БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙД НЭГ ӨДӨРТ БАГТААЖ ЦАГААН ДАРА ЭХ БУРХНЫГ БҮТЭЭНЭ

17105628_1317138928370574_1083543323_n-335x480Богд хааны ордон музей нь 2013 оны хаврын эхэн сарын шинийн 8-наас эхлэн Цагаан дара эх бүтээх уламжлалт үйл ажиллагааг сэргээн “Нэг өдрийн цагаан дара эх” нэртэй бурхан бүтээх үйл ажиллагааг зохион байгуулаад эдүгээ тав дахь жилтэйгээ золгож байна.

Эл үйл ажиллагаанд зураач Т.Жамьянсүрэн болон “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн шавь нар оролцож Өндөр гэгээн Занабазарын тигээр тухайн өдөрт нь багтаан бүтээсэн юм.

Эдүгээ уг үйл ажиллагааны цар хүрээ улам бүр өргөжиж музейн зүгээс жил бүр тогтмол зохион байгуулагддаг томоохон үйл ажиллагааны нэг болоод байна. Энэ жил тус үйл ажиллагаанд зураач Т.Жамьянсүрэн болон, СУИС-ийн Дүрслэх Дизайн урлагийн сургуулийн Уран зургийн тэнхим хамтран тус сургуулийн төгсөх ангийн оюутнууд оролцож буйгаараа онцлогтой юм.

Мөн энэ жил үйл ажиллагааг Соёлоор гийгүүлэхүй ТББ ивээн тэтгэж хамтран зохион байгуулж байна. Жил бүрийн шинийн наймны Цагаан дара эх бүтээх үйл ажиллагааны үеэр хамтатган музейн сан хөмрөгт буй Цагаан дара эх бурхдаар үзэсгэлэн гаргадаг уламжлалтай.

17091385_1317138788370588_1527922589_o

2013, 2014 онд зөвхөн Өндөр гэгээний тигээр XX зууны эхэн үед уламжлал ёсоор нэг өдөрт бүтээсэн Цагаан дара эх бурхдын хөргүүдээр үзэсгэлэн гаргаж байсан бол 2015, 2016  онд шинийн наймны Нэг өдрийн Цагаан дара эх үйл ажиллагааны үеэр тус музейн сан хөмрөгт хадгалагддаг Цагаан дара эх бурхадын олон янз арга барилаар урласан шүтээн дүрүүдийг дэглэн үзүүлсэн юм.

Тэгвэл энэ жил Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг XIX-XX зууны эхэн үед хамаарах 50 гаруй Цагаан дара эх бурхны шүтээн дүрийг дэлгэн толилуулах юм. Бид та бүхэнд Дэлхийн Бурханы шашны урлагт жинтэйд тооцогдох Өндөр гэгээний дэг сургууль, Их Хүрээ хийц, түүнчлэн Долнуур, Төвөд, Хятад хийцийн аргаар бүтээсэн танка зураг, зээгт наамал, загал зураг, цутгамал, хөөмөл, шуумал, бар зэрэг дүрслэлийн олон арга барилаар бүтээсэн нандин шүтээнүүдийг нэгэн дороос харьцуулан үзэх боломжийг олгож байна.

Цагаан дара эх бурхан бүтээх үйл ажиллагаа, үзэсгэлэн Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 9-ний буюу 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 11:00 цагаас Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд та бүхнийг уг үйл ажиллагаанд морилон саатахыг урьж байна.

ЦАГААН ДАРА ЭХ БУРХАН

Монголчуудын дунд хамгийн түмээмэл дэлгэрсэн бурхны нэг нь долоон мэлмийт Цагаан дара эх бурхан билээ. Цагаан дара эх бол эмэгтэй дүрийн амирлангуй зөөлөн дүртэй бурхан бөгөөд нас ивээгч буюу урт насны бурхан хэмээн нийт даяар зохилон шүтэж ирсэн түүхтэй. Цагаан дара эх магнай, мутрын алга, хийгээд бойвны улнаа билгийн долоон мэлмийтэй саран мэт цагаан лагшнаасаа хэмжээлшгүй гэрэл цацруулан, 16 настай үзэсгэлэнт охины дүрээр дэлбээлсэн цагаан бадам цэцгийн мандал дээр очир завилгаа суудлаар заларч, зүүн мутартаа ариун дээдийн бэлгэдэл цагаан бадам цэцгийг чимхэж,  баруун мутраар дээдийн өглөгийн мутарлага үйлдэн зөөлөн харцаар хамаг амьтныг ариусган буйгаар үзэгдмүй.

ЦАГААН ДАРА ЭХ БУРХНЫГ БҮТЭЭЖ ИРСЭН УЛАМЖЛАЛ

Орчин цагийн Монголын бурхан шүтээний үзмэр бүхий музейнүүдэд хамгийн түгээмэл хадгалагддаг бурхан бол Цагаан дара эх юм. Тэдгээр Цагаан дара эхүүд хэлбэр хийцийн хувьд олон янз, ялгаатай бөгөөд олон үндэсний, олон сургууль дэгийн бурхадыг бид эндээс харж болно. Энэ бол Монголчууд Жагар, Балба, Төвд, Дайчин улстай шашин соёлын нягт  нарийн холбоо харилцаатай байсан төдийгүй Монгол лам нар Балба Төвдөд сурч боловсрохдоо тухайн газар орны дэг сургуульд суралцаж бүтээл туурвилын арга барилыг нь эзэмшиж түүнийхээ дагуу тасралтгүй туурвиж байсны үр нөлөө буй за. Олон алдартай бурханч нарын цутгамал, шуумал, танка зургийн бүтээлүүд уламжлан ирсэн байдаг боловч тэдгээрийн дотор ур хийцийн охь болсон нь Өндөр гэгээний дэгээр урласан Цагаан дара эх бурхны хөргүүд болно.

Цагаан дара эх бурхныг монголын нэрт соён гэгээрүүлэгч Андхугаар богд Өндөр гэгээн Занабазар өөрийн мутраар цутгаж урласан дүр нь өнөө бидний үед уламжлан ирсэн төдийгүй монгол бурханч нар Өндөр гэгээний тигээр Цагаан дара эхийн хөргийг саяхан болтол туурвисаар иржээ. Энэ тухай нэрт зураач Д.Дамдинсүрэн абугай “Г.Занабазар бол уран барималч , лав хүрлийн уран цутгуурч болохоос гадна зургийн уран бүтээлч байсан байна. Түүний зурсан 45х35 см хавтгай дөрвөлжин буюу үзүүр тохой хэмжээтэй “Цагаан дара эхийн” загвар зургаар Их хүрээнд 1924 оныг дуустал сар бүрийн шинийн найманд “Цагаан дара эхийг” өдөрт нь багтааж  зурж бүтээдэг албан ёсны уламжлалтай байсан бөгөөд тэрхүү бүтээлүүдээс манай музейнүүдэд болон бусдад мэр сэр байдаг л юм” хэмээн тэмдэглэсэн нь бий.

Д.Дамдинсүрэн гуайн дээр дурдсанчилан Өндөр гэгээний тигээр нэг өдөрт бүтээж байсан Цагаан дара эхийн хөргүүдийг Өндөр гэгээний дэг сургуулийн айд шууд хамаатуулан үзэх бүрэн боломжтой юм. Угтаа Өндөр гэгээний дэг сургууль  Монголд Өндөр гэгээний үеэс эхлэн ХХ зууны эхний хагаст сүм хийд хаагдаж шашны үйл ажиллагааг хорьсон цаг үеийг хүртэл 200 гаруй жил тасралтгүй хөгжиж ирсэн уламжлалтай ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих