Сар шинийн барилдааны 24 онцлог

608268158b5011575c5e21Монгол түмний уламжлалт хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан бөхийн барилдааныг 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулж иржээ. Энэ онд 54 дэх жилдээ зохиогдож байгаа улсын наадмын дараа орох чансаа өндөртэй барилдааны сонин хачнаас хүргэж байна.

1. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ барилдаанд 13 удаа түрүүлж дээд амжилт тогтоожээ. Түүний 11 т нь завсаргүй түрүүлсэн нь бас нэгэн рекорд юм. Мөн тэрбээр 15 жил дараалан их шөвөгт шалгарч бас нэгэн дээд амжилт тогтоосон. /1988-2002/ Х.Баянмөнх 8, О.Балжинням Д.Сумъябазар нар 7, Ж.Мөнхбат Д.Мөнх-Эрдэнэ нар 6, Д.Цэрэнтогтох А.Сүхбат нар 5 жил дараалан их шөвөгт шалгарч байв.

2. Алдарт хоёр Мөнх аварга 22 настай заан цолтойдоо цагаан сарын барилдаанд түрүүлцгээж байв. Энэ нь хамгийн залуудаа түрүүлсэн амжилт.

3. Аварга Бээжин арслан цолтой байхдаа гурван удаа үзүүрлэжээ.

4. Д.Цэрэнтогтох 5 удаа үзүүрлэжээ. Д.Сумьяабазар 4 удаа үзүүрлэснээрээ түүний араас бичигдэнэ. Ер нь Өвөрхангайн бөхчүүд нийт 13 үзүүр авсан нь аймгуудын дээд амжилт юм. Өвөрхангайчуудын үзүүрлэсэн амжилт үүгээр дуусахгүй Д.Сумъяабазар 3 жил дараалан үзүүрлэсэн нь бас л дээд амжилт.

5. 1963, 1967, 1988, 2008, 2011 онуудын барилдаанд их шөвөгт аварга цолтон шалгарч байсангүй. Мөн Аварга цолонд хүрээгүй зургаан бөх түрүү авсан нь Ч.Өвгөнхүү, Б.Ганбат, И.Доржсамбуу, Л.Сосорбурам, Ш.Мөнгөнбаатар, Ч.Санжаадамба нар юм.

6. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын аваргууд анх түрүүлэхдээ заан цолтой байв.

7.Улсын начин цолтой түрүүлсэн хоёр бөх байдаг нь хоёулаа Алдарынх юм. Тэд бол гавьяат дасгалжуулагч Ч.Өвгөнхүү, ардын багш О.Балжинням нар билээ.

8.Улсын цолгүй байхдаа түрүүлсэн анхны бөх бол Чимэдрэгзэнгийн Санжаадамба юм. Тэр цэргийн хурц арслан цолтойдоо түрүүлж, бага наадмын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Мөн тэр урд өдөр нь буюу аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд нь бас түрүүлчихсэн байлаа. Санжаадамбын хойтон жил Шарын Мөнгөнбаатар улсын олон цолтонг орхин түрүүлж амжилтыг нь давтав.

9.Энэ барилдаанд Х.Баянмөнх хамгийн олон удаа буюу 18 удаа их шөвөгт үлджээ. Б.Бат-Эрдэнэ 17, Ж.Мөнхбат 12, Д.Цэрэнтогтох 11 удаа их шөвөг буюу түүнээс дээш шалгарч барилдаж байв. Тэднээс өөр 10 -ын босгыг алхсан хүн байхгүй байна.

10.Улсын баяр наадамд 17 удаа шөвгөрч арслангуудаас дээд амжилт тогтоосон Уламбаярын Мижиддорж ганц удаа буюу 1967 онд л их шөвөгт шалгарч байжээ.

11. Улсын цолгүй байхдаа үзүүрлэсэн хүчтэн бол Батжаргалын Ганбат бөгөөд түүнээс хоёр жилийн дараа Ц.Магалжав үзүүрлэж байв. Харин хамгийн анх, улсын цолгүй байхдаа их шөвөгт шалгарсан хүчтэн бол Алтайн Дугарын Нэмэхбаяр юм. Нэмэх начин 1981 онд гурван дархан аваргатай үлдэж дуулиан тарьж байв. 2008 онд Ширбазарын Жаргалсайхан өнгөрсөн хоёр жилийнхээ түрүү бөхчүүдийг орхин шөвгөрч Нэмэхбаяр начингийн амжилтыг давтжээ. Ганбатаас бусад нь тэр жилээ улсын цолонд хүрч чадаагүй юм.

