уу?
Б.Анир
zaluu.com
Өлзий ТВ-ээр гарсан Завхан аймгийн нутгийн зөвлөлийнхний мэндчилгээ
“Алтангадас” фракцын золголт
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ жижигхэн улс аймаг жалгаараа талцаж, хуваагдаж туйлширахаа болих цаг болсон баймаар юм. Улам л тэнэгтрээд байх юм. Эсвэл аль нэг орон, тусгай хүчнүүдийн ашиг сонирхол байгаад , үйлчлээд ийм байдлыг дэвэргээд байж мэдэх юм шүү. Өөрөөр яаж ч тайлбарлаж болохгүй байна аа..
Энэ жижигхэн улс аймаг жалгаараа талцаж, хуваагдаж туйлширахаа болих цаг болсон баймаар юм. Улам л тэнэгтрээд байх юм. Тэнэгтрэхэд хязгаар байхгүй гэж үнэн юмаа. Эсвэл аль нэг орон, тусгай хүчнүүдийн ашиг сонирхол байгаад , үйлчлээд ийм байдлыг дэвэргээд байж мэдэх юм шүү. Өөрөөр яаж ч тайлбарлаж болохгүй байна аа..
Завханыхан зан сайтай, тусч гэдгээрээ алдартай л байлаа дээр үед…