Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэгсдийн өнгө
Намрын ээлжит бус чуулганы сураг, Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан эхэллээ. Монголчуудын хувьд ирэх дөрвөн жилийн улс орны эв нэгдлийн билэгдэл хэн байхаас ихээхэн зүйл шалтгаална гэж үзэж буй. Тиймээс зургадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд улстөрийн намуудаас хэн хэн нэр дэвших вэ гэдэгт анхаарлаа хандуулан, оюун ухаандаа дэнсэлж суугаа биз.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр намын сунгаандаа нэрээ дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор зарласан нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байлаа. Тэгвэл өчигдөр Э.Бат-Үүл намынхаа золголтын үеэр энэ тухайгаа мэдэгдэв. Одоогоор албан ёсоор зарласан нь энэ хоёр. Н.Алтанхуягийн хувьд байнгын хардалт сэрдэлт дунд сөрж яваа нэгэн. Байцаалт баривчилгаа бүр түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн оролдлого хэмээн мэдэгдсээр байгаа. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ бүхний цаана байна. Улстөр, эдийн засгийн олигархи бүлэглэлийн толгойлогч мөн. Тиймээс улс орноо эд нараас цэвэрлэнэ хэмээн хатуухан мэдэгдсэн. Үүнийхээ төлөө өнөөдөр ч байцаагдаж дарамтлуулж явна гэдгээ хэлсэн.
Э:Бат-Үүлийн хувьд бас барцадтай яваа. Нэг хэсэг С.Зориг агсны хэрэгт яллагдагчаар татагдав. Уг хэрэг нь хэрэгсэхгүй болсон ч хүү Чулуудайгийнхаа хамт гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудалд ээрэгдсэн. Сар шинийн өмнө хүүгийнхээ хамт хоригдсон хэмээн дуулианд өртсөн. Энэ бүхнийг үгүйсгэж мэдэгдэл хийв. Хамгийн сүүлд нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо зарлалаа.
АН-ын нэр дэвшигчид ингээд зогсохгүй. Р.Амаржаргал, саяхан намынхаа гишүүнчлэлийг сэргээсэн Б.Жаргалсайханы нэр нэр дэвшигчдийн дунд байнга яваа. Тэднийг хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэж үзэж байхыг үгүйсгэхгүй. Р.Амаржаргал гишүүний хувьд өөрөө нэр дэвшихгүй гэж нэгэнтээ хэлсэн ч намын, журмын нөхөд нь дэмжвэл үгүй гэхгүй гэж байгаа. Б.Жаргалсайхан ардчиллын анхдагчдын нэг. АНУ-д Трамп ялалт байгуулж байхад Монголд бас нэг бизнесмэн Ерөнхийлөгч болохыг үгүйсгэхгүй гэсэн битүүхэн горьдлоготой яваа. Дээр нэр дурдсан улстөрчдийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд ширүүхэн өрсөлдөгч нар. Гэхдээ нэр дэвшигчид энэ гурваар хязгаарлагдахгүй бололтой. Араас нь УИХ-ын гишүүн Л.Болд, асан Г.Батхүү нарын нэр дуулдаад байгаа. Албан ёсоор нэр дэвшихээ зарлаагүй ч битүүхэндээ бэлтгэлээ базаагаад яваа сурагтай.
Харамсалтай нь энэ хоёр эрхэмд найдвар тун муу байх магадлалтай. Мөнгөтэй ч нэр хүнд, зангараг дутана гэж журмын нөхөд нь жиг жуг хийлцэх.
Ямар боловч АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа намын даргын сунгааны дайтай олон өрсөлдөгч оролцох нь. Багц болон таван сум атган улс орноо тойрон мөрийн хөтөлбөрөө танилцуулж, бусдаасаа илүү гэдгээ таниулах их аянд гарна. Эндээс харахад АН-аас нэр дэвшигчийг тодруулах сунгаа их сонирхолтой болох нь.
Харин МАН-аас нэр дэвшигч нь албан ёсоор зарлаагүй ч бараг тодорхой болсон. УИХ-ын дарга М.Энхболд өрсөлдөгчгүйгээр тодрох нигуртай. Түүний хүчтэй өрсөлдөгчөөр хэн тодрохыг хүлээж байгаа болов уу.
time.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЗӨВ ШҮҮ