12.Баянхонгорын Ж.Чулуунбат 2011 онд Д.Нэмэхбаяр начин, Ш.Жаргалсайхан нарын амжилтыг давтан тэр жил түрүүлнэ гэгдэж байсан Санжаадамбыг орхин их шөвөгт шалгарч байлаа.

13. Хоёр Мөнх аваргууд дөрвөн удаа тэргүүн байр булаалдаж гуравт нь бага Мөнх нь орхиж байв. Бат-Эрдэнэ Балжинням нар гурван удаа үзүүр түрүүнд шалгарч бүгдэд нь Бат-Эрдэнэ орхижээ.

14.Б.Бат-Эрдэнэ 14 удаа тэргүүн байрын төлөө шалгарч байв. Түүний 13 т нь түрүүлсэн юм. Х.Баянмөнх 10 удаа, Ж.Мөнхбат 9 удаа, Д.Цэрэнтогтох 8 удаа үзүүр түрүүнд шалгаран үлдэж байжээ.

15.Одоогийн байдлаар Хэнтий 13 түрүү, Төв 12 түрүү, Увс 11 түрүү, Өвөрхангай 5 түрүү, Архангай 4 түрүү, Булган 2 түрүү, Сүхбаатар 2 түрүү, Хөвсгөл, Сэлэнгэ нэг түрүү аваад байна.

16.Нийт 19 бөх л энэ наадмуудын түрүүг хуваан авчээ.

17. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ улсын баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа давтагджээ. Хамгийн сүүлийн жишээ нь Г.Эрхэмбаяр аварга билээ.

18. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхийг орхисон бөх тэр жилдээ түрүүлсэн тохиолдол 11 удаа гарсан.

19. Харин цагаан сараар түрүүлсэн бөх улсын наадмаар үзүүрлэсэн тохиолдол 8 удаа гарч байв. Мөн үзүүрлэсэн бөх үзүүрлэсэн тохиолдол 11 удаа давтагджээ.

20. Цагаан сараар их шөвөгт үлдсэн жилээ түрүүлсэн тохиолдол 5 удаа байгаа нь Ч.Бээжин 70 онд, 81 онд Х.Баянмөнх, 84 онд Д.Цэрэнтогтох, 2000 онд А.Сүхбат, 2008 онд До.Ганхуяг.

21. Үзүүрлэсэн бөх улсын наадмаар түрүүлсэн тохиолдол Ж.Мөнхбат 66, 74 онуудад, Х.Баянмөнх 68 онд, Б.Бат-Эрдэнэ 99 онд, 2006 онд Д.Сумъяабазар • Сар шинийн барилдаанд 1986 онд Хадбаатар гурвын даваанд Гочоосүрэн заанд унасан жилээ улсад түрүүлэв. 91 онд Балжинням /Бат-Амгаланд/, 2007 онд Мөнхбаатар /Т.Амартүвшинд/ нар дөрвийн даваанд унасан жилээ улсад түрүүлцгээжээ. 2002 онд Өсөхбаяр /Д.Сумъябазарт/, 2004 онд А.Сүхбат /И.Доржсамбууд/, 2010 онд Ганбат /Ч.Санжаадамбад/нар зургаагийн даваанд унасан жилээ түрүүлцгээжээ.

22.1965, 1967, 1969, 1971, 1973, 1976, 1980, 1985, 1987, 2003 онуудад цагаан сараар барилдаагүй бөхчүүд улсын наадамд түрүүлжээ.

23. Улсын начин цолтойдоо үзүүрлэсэн гурван бөх байдаг нь Л.Дашдаваа, Ё.Ишгэн, Ду.Батбаяр нар бөгөөд Ишгэн үзүүрлэдэг жилээ заан цолны эзэн болжээ.

24. Начин цолтой их шөвөгт үлдээд тэр жилээ заан болсон бөхчүүд бол П.Дагвасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Баяраа, Ч.Бямбадорж нар юм.

Эх сурвалж: 24tsag.mn

URL:

Нэр: Зочин Огноо: 3 March 2017

Аймгийн арслан Хангай 2 удаа үзүүрлээд байгаа энэ бас нэг онцлог байх.

Нэр: Anonymous Огноо: 3 March 2017

hangai yasiin

Сэтгэгдэл бичих