Монголын стратегийн ач xолбогдолтой томооxон төслүүдийг “залгигч” гэx Ноён Шин Руан Гуан
Монгол Улс хөгжиж дэвшихэд хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ стратегийн чанартай томоохон төсөл хөтөлбөрүүдийнхээ санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн зоосны нүхээр харалгүй, төрийн хар хайрцагны бодлогоо барьж ажиллах ёстой гэдэгтэй Монгол Улсын иргэн бүр санал нийлэх болов уу. Тэрчлэн угтах олон жилүүдэд улс орны хөгжилд хөтөч болох ёстой томоохон төсөл хөтөлбөрүүдийг олон өөр нэрний ард нуугдсан ГАНЦ компани монопольдож аваад байгаа нь ямар учиртай вэ гэдэг асуултыг тавихаас өөр аргагүй байдал үүсээд байгааг онцлон хэлье. Учир нь Монгол Улс дахь бүхий л томоохон төсөл хөтөлбөрүүдийг Жин Шан нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ши Гаунг Руан гэх хүн гартаа оруулаад өдийг хүрчээ. Ерэн оны нийгмийн шилжилт өөрчлөлтийн дараахан Хятадаас Монголд ирж суурьшсан тэрбээр өнгөрсөн 26 жилийн хугацаанд бизнесээ чинээнд нь тултал цэцэглүүлжээ.Тэрбээр уул уурхай, банк санхүү, эрчим хүч гэхчлэн боломжит бүхий л салбаруудад том тоглогч болчихоод байгаа юм.
Гол нь Монгол дахь стратегийн чанартай бүхий л төсөл хөтөлбөрүүдийг ямар нэг аргаар гартаа оруулж ирсэн Ши Гаунг Руан нь өөрийн улсынхаа “Синхуа” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа Монгол Улсад бизнесийн томоохон орон зайг эзэлсэн хүн гэх ойлголтыг тодоор өгчээ. “Синхуа” агентлагийн мэдээллээс үзэхэд Ши Гаунг Руаны үүсгэн байгуулсан Монгол Улс дахь Жин Хуа Групп нь уул уурхай, олон улсын худалдаа, банк санхүү, эрчим хүч, байгаль экологи зэрэг 5 том салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зөвхөн эрчим хүчний салбарт 30 тэрбум юаны хөрөнгө оруулалт хийгээд байна. Уг цахилгаан станц нь 3000 МВ-ын хүчин чадалтай Монгол дахь хамгийн том цахиалгаан станц болох юм. хэмээн бичсэн байна. Тэгэхээр 30 тэрбум юань гэдэг бол 4 тэрбум ам.доллар гэсэн үг. Эрчим хүчний салбар бол онцгой салбар. Манай улсын тухайд олон жил яригдсан 5-р цахилгаан станц 450 MB-ын хүчин чадалтай ба ашиглалтанд ороход эрчим хүчний нэмэлт хэрэгцээгээ шийдээд явах бололцоотой байхад ноён Ши Гаунг Руаны Жин Хуа группээс ийм их хэмжээний хөрөнгө гаргаж, өндөр хүчин чадалтай станц барих гэж буй талаарх мэдээлэл яах аргагүй анхаарал татаж байна. Тиймээс уг асуудлын талаар нийтлэлийн сүүл хэсэгт тодотгон өгүүлэх болно.
Ши Гаунг Руаны тухайд Монголын уул уурхайн салбарт ч ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн хүн гэдгээ хятадын хэвлэлд ярьжээ. Тодруулбал, 19 уурхайд хөрөнгө оруулалт хийснээс гадна байгаль орчны асуудал дээр Жиансу мужийн компанитай хамтран Монголын бохир ус цэвэрлэх байгууламжийн төсөл дээр ажиллаж байна хэмээн мэдээлжээ.
Тэгэхээр энд бохир ус цэвэрлэх төсөл гэдэг нь Улаанбаатар хотын Шинэ төв цэвэрлэх байгууламжийн төслийг хэлээд байна уу гэдэг асуудал гарч ирж байна. Өнгөрсөн олон жилд яригдаж ирсэн уг асуудлыг шийдэх хүнээр нөгөө ГАНЦ хөрөнгө оруулагч болох Ши Гаунг Руаныг сонгов уу гэдэг асуулт энд гарч ирж байгаа юм.
Мөн тэрбээр Монгол улсад Орос Монголын хамтарсан банк нээсэн хэмээн ярьжээ. Банк санхүүгийн салбар бол мөн л чухал салбар. Тэрчлэн Монголын банк гэх тодотголтой ч, хөрөнгө оруулалт нь нөгөө л ГАНЦ хөрөнгө оруулагч болох Ши Гаунг Руаны зүгээс угшилтай нэг банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бололтой. Чухам яг аль банк болохыг эргэн сурвалжилж, тодруулж мэдээлэх болно.
Харин одоо Ши Гаунг Руан гэгч хэн бэ гэдэг асуултад хамтдаа хариулт эрье. Монгол Улсад 26 жил амьдарч буй тэрбээр Монгол Улсын паспорттой гэх мэдээлэл байгаа юм. Түүнчлэн Ши Гаунг Руаны хувийн мэдээллийг хүргэж байна.
Ши Гаунг Руан нь 1959 оны 3 дугаар сарын 11-нд төржээ. Монгол улсад суурьшаад удаж буй тэрбээр
Монгол Улс дахь Жин Хуа Группын ТУЗ-ын дарга, Монгол Улс дахь Жин шан нийгэмлэгийн ерөнхийлөгч гэсэн ажилтай. Түүний бизнесийн түүхээс хүргэхэд:
-1990 онд Монгол Хятадын хамтарсан гадаад худалдааны компани байгуулсан.
-2004 оноос өөрийн арьс ширний үйлдвэр Монголд байгуулсан.
-2007 оноос Монголын уул уурхай салбарт орж, ашигт малтмал хайгуулын лиценз, уул уурхайн зөвшөөрөл авч хүдэр, хайлуур жонш, хар тугалга, төмөр, цайр, нүүрс болон бусад металууд олборлох бизнес хийсэн.
-2014 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газартай хамтран Ашгийн бус нийгэмлэг байгуулж, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Шаньси зүүн аж үйлдвэрийн танхим, Монгол Хятадын элчин сайд яамдууд хамтарсан Монгол, Орос, Хятад улсыг хамарсан эдийн засаг хамтын ажиллагааны “Зам” хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Тэгэхээр энэ мэдээллээс үзэхэд Ши Гаунг Руан Монгол дахь бизнесээ өргөжүүлэхийн тулд талуудтай хамтын ажиллагаагаа нэлээд өргөжүүлж ирсэн нэгэн аж.
“Синхуа” агентлаг Ши Гаунг Руаны тухай юу өгүүлэв?
Харин одоо Хятадын мэдээллийн төв агентлаг “Синхуа” Ши Гаунг Руаны талаар чухам өгүүлснийг элдэв нэмэр хачиргүйгээр эрхэм танд хүргэх болно. Тус мэдээлэлд” Ши Гаунг Руан нь 1990 оноос хойш Монголд зах зээл эхлэх үед иржээ. Бүр тодруулбал, Хятад, Монгол, Орос гурван улсын хамтарсан эдийн засаг, гадаад худалдааны хамтын ажиллагааны гурван талт хэлэлцээр хийх үед анх Монголд орж ирж Жин Шан нийгэмлэгээ байгуулан ажилласан байна.
Одоогоор 26 жилийн турш Монгол Хятадтай хамтарсан бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд сайн муугаа үзсэн алдсан оносон олон жилийн туршлага байгаа учир Монголчууд болон Монгол-Хятадын харилцаа, Монгол-Орос, Монгол-Орос-Хятад 3-ын харилцаа, нийгэм эдийн засгийн байдал, гадаад худалдаа, Монгол хүний онцлог сэтгэхүй зэргийг дээд зэргээр сайн ойлгодог. Мөн Монгол-Хятадын гадаад худалдаа хийх дамжин өнгөрдөг газрууд болох Эрээн, Бао то, Хөх хот, Бугат зэрэг газруудыг бас мэднэ. Хэдийгээр Монгол хэл мэдэхгүй ч нэгэн орчуулагчтай анх 1990 оны 8 сард орж ирж байсан. 7 сая юань бараа монголд оруулж ирсэн боловч, Монгол харилцагч болон орчуулагчийн үйл ажиллагаанаас болж 6,4 сая юаний алдагдал хүлээж байсан. Тухайн үед энэ бол их мөнгө байсан. Гэсэн хэдий ч бууж өгөлгүй, бизнесээ үргэлжлүүлэн хөл дээрээ боссон. Энэ үе их хүнд үе байсан гэж тэрээр дурссан” хэмээн өгүүлжээ.
Мөн 2006 онд Ши Гаунг Руан Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулснаараа амжилт олж, 20 сая юаний орлого олсон.Тэгснээр өмнө нь алдаж байсан 6,4 сая юаний алдагдлаа нөхөж авсан тухайгаа “Синхуа”-д ярьж байжээ. Түүнчлэн Ши Гаунг Руан банк санхүү, эрчим хүч зэрэг салбаруудад хөрөнгө оруулан ажиллаж байгаа талаарх мэдээллийг нийтлэлийн эхэнд уншигч танд хүргэсэн билээ.
Харин одоо Ши Гаунг Руаны групп Монголд 30 тэрбум юань буюу 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай цахилгаан станц барих гэж байгаа талаар Хятадын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг хүргэж байна.
Матадын уурхайг түшиглэн байгуулах станцын цаад зорилго нь юу вэ?
Мэдээлэлд “Монголын зүүн аймагт баригдах 3000 MB хүчин чадалтай хамгийн том цахилгаан станц барих асуудлаар уулзалдлаа. Уг төсөлд Шаньси мужийн эдийн засгийг дэмжих хороо, Шаньси Энержи групп Монголын BSU компани хамтран хөрөнгө оруулалт хийж уг станцыг барих юм байна.
Энэ удаагийн эдийн засгийн ууүзалтанд Хятад, Монгол улс харилцан оролцож, БНХАУ-ын талаас Хятадын Шаньси Electric Power компани техник эдийн засгийн тооцоог нь хийсэн байна. Хөрөнгө оруулалтын үнэлгээний шинжээчээр Эрдэнэбилэг гэж нэртэй хүн болон хятадын шинжээч нар оролцлоо гэсэн байна.
Эрчим хүчний Нүүрсээр ажиллах 3000 MB-ын цахилгаан станц нь зүүн аймагт байрлах Матад (Ши Гаунг Руаны Монголд байрлах уурхай) уурхайд давуу талтай болно.
Уг станц нь үйлдвэрлэсэн цахилгаанаа дотоодод нийлүүлэхээс гадна, Бээжин, Тяньжинд цахилгаан худалдаалах, түгээж жилд 5500 цаг, 16,5 тэрбум цахилгаан үйлдвэрлэнэ. Жилд 11 сая тонн нүүрс ашиглах урьдчилсан тооцоо байна” хэмээн бичжээ.
Тэгэхээр эрчим хүчний өндөр хүчин чадалтай энэ станцын төслийг нөгөө л ГАНЦ хөрөнгө оруулагч Ши Гаунг Руан гартаа оруулаад байгаа аж. Эрчим хүчний том төсөл, цэвэрлэх байгууламжийн төсөл, Шивээ овоогийн орд дахь төсөл гэхчлэн олон арван төслийн ард компанийнхаа нэрийг сольсон нөгөө л ГАНЦ хөрөнгө оруулагч Ши Гаунг Руан гэж хүн байгаа нь анхаарал татсан асуудал мөн юм. Гэхдээ манай сайт уг асуудалд дүгнэлт хийх гэсэнгүй. Эрхэм уншигчид маань мэргэн ухаандаа тунгааж, нэгийг бодож байгаа болов уу гэж бодож байна. Улс орны стратегийн эрх ашигтай холбоотой төсөл хөтөлбөрүүд нэг л компаний, нэг л хүний гарт очоод байх нь зөв үү. Эргээд үүсэх сөрөг асуудлууд юу байж болох вэ? Хамтдаа анхаарал хандуулъя. Хамтдаа эргэцүүлье!
http://www.mggjs.org/index.php?c=article&id=179
http://www.mggjs.org/index.php?c=article&id=199
http://shanghui.china.com.cn/tp/981.jhtml
http://sx.people.com.cn/n2/2016/0328/c189132-28029762.html
Нийгэмлэгийн талаарх мэдээлэл:
http://www.mggjs.org/index.php?c=article&a=type&tid=33
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Нямдоржид хэлээд хураалгая