Менингитийн халдвараар 1 настай хүүхэд эндсэн үү?

6de5c329bc19e8fcdbf9e9568d854c95Энэ сарын 1-ний өдөр Менингитийн халдварын сэжигтэй тохиолдол Улаанбаатар хотод илэрчээ. Тодруулбал, Улаанбаатар хотын СХД-ийн харьяат 1.6 настай  эмэгтэй хүүхэд  39 хүртэл халуурсан, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгаж, нүдний склер шигүү цус харвалттай үүссэн, хэвлий, өгзөг, гуя, духанд цусархаг, үхжсэн тууралт бүх биеэр гарсан гэх оноштойгоор  тухайн өдрийн 16:15 цагт ХӨСҮТ-д хандсан байна.

Гэвч  эмнэлгийн тусламж аваад удалгүй  17:45 цагийн орчим нас барсан байна. ХӨСҮТ  ойрын хавьтал 25 хүнд цепрофлоксацинаар хими сэргийлэлт хийсэн бол  гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч хянаж байгаа гэнэ.  Тандалт судалгаа, шинжилгээг үргэлжлүүлж лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжилж байгаа аж.

Уг өвчний халдвар  хүйтний эрч суларч дулаан орох үед буюу  хаврын улиралд ихэсдэг байна. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь 0-14 насныхан байдаг бөгөөд дархлаа суларсан бага насны хүүхдүүд энэ өвчний халдвар авах эрсдэл өндөр байдаг аж.

Энэхүү өвчин нь менингококк гэдэг вирусаар халдварладаг  бөгөөд  халдвар авсан үед үнэрлэх эд, эрхтэн болон цусаар дамжин төв мэдрэлийн системд халддаг. Халдварын шинж тэмдэг нь тайван бус болох, өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрахгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болох, дагзны булчин хөших, шөрмөс татаж, үе мөч салганах зэрэг шинж  тэмдэг илэрдэг байна.

Өвчний хоёроос таван хоногт их хэмжээний үсэрхийлсэн тууралт, цөөн тохиолдолд бэржрүүт тууралт үүснэ. Тууралт нь од хэлбэртэй ихэнхдээ өгзөг, их биеийн хажуу хэсгээр гардаг. Зарим тохиолдолд өвчний эхний өдрөөс менингитийн шинж рүү шилжиж  эмнэлзүйн шинж 24 цагийн дотор илрэх бөгөөд эмчилгээ хожимдвол  амархан хүндэрч амь насанд эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг аж.

Б.Сондор
zuv.mn

URL:

Сэтгэгдэл бичих