Сар шинийн баярын өдрүүдэд автын ослоор 14 хүн амиа алджээ
Сар шинийн баяраар буюу битүүн, шинийн 1,2,3-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1144 дуудлага мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй 910 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн. Дээрх тоон мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дуудлага мэдээлэл 46,9 хувиар, зам тээврийн осол 31,3 хувиар, гэмтсэн хүн 18 нэгжээр буюу 27,2 хувиар тус тус буурч, амь нас нь хохирсон хүний тоо 8 нэгжээр буюу 2,3 дахин өссөн судалгаа байна. Зам тээврийн осолд 9 хүүхэд өртжээ.
Орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийг шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 3, явган зорчигч мөргөсөн хоёр хэрэг бүртгэгджээ. Тухайлбал 2017.02.26-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газраас Дарханы чиглэлд H.5ton маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Corolla маркийн автомашинтай мөргөлдөж 2 том хүн, 2 хүүхдийн амь нас хохирсон. Мөн өчигдөр /2017.03.01/ Сэлэнгэ аймгийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд асфальтан замд М жолоочтой H.Sonata-6 маркийн автомашин онхолдож зорчигч 17 настай, Э-н амь нас хохирсон байна.
Сар шинийн баярын өдрүүд дуусаагүй үргэлжилж байгаа энэ үед орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн хөдөлгөөн дуусаагүй байна. Иймд иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл байдал, үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв сонгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
О.Сайхан
zaluu.com
URL: