Т.Алтаншагай: Бат-Ялалт хэнээс мөнгө авсан, Учрал оролцсон үгүйг би мэдэхгүй

391jkuu8av3scgfk6fq9irckqu_bСэтгүүлч Т.Алтаншагайгийн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр сүүлийн үед содон, хурц мэдээллээрээ анхаарал татаж байгаа NTN телевизэд саяхнаас ажиллаж эхлээд байгаа юм.

-Шинэ телевизэд шинэ өнгө төрхтэйгээр ирж байгаа гэсэн. Яаж ажиллах бодолтой байна?

-Телевизийн захирлаар ажиллаж байсан С.Отгонмөнх “Шинэ телевиз ажиллуулж эхэлж байна, хамтарч ажиллая” гэсэн. Би бие даасан, улс төр, бизнесмэний хараат биш телевизэд ажиллах сонирхолтой байсан. Өмнө нь ерээд оны сүүлчээр Ийгл телевизэд ажиллаж байхад хэдийгээр Есүс, Америкийн хөрөнгө оруулалттай гэдэг боловч улс төрийн ямар нэг дарамт байгаагүй. Манай телевизүүдийн ард 99 хувь нь улстөрч байдаг. Ашиг олдоггүй хэрнээ телевиз нь оршин тогтноод байдаг. Улстөрч эзэн нь цалингийн хэдэн төгрөг сэтгүүлчдэд өгдөг юм шиг байгаа юм. Манай сэтгүүлчид нийгмийг шүүмжилдэг, цалин тэтгэвэр бага гэж ярьж мэдээлдэг мөртлөө өөрсдөө хамгийн бага цалинтай. Ялангуяа телевизийн сэтгүүлчид бага цалинтай. Бага цалин өгөөд од болох хүслэнтэй хүүхдүүдийг тэндээ уяад байлгаад байдаг. Одоо миний ажиллаж байгаа NTN телевиз ямар ч улс төрийн цензур байхгүй. Хэн ч нөлөөлөхгүй гэдэг нь таалагдаж байгаа, гайгүй чөлөөтэй явчихаж болох болов уу. Мэдээ мэдээллийг жинхэнэ утгаар нь хийж үзүүлэх санаа байна. Барууны стандартад дөхүүлэх ч гэдэг юм уу. Хавчуургагүй, хавчигдмал биш мэдээ хийгээд эхлэхээр ямархуу өнгө төрхтэй нь, мэдээ ямар байх ёстой нь харагдаж эхлэх байх л даа. Дээрээс эзнээс редакцийн бодлогод нөлөөлөөд эхлэхээр хүссэнээрээ ажиллаж чадахгүй, санаа бодлоо тусгаж чадахгүй, хүний үгээр мэдээ хийхээр хийсэн болохгүй л дээ.

-Ер нь телевизүүдийн мэдээг сонсохоор анх телевизэд таны хийсэн мэдээ, дуу хоолойны өнгө, “манер”-аар яваад байх шиг санагддаг. Өөрийнхөө өнгө төрхийг анх яаж олсон бэ?

-Ийгл телевизэд 1998 оны сүүлчээр 2 дугаар курстээ, 20 ч хүрээгүй үедээ орж байсан. Дадлага хийх гэж очоод “жинхэлсэн”. Тухайн үед талийгаач Наранбаатар, УИХ-ын гишүүн байсан Уянга, жүжигчин Ундрал, нэвтрүүлэгч Баярхүү, Ө.Отгонбаатар, Ерөнхий редактор, дарга нь Оюундарь эгч байсан. Мундаг хүмүүс дээр дадлага хийхээр очиж, жинхэлж ажилд орсон. Дуу хоолойны хувьд ийм учиртай юм. Би ярихдаа зүгээр ярьж байгаа биз. Жаахан шулгадуу гэх юм уу, хааяа жаахан гацаадуу. Текст уншсан чинь болж өгөхгүй санагдаад. Жаахан ээрүү хүн дуулахаар гайгүй болчихдог шиг би хашгирч, хүчтэйхэн дикц аваад уншсан чинь зүгээр болоод байсан. Текстээ жаахан задгай бичээд, дүрэм журам барихгүйгээр энгийнээр, гол нь хүний сэтгэлд хүрэхүйцээр бичээд, тэрийгээ чангаар уншихаар сонин санагдсан байх л даа. Мэдээ уншсаны дараа утас дуугараад галзуу согтуу хүн үү, яагаад орилоод байгаа юм гэж ярьсан. Эхлээд сар гаруй тэгж хараалгасан юм, үзэхээр сонирхолтой болохоор чимээгүй болсон, сүүлдээ хүлээн зөвшөөрдөг юм билээ. Дараа нь Чапи гуай дуурайгаад даарин дээр давс нэмнэ гэгчээр бүр “од” болгочихсон.

-20 шахам жил телевизэд ажиллалаа. Телевизийн нүүр царай болж, бодлого тодорхойлж явна. Арилжааны телевизүүдийн мэдээний “загалмайлсан эцэг”-ийн хувьд, олон залуу сэтгүүлчтэй ажилладгийн хувьд шүүмжлэлтэй хандах үе гарах уу?

-Нэг шүүмжлэлтэй юм байдаг. МУИС, Багшийн дээдийн сэтгүүлчдийн ангийг харж байхад сурах бичиг нь солигдоогүй. Бүхэл бүтэн нийгэм солигдчихоод байхад нийгэмээ тодорхойлдог сэтгүүлчдийн сурах бичиг нь солигдоогүй байдаг юм. Багш нь социализмын үеийнхээ арга барилаар заадаг. Мэдээг тэгж, ингэж бичнэ гэдэг тэр “жор”-ын дагуу бичихээр уйтгартай, хүнд хүрдэггүй. MM агентлаг тэр зарчмаараа яваад байгаа, Монголын анхны телевиз болохоор үзэгчдийн олон жилийн итгэл үнэмшил одоо хүртэл MM-д байсаар байна л даа. Ер нь мэдээгээ хүнд хүргэж л байвал ямар арга замаар гэдэг нь хамаагүй. Хошин шогийн мэдрэмжтэй, ер нь мэдээгээр хүнийг уйлуулж болно, инээлгэж болно. Уйлж, инээж үзсэн мэдээ хүний сэтгэлд тод үлддэг. Мэдээний төгсгөлдөө их анхаардаг, сонин аргачлал хийж байсан, стэнд апп хийхийг боддог. Жишээ нь ам барьдаг дуучдын тухай мэдээ хийсэн юм. Би төгөлдөр хуур дараад цаана нь СУИС-ийн багш, мэргэжлийн төгөлдөр хуурч Шопений аялгуу тоглосон. Сэтгүүлч төгөлдөр хуур дараад болж байхад, та нар ам барихгүй, “ориг”-оороо дуулчихаж яагаад болдоггүй юм бэ гэсэн утгатай. Ер нь баахан мөнгөө үрж, UB паласт даарч хөрөн ам барьдаг дуучны тоглолт үзэж байхаар гэртээ зургийг нь тавьчихаад, буйдан дээрээ хэвтээд цомгийг нь сонсвол илүү цэвэрхэн дуулдана шүү дээ.

-Н.Энхбаярыг үндэсний удирдагч байхад улстөрчдөөс У.Хүрэлсүх, сэтгүүлчдээс анх та эсэргүүцэл илэрхийлж зүрхэлсэн гэдэг. Тэр үеэ дурсвал…

-2000 онд Ерөнхий сайд Н.Энхбаярын ажлын 100 хоног гэдгээ хийлээ. Тэр үед Н.Энхбаяр парламентад 72 суудалтай үнэмлэхүй ялалт байгуулсан намын дарга, ерөнхий сайд, бараг хаан болчихсон, түүний хаант засаглал эхэлж байсан үе. Бүх хэвлэлийнхэн ирсэн, олон сэтгүүлчийн урд хийсэн ажлаа ярьж байна. Худлаа юм ярьж байгаа нь мэдэгдэж байна, учир зүггүй наадах чинь худлаа гээд хэлж болдоггүй. Энэ мэдээг яаж хийдэг юм билээ гээд бодоод гарч явсан чинь манай зураглаач Алтанхуяг “Яасан Шагай, тархи угаалгачихав уу” гэсэн. Ер нь сайн зураглаач сэтгүүлчийг хурцалдаг.  Нээрэн тэгж болох юм байна гэж бодоод, хамаг хийсэн, хэлсэн ажлыг нь жагсааж бичээд, хамгийн сүүлд нь тархиа угаалгасан Алтаншагай гээд мэдээгээ дуусгаж байсан. Саяхандаа, Ийглд байхад Баянсэлэнгэ энэ тэр гээд инээдтэй сайд нар томилогдлоо. Энэ хүмүүс муу, муухай гэж хэлэх эрх надад байхгүй. Надад таалагдахгүй, ард түмэнд таалагдахгүй гайхаад байдаг. Улстөрийн заваан юм харагдаад, засаглалын тогтолцоо буруу байна гэдэг нь харагдаад, дуугүй байж чадаагүй. Н.Энхбаярын нам хэдэн хүнтэй орж ирээд парламентыг тэр чигээр нь хяналтандаа аваад, бойкот хийгээд, сайдаа тохироод, дурын хүнээ сайдаар тавиад. Ийм сайд нар томилогдлоо гээд зургийг нь тавиад намтрыг нь уншаад явж байгаа юм. Ард нь Шарав гуайн “Сэтгэлийн эгшиг” гээд аязыг тавьчихсан. Тэрийг хүмүүс гашуудлын ая гэж ойлгодог. Уг нь эхнэртээ зориулсан гоё аялгуу ш дээ. Тэрийг тавихаар хэн ч намайг буруушаахгүй, тэгсэн хэрнээ нээрэн гунигийн, гашуудлын томилгоо болсон гэж ойлгохоор. Мэдээг ингэж хийхээр хүнд хүрдэг, цаашаагаа ам дамжаад яриад явчихдаг. Бүх телевизүүд адилхан мэдээ хийж байгаа, стандартаар хийж байна. Ийм үед ялгараад өөр мэдээ хийх нь сэтгэхүйн л асуудал.

-Дөрвөн жил сэтгүүлч мэргэжлээр сургахаа болъё. Сэтгүүлчийн ангид шалгалт өгч тэнцэх амархан, ер нь “хямдхан” ш дээ. Нийгэм, монгол хэл, уран зохиолын шалгалт өгөөд орчихдог. Уг нь сэтгүүлч нийгмийг чиглүүлэх их том хүч. Сэтгүүл зүйн ангийн сургалт ч хүнд мэдлэг өгдөггүй. Ер нь зургаан сарын эрчимжүүлсэн курс байвал яасан юм бол. Хий дэмий аав ээжийнх нь мөнгийг үрж, дөрвөн жил архичны курст сургаж байсанд орвол тодорхой хэмжээний мэргэжил эзэмшсэн химич, эдийн засагч, инженерийн дипломтой хүнийг сэтгүүл зүйн 6 сарын курст сураад ажиллавал мэргэшсэн, мэдлэгтэй, хариуцлагатай сэтгүүлчид гарч ирэх болов уу гэж боддог. Одоо сэтгүүлч мэргэжлээр төгссөн хүүхдүүдийг яг ямар мэдлэгтэй юм гэж харахаар юу ч байдаггүй, мэдлэг олгодоггүй.

-Алтаншагай ард түмний дунд алдартай сэтгүүлч гэж хэлж болох байх. Шалбаагны дэргэдээс Алтаншагай мэдээллээ, хавар болж юбка богиносохоор хүчингийн гэмт хэрэг ихэслээ гэж мэдээлсэн гэж ярьдаг. Энэ үнэн юм уу?

-Өөр өнцгөөс харахыг хичээсэн юм аа. Жижиг чулууг ч мэдээ болгох ёстой гэдэг. Би дандаа оройтож ажилдаа ирдэг, Уянгаа тэргүүтэй хүүхнүүд хариуцлагатай эрт ирээд, үйл явдлын мэдээгээ аваад гараад явчихдаг. Оройтож 11, 12 цаг гээд ирсэн надад мэдээ байхгүй. Эх сурвалжийн мэдээ бодох хэрэгтэй болдог, жолоочоо дуудаад, ахаа мэдээнд явах гэсэн юм гэж гуйдаг. Бороо орсны дараа шавхайтай усаар цацуулж үзээгүй хүн байхгүй. Би ч, манай дүү ч цацуулж байсан. Оюутнууд олон хувцастай биш, цайны ганцыгаа шавхайтай усаар цацуулаад тэрийгээ угаана, индүүднэ, хэцүү ш дээ. ДСНК-гийн тэнд явж байсан. Ус зайлуулах хоолой бөглөрсөн, бөөн ус. Цаашилбал хот тохижуулахын ажилтай холбоотой. Тэндээс яриа авахад “Ер нь цэвэрлэдэг, намрын навч урсаад бөглөдөг” гэх утгатай юм ярьсан. Хүнд мэдээгээ хүргэхийн тулд тавилттай юм хийх гээд, 90-ээд оны сүүлээр машин ч цөөхөн байсан, логогүй манай цагаан микро байсан. Би саарал “гоонж”-той, зангиа зүүчихсэн. “Жолооч нар эмэгтэй хүнийг өдөж байгаа бол өөр маягаар өдмөөр юм, зайлуул оюутнууд байгаа ганц хувцсаа өмсөнө, шавхайгаар булуулна, хот тохижуулах ажлаа муу хийдэг юм байж, ядаж жолооч нар соёлтой хүмүүсээ хүндэтгээд явбал яасан юм бэ” гэж яриад цаасаараа дохино, тэгвэл цагаан микро давхиж ирээд намайг борооны тогтоол усаар шүрших ёстой. Манай жолооч Мөөгий ах давхиж ирээд шүршсэн, камер хөдлөөд би шалба норчихсон, “Ус тогтсон замаас Алтаншагай мэдээллээ” гэсэн. Тиймэрхүү мэдээ байдаггүй учраас хүмүүст сонин санагдсан байх, Америк захирал ч алга ташиж орж ирээд. Хүчингийн хэрэгт хүүхнүүд өөрөө буруутай гэж хэлж байсаан. Одоо бүр замбараагаа алдаж. Хавар болохоор гаж донтнуудын дон нь хөдөлнө. Тэр үеэр хүүхнүүд хувцсаа нимгэлж, шоудахаараа мини юбкатай, энгэр заамаа задгайлчихна. Нурсан байшингийн хажуугаар явахад нэг донтой этгээд таарна, мини юбкатай бүсгүй, гадсан өсгийт дээрээ гүйж чадахгүй. Тэгээд хохирно. Хэрэг үйлдсэн хүн нь өвчтэй, хажууд нь нүцгэн шахуу хүүхэн явж байхад адгуусан чанар гарна биз дээ. Гадуур явахдаа хувцсаа тохируулж өмсөөч, нимгэн нөмгөн хувцсаа гэр орондоо, эсвэл харуул хамгаалалттай үед өмсөөч. Сэдлийг нь өөрсдөө өгөөд байна гэсэн санааг гаргасан.  Тэгсэн чинь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг Занаа намайг шүүхэд өгөөд, эмэгтэйчүүдийг гутаалаа гээд, гэхдээ гайгүй салсан л даа.

-Тантай цуг ажиллаж явсан Ийгл телевизийн сэтгүүлч УИХ-ын гишүүн боллоо, МҮОНТ-ийг удирдлаа. Та нар ажлаасаа цуг гарсан. Гэхдээ яагаад нэг өдөр бөөнөөрөө ажлаас гарах болсон юм бэ?

-Тухайн үедээ мундаг баг байна гэж боддоггүй байсан. Цалин мөнгө гэхээсээ илүү ажилдаа үнэхээр дуртай байсан. Яаж гоё мэдээ хийх вэ гээд шөнө зүүдэлдэг байсан. Шөнө босоод энэ мэдээг ингэж хийвэл зүгээр, ийм “стэнд апп” хийсэн нь гоё юм байна гэж тэмдэглэдэг байлаа. Бүр ажлаар “өвчилчихсөн” байсан, одооны залуусыг ингэж “өвчлөөсэй” гэж боддог. Одооны залуус ялтай ажил хийж байгаа юм шиг ханддаг, тэгээд сэтгэл, зүтгэл байхгүй. Нийгмээсээ болдог юм уу, тэрийг би ойлгодоггүй. Одоо бодоход энэ өндөрлөг ч юм уу, нам дор ч юм уу газраас харахад бид маш сайн баг байсан юм билээ. Тухайн үед цалингаас болсон, гурван хоног Ийглийн эфирийг зогсоогоод. Америк захирлаас цалингаа нэм гэхэд “Телевиз сэтгүүлчээр, хүнээр дутахгүй, хүн телевизээр дутна шүү” гэсэн. Бид залуу хүмүүс шарандаа гараад “Лидер” студи байгуулсан. 25 дугаар телевизээр мэдээ гараад, дагаад Ийглээр гарч байсан бүх реклам орж ирээд, юу ч үзээгүй хүүхдүүд баахан мөнгөнд умбаад. Мөнгө, алдар нэр ирэхээр дөнгөж 20 гаруйхан настай хүүхдүүд эвдрэх янз ордог юм билээ. Хоорондоо тар тур хийгээд, жаахан байгаа юмнуудаа авч салсан даа.

-Тэр үед та нар Уянгатай бас таагүй харилцаатай байх шиг байсан…

-Тэр үед цуг бүгдээрээ гаръя гэж тохиролцсон ч Уянга маань үлдчихсэн. Бид бас дотор нь тагнуулаар Батзаяаг үлдээсэн. Батзаяа бас манай багт байсан. Оюундарь эгч Зууны луйвар нэвтрүүлгээ хийгээд, харамсалтай явдал тохиолдоод Америк явсан. Тэгээд бидний зам салаад сарниад алга болсон. Тухайн үед багаараа их ч ажил хийсэн, АПУ-гийн хувьчлалд хүртэл нөлөөлж оролцоод, ер нь топ баг байсан учраас юм юманд оролцож байсан. Улстөрчид ч их ханддаг, Наранбаатар ерөнхийд нь удирддаг. Би гүйх явах ажилтай, мөнгө санхүү босгодог, Отгонтуул, манай дүү Оюунчулуун, Батзаяа бид хэд байсан юм.

-Сэтгүүлч Наранбаатарын амийг таксиний жолооч хөнөөсөн гэдэг. Зарим нь тохиолдлын хэрэг биш гэж эргэлздэг.

-Сүүлийн жилүүдэд бид тийм ойр байгаагүй. Таарахаараа мэнд устай, ойр зуурын юм яриад өнгөрдөг байсан. Үнэхээр харамсалтай явдал болсон. Нэг өглөө утас дуугараад Отгонмөнх надад хэлсэн. Ном, кинон дээр газар дайвалздаг гэдэг дээ, яг газар дайвалздаг юм билээ. Хамт олноороо цуглаад очсон. Амиа алдах шалтгааныг нь би одоо хүртэл мэддэггүй. Таксины жолооч, ахтайгаа нийлж байгаад амийг нь хохироосон гэж яригддаг юм. Цаадах чинь хурц хурц юм хийдэг болохоор захиалгатай байхыг ч үгүйсгэх аргагүй л дээ. Тиймэрхүү байдлаас хүний занаанд орсон байхыг үгүйсгэхгүй. Сайн мэдэхгүй байна.

-Ийгл телевизэд ганцаараа сугарч үлдсэнээс болсон юм уу, экс гишүүн Л.Эрдэнэчимэгийн бичлэгээс ч болсон юм уу, Уянгыг “ар хударга” гэж хэлэх хүн байдаг?

-Одоо Уянгатай ойр дотно биш, тухайн үед Ийглд байхдаа ч ойр дотно байсан биш. Тэр 50 саяын шуугианы дараа Уянгатай өнөөдөр төрийн ордонд таарлаа. Би толгой дохисон, их эвгүй хялалзаад л өнгөрсөн. Эмэгтэй хүн уурлаж гомдохоороо хялалздаг юм шиг байна лээ. Эрчүүд уурласан бол ойлголцох байх. Эмэгтэй хүн уурлахаар эвгүй юм. Ер нь би Уянга тэглээ, ингэлээ гэж огт яриагүй, хаана ч ярилцлага өгөөгүй. Болсон процесс гэвэл нэг бичлэг ирсэн, Ийгл телевизээр Иргэний мэдээ гэж хийгээд “Буян”-гийн Жаргалсайхан, Л.Гүндалай, С.Ганбаатар оролцсон нэлээн газар авах гэсэн нэвтрүүлэг хийсэн дээ. Тэр шугамаар надад нэргүй нэг бичлэг ирсэн. Магадгүй өрсөлдөгч талаас ирсэн байхыг үгүйсгэхгүй. Тэр бичлэг айхтар бичлэг. Сонгууль дөхчихсөн, хуулинд нэр дэвшигч сонгуульд ялагдвал мэдээ бэлтгэсэн сэтгүүлч сонгуульд гаргасан зардлыг нэхэмжилнэ энэ тэр гээд айхтар заалт бий. Л.Эрдэнэчимэг эмэгтэй хүн, нэр төртэй нь холбоотой бичлэг. Тэр үүднээс хуульч Бат-Ялалтад зөвлөгөө авъя гэж хандсан. Бичлэгийг авч яваад над руу ярьсан. Эрдэнэчимэгт үзүүллээ, миний данс руу 50 сая төгрөг хийлээ гэсэн. Бид хоёр хоёулаа нэр дэвшиж байгаа, авч болохгүй. Улс төр л юм чинь улс төр болгоё, бас үнэн мөнийг дэлгэе гэсэн. Улс төрийн авлигачид бие биедээ мөнгө өгч авалцдаг л гэдэг, сэтгүүлчид мөнгөөр амаа таглуулдаг л гэдэг. Гэхдээ баримт байдаггүй. Тэрийг мэдээлдэг хүн нь өөрөө авлига авчихаар хэн тэрийг гаргаж мэдээлэх юм бэ. Нэг удаа ч гэсэн баримттай илчилж тавья, шударга ёсны үүднээс ард түмэн ойлгох байх гэж бодсон. Тухайн үедээ хөөрөлд ороод мөнгийг нь тэвэрч аваачиж өгөх гэж оролдоод, Бат-Ялалт ядаж өөрийнхөө тэвэрч байсан мөнгийг над дээр тавиад, тэгээд мөнгө тэвэрсэн дүртэйгээр хүмүүсийн сэтгэлд хоногшчихгүй юу. Нэг л мөнгө тэвэрсэн хүн. Тэрийг хүмүүс ойлгохгүй, мөнгө тэвэрсэн шуналтай, эмэгтэй хүнийг дээрэлхсэн гээд элдвээр хэлсэн, эвгүй дүр зурагтай нэвтрүүлсэн юм билээ. Уул шугамандаа бол үнэн мөнийг л дэлгэх гэсэн. Би мэдэхгүй, хүмүүсийн хардаад байгаа шиг Учрал, Бат-Ялалтад мөнгө өгснийг үгүйсгэхгүй. Батлах ч үгүй, бас үгүйсгэхгүй. Уянгаа Бат-Ялалтад юм уу, Учралд өгснийг би мэдэхгүй. Гэтэл энэ 50 саяын уналтын гол дүр нь би болчихоод байгаа. Миний гаргасан шийдвэр бол 50 сая төгрөг орж ирсэн бол энэ мөнгийг авахгүй ээ, олонд дэлгэе гэсэн. Одоо гэтэл гол дүр нь болчихсон, хамгийн муухай хүн нь болчихсон. Уянгаа өнөөдөр намайг хялалзаж явна. Дараа нь Уянга утсаа алдсан гэж хэлсэн. Уянга өөрөө бодох хэрэгтэй ш дээ. Яах гэж жаахан хүүхдүүд шиг архи уунгаа бичлэг хийж байдаг юм. Нөгөөдөх нь юун гэнэн юм, бичлэгэн дээр нь тэгж ярьдаг нь ч юу юм бэ. Цаана нь нэг эрэгтэй тамхи татаад сууж байдаг нь ч юу юм бэ.

-Тэр хүн Ж.Батзандан уу, Хотын дарга Су.Батболд уу?

-Хотын дарга байх магадлалтай юм шиг билээ. Надад нүүрийг нь балласан бичлэг ирсэн. Тэгэхээр нэлээн зохион байгуулалттай Уянгын утсыг аваад ч юм уу, зохион байгуулалттай янзлаад наашаа явуулсан юм шиг байгаа юм. Тэгэхээр бид тавын хэн хэн нь болоогүй, аль алиных нь буруу, ёстой гээндээ ч бий, гоондоо ч бий. Би яах ёстой байсан юм. Нөгөө 50 саяа хувааж аваад чимээгүй болох ёстой байсан юм болов уу. Тэгвэл хэн ч мэдэхгүй, нэр цэвэр, нэр дэвшсэн 72 дугаар тойрогтоо илүү санал авах ч байсан юм бил үү. Тэр мөнгийг сонгуулийн сурталчилгаанд зориулах нь дээр байсан юм уу. Тэгсэн бол өөрт муухай, бодогдоод салахгүй, тэгээд ч хэзээ нэгэн цагт илэрнэ. Бат-Ялалт хэнээс ямар мөнгө авсныг мэдэхгүй, Учрал тэнд оролцсон үгүйг би мэдэхгүй. Зарим нь Сундуй оролцсон гэж ярьдаг юм, бүү мэд. Уянгаа утсаа алдана гэхээр хариуцлагагүй хүн юм аа, төрийн түшээ хүн. Нөгөөх нь Тавантолгойн ажлын хэсгийг удирдаж явсан хүн. Тэр арай дэндүү бичлэг байсан. Гаргахад ч хэцүү. Уг нь сэтгэл зүрхгүй, эмэгтэй хүнийг боддоггүй хүн байсан бол шууд эфирээр, Иргэний мэдээгээр цацна л даа. Эсвэл Г.Эрдэнэчимэгийг ямар нэг байдлаар авчирч байгаад, эфирт суулгаад бичлэгийг нь өөрт нь үзүүлсэн бол бүр эвгүй юм болно. Тэгээд хуулийн зөвлөгөө авдаг баатар болсон, цаашдаа үйл явдал хөврөөд явсан л даа.

-Шууд 25 сая төгрөгөөс татгалзлаа, буруугаар ойлгож баахан шүүмжлүүллээ. Та 20 шахам жил ажилласан телевизийн сэтгүүлч, энэ хугацаанд юу хурааж чадав?

-Алтан дундаж гэдэг шиг, яг л дундаж байна даа. Сэтгүүлчийн цалин гэхээсээ ном эмхтгэх, ном бичих, жижиг сажиг хэвлэлийн бизнес хийж явна даа. Зарим нэг телевизэд зөвлөгөө өгөх маягтай, аргацаагаад амьдарч байна.

-Айхтар айхтар амьдардаг сэтгүүлч байдаг юм билээ. Том том улс төрийн юм хийгээд мөнгө авдаг, эсвэл хэн нэгний төлөө сонгуулиар үйлчлээд байр орон сууц авдаг, буруутгах аргагүй. Дахиж тэр сэтгүүлч тэр хүнийхээ талаар нэг муу үг хэлж чадахгүй, жинхэнээсээ “насан туршийн зээл” болно. Нэгэнт насан туршийн зээл, барьцаатай болсон хүн, сэтгүүлчийн хагас эрхтэй, бараг эрх чөлөө ч үгүй болчихно. Нүүр бардам хэлэхэд ямар ч төрийн түшээ, УИХ-ын гишүүн байсан би “хусаад” л хаяна. Барьцаагүй, өр зээлгүй хүн, тэгэхээр их аятайхан л даа.

-Алтаншагайгийн хувийн амьдрал сонирхолтой, зохиолч Д.Төрбатын хүү, сэтгүүлч С.Батзаяатай амьдарч байсан, том охиных нь аав. Ер нь аавтайгаа хэр холбоотой байдаг вэ?

-Хүний амьдрал юм чинь салж сарних юм байлгүй яахав. Ээжийг орхиод явсан, мэдэхгүй ээ, хаясан ч юм уу, хаягдсан юм уу сайн мэдэхгүй. Асуултай нь биш. Аавтайгаа энд тэнд таарахаараа мэндтэй устай явдаг.

-Цагаан сараар очиж золгодоггүй юм уу?

-Уг нь очъё гэж боддог байсан юм, гэхдээ нэг хүний даралтыг ихэсгээд яахав гээд больсон.

-Сэтгүүлч С.Батзаяатай хамт амьдарч, охинтой болсон. С.Батзаяа ММ-ийн захирал, Ерөнхийлөгчийн ХМА-ны даргаар ажиллаж явсан сайн сэтгүүлч. Ажил мэргэжилдээ эзэн болсон, нийгэмд нэр хүндтэй эмэгтэй..?

-Сууж байсан, сууж байсан. Нэг охинтой одоо 15-16 нас хүрч байгаа. Анх Монгол телевизийн нэвтрүүлэгч Чимгээ тэр хоёр дадлага хийхээр Ийглд ирж байсан, тэгээд танилцаж дотноссон. Надад бас нэг хүү бий.

-Алтаншагай мисс загвар өмсөгчидтэй холбогддог гэж ярьдаг.

-Мэдэхгүй ээ, ганц нэг байсан байх.

-Сэтгүүлч Батзаяа та хоёрын хувьд хоёр од нэг тогоонд багтдаггүй гэдэг болсон юм болов уу?

-Тухайн үед Батзаяа од биш байсан. Ийглийг орхиж гарлаа гэхэд Женко тухайн үед Ийглд хөрөнгө оруулдаг байсан болохоор биднийг “Баянгол”-д дуудаж уулзсан.  Баттулгын өрөөнд явж ордог юм. Отгонтуул, Оюунчулуун, Нарка бид хэд очсон. Тэгэхэд биднийг ажлаа битгий хаяач, Ийглдээ үлдээч гэж ятгах гэж л байгаа. Тэгэхэд Батзаяа цуг ордог юм. Женко харж байснаа “Энэ хэн бэ” гээд “Манайд шинээр орж байгаа юм” гэхэд “Юу юу ч болоогүй байхад эдэнтэй адилхан туг бариад давхиад байх юм” гээд бараг л явж ажлаа хийгээч гэж байсан. Тэгэхэд олны танил болоогүй байсан. Тэгэхдээ их хөдөлмөрч, дөнгөж хүүхдээ төрүүлээд, надад охиноо орхиод ажлаа хийгээд явчихдаг байсан. Ер нь амбицтай, тийм байж хүн явдаг, юманд хүрдэг байх л даа.

-Дүүтэйгээ цуг ажилладаг, олны танил байсан. Танай дүү охин хаана байгаа вэ?

-Би хоёр охин дүүтэй, хоёулаа хоёр хүүхэдтэй, хоёулаа сайхан амьдарч байна аа.

-Та шүлэг бичдэг үү?

-Үгүй, уг нь тооны чиглэлээр гайгүй байсан. 10 дугаар ангийн улсын шалгалтанд 5 бүлгийн 150 гаруй хүүхдээс ганцаараа онц авч байсан. Нэг бодлого дээр бүдэрсэн, тэр ч бүдрэхээр геометрийн бодлого байсан юм. Цаашдаа тоогоор явъя гэж боддог, тэгээд Санхүү эдийн засгийн дээд сургуульд шалгалт өгөөд унасан. Арын хаалга байхгүй юм чинь. Хүүхдүүд аав ээжтэйгээ, халуун савтай цайтайгаа, арыг нь даадаг хүнтэй, бараг ламтайгаа, чемодантай мөнгөтэй очдог байсан юм билээ ш дээ. Би ганцаараа силкэн нимгэн цамц өмсчихсөн, өглөөний жихүүнийг хэлэх үү, Багшийн дээд дээр буугаад Арслантай гүүр даваад алхаж байснаа санадаг. Ганцаараа очиж шалгалтаа өгсөн, 33 хүүхэд авах байсан, 35-д ороод таслуулсан. Гэртээ жил алдлаа гээд уйлаад хэвтэж байхад гэрийн утас дуугараад аав ярьж байсан. Хүний эцэг тийм үед тус болдог юм билээ. “Наад нөхөр чинь яаж байна” гэж байгаа бололтой. Манай ээж хэнэггүй хүн ш дээ, “Уначихсан, “грушик” энэ тэр хийх юм байгаа биз” гэсэн. Аав намайг Утга зохиолын дээд сургуульд оруулна гэсэн. Би 10 дугаар анги төгсөхдөө 13 хичээлээс 4 сайн дүнтэй, бусдыг нь онц төгссөн. Тэр нь Монгол хэл, уран зохиол, түүх, нийгэм, гол сэтгүүлчийн үздэг хичээл. Тоо, хими, физик нь онц. Аавд тан шиг шүлэг бичиж чадахгүй юм чинь гэж байгаад сургуульдаа орж сурсан даа. Баахан шүлэг сонссон, одоо сүүлийн үеийн Болор цомтнууд дан манай сургуулиас төрсөн юм билээ. Ганзул, Лхамноржмаа, Болорцэрэн, Оюундэлгэр гээд бүгд манай сургуулийнх. Би оюутан байхдаа Ийглийн мэдээ их үздэг байсан. Хамгийн анх Ийглд ажиллаж байсан хүмүүс гэвэл Пүрэвням, Жаргалмаа, Гантуг, Уртнасан байсан, Уртаа манай багт ч байсан. Ийглийн мэдээ нь их өвөрмөц санагддаг. Тэгээд Ийглд очиж дадлага хийсэн, 2-3 мэдээ хийгээд Оюундарь эгч намайг ажилд авсан. Отгонбаатараар намайг сольсон.

-Танай үеийнхэн бүгд дарга болоод явлаа. Ө.Отгонбаатар телевиз удирдсан, талийгаач Наранбаатар телевизтэй байсан. Үеийнхэн дотроос ганцаараа сэтгүүлчээрээ үлдэх шиг боллоо?

-Амбицтайдаа биш, хүн өөрийгөө мэдэрдэг байх хэрэгтэй юм шиг. Юуны туханд хүрэлгүй, би захирал, би дарга гэж явахаар өөрт нь төвөгтэй байдаггүй юм байхдаа. Дарга гэсэн сэтэргүйгээр даргын хэмжээнд ажлаа хийгээд явж болно доо. Би дэд захирал, ерөнхий продюсер гэсэн үнэмлэх аваад явж болж байна. Яах юм. Миний нэрийн хуудсыг мэдэж байгаа, зүгээр тоймч сэтгүүлч гэж явдаг. Сэтгүүлчийн ажлаа л сайн хийх ёстой. Ерөнхий бодлого тодорхойлоод явах нь ойлгомжтой юм чинь. Би захирал шүү, телевизэд гол үүрэг гүйцэтгэнэ шүү гэж орилоод явах хэр зохимжтой юм бол. Дарга сэтэрт дурладаг хүнийг гайхдаг. Даргын ажлыг дарга шиг хийж чадна гэвэл бас өөр. Арай болоогүй ээ, хүн удирдахаас илүү өөрийгөө удирдаж сурах хэрэгтэй. Амбиц хүн л юм чинь байна, гэхдээ би энэ ажлыг хийж чадах уу гэж өөрөөсөө ичдэг л дээ. Үлгэн салган энэ ч дээ гэж хэлүүлж явснаас чаддаг ажлаа сайн хийсэн нь дээр.

-Өнгөрсөн сонгуулиар бие дааж нэр дэвшсэн, сайн сэтгүүлч гэхэд зар сурталчилгаандаа бага анхаарах шиг санагдсан. Хүмүүс Алтаншагай нэр дэвшиж байна гэж бараг мэдээгүй.

-Бие дааж нэр дэвшсэн, 40-50 сая төгрөг хувиасаа зарж агаарт сайхан цацсан. Тэр мөнгөтэй улстай эн тэнцүү зиндаанд өрсөлдөнө гэдэг хэцүү юм билээ. Учралын самбар нэгээр нэмэгдэхэд, дагаж нэгийг тавихаас өөр аргагүй болно. Эрдэнэчимэгийг дагаж самбар тавихаас өөр аргагүй болно. Барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн байсан Баянсэлэнгэ гуай бас нэр дэвшсэн. Нэгт Учрал, хоёрт Эрдэнэчимэг, гуравт Баянсэлэнгэ, би дөрөвт орсон. 12 хүн нэр дэвшсэн. Эрдэнэчимэгтэй, нөгөө 50 саятай холбоотой асуудал миний саналаас нэлээн доошоо чангаасан.

-Х.Бат-Ялалт та хоёрыг эр хүн байж хүн муутай гээд эхэлсэн…

-Ард түмэн тэгээд байгаа юм. Би чимээгүй аваад хав дараад хэвтэх ёстой байсан юм байлгүй. Уг нь ийм авлига, мөнгөний асуудлыг улам сайн гаргаарай, шахаарай, илчилж байгаарай гэж урам өгөх ёстой баймаар. Бусад сэтгүүлчид ч харж байгаа. Алтаншагай шиг гаргаад ирвэл “алуулах” юм байна, хүн муутайгаараа дуудуулаад дуусах юм байна, тэрэнд орвол чимээгүй мөнгөө авах ёстой юм байна гэсэн үлгэр сэтгүүлчид авч байгаа. Шударгаар ил гаргавал элдэв бусаар хэлүүлэх юм байна, шударга байх хэрэг алга гэж бодно. Миний итгэдэг шударга гэж боддог улс “Чи зүгээр мөнгийг нь авчихгүй яасан юм” гэж хэлж байгаа юм. Одоо харин тийм ээ гэж манжлаад өнгөрч байна. 50 саяар яах ч юм билээ, ингэснээрээ 500 саяыг авна гэсэн үг биш шүү. Хүмүүс юу ч гэж хэлсэн хамаагүй, би дотроо бахархаж байгаа, шударга, зоригтой алхам хийсэн гэж бодож байгаа.

-Ном бичиж байгаа гэсэн үү?

-Ном бичих юу байх вэ, эмхэтгэл маягийн юм хийсэн. Цуврал юм хийх санаатай. Соёмбо гээд эхнийх нь гарсан. 1990 оны УБХ-ыг оруулаад 2012 оны УИХ-ын сонгуулийг хүртэл нийт 298 гишүүн байдаг юм билээ. Тэдний сонин хэвлэлд өгсөн ярилцага, өмнө нь юу хэлж байсан юм, одоо байгаа дүр зураг нь харагдаж байгаа, зураг хөрөгтэй нь эмхэтгээд 2013 онд хэвлэлтэнд гарсан. Түүх л өгүүлж байгаа юм даа. Ө.Энхтүвшин, Т.Ганди сэтгүүлч байсан, тэд УБХ-ын дарга, УИХ-ын дарга Р.Гончигдоржоос хоёулаа ярилцлага авсан байдаг. Одоо ордонд өөдөөс нь хэрэлдээд сууж байгаа биз дээ. Түүх тийм сонин байдаг.

Хоёрдугаарт “Сүлд” гээд МУ-ын анхны Ерөнхий сайд Намнансүрэн гуай, Бодоогоос эхлээд өнөөгийн Ерөнхий сайд хүртэл бүх кабинетаар нь оруулаад ямар бодлоготой, ямар үйл ажиллагаа явуулсан, хэдэн төгрөгийн төсөвтэй байсан, юу бүтээн байгуулсан тэр бүгдийг багтаасан ном бичсэн. Гурав дахь нь “Очир” гээд ном хийнэ. Одоо тав дахь ерөнхийлөгч гарна. Таван ерөнхийлөгч цөөхөн учраас яг гүнд нь ороод, тэр хүнээс ярилцлага авахаас гадна, эхнэрээс нь хүүхдээс нь ч юм уу, Их тэнгэрт байдаг үйлчлэгчдээс нь ярилцлага авч, ямар хоол иддэг, шөнө хамгаалагчдаасаа нуугдаж гарах уу, энэ тэр гээд гэж асуугаад, сонирхолтой ном гаргана. Америк киноноос гарахад хамгаалагчаасаа нуугдаад гарч ордог. Хүн л юм чинь тийм адал явдал байх байлгүй. Ийм түүхийг эмхэтгэсэн гурвалсан ном гаргана гэж зорьж яваа. “Соёмбо” нь гарсан, нөгөө хоёр дээр нь сууж л байна, эв нь таарвал хэвлүүлнэ.

-Бас нэг томоохон төсөл дээр ажиллахаар бэлдэж байгаа гэж сонссон?

-Монгол мэдээ гээд реалити шоу хийнэ. BBC хамтаръя гэж байгаа. Олон телевиз байгаа ч мэдээллийн хөтөлбөр уналтын түвшинд байгааг хүмүүс анзаарч байгаа. Эх сурвалж олъё оо, олдохгүй, хоёрдугаарт залхуурна. Олдсон ч эзэндээ буцаагаад зарагдаж байна, нуулгүй хэлэхэд тийм технологи руу шилжсэн. Тэр мөнгөөрөө хаус аваад тансаг амьдарч байна. Шүүдэг шүүлтүүртэй болгоё, гурван сарын хугацаанд шоу маань болно. Тухайн баг хэдэн хүнтэй байх хамаагүй, ажлын таван өдөр тэр баг бүгд нэг цагийн хөтөлбөр бэлдэнэ. Бүх тоног төхөөрөмж, техникээр бид хангана. Сэдэв сугалдаг юм уу, шүүгчдийн зүгээс өгдөг юм уу, тийм зарчмаар явна. BBC-д нэг сэтгүүлч нэг мэдээг сар, долоо хоног бэлдэж оруулдаг, чанартай, бүх эх сурвалжаас тодруулга авсан сайн мэдээ гардаг. Өдөрт жижүүрийн гурван мэдээ өгнө гэдэг ямар итгэл үнэмшилтэй, ямар мэдээ болох нь ойлгомжтой. Бүгд адилхан мэдээ. Нэг багийн бүхэл бүтэн 7 хоног бэлдсэн мэдээ гайхамшигтай гоё болно байх. Таван өдөр, таван багийн бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөрийг хагас бүтэн сайнд үзүүлж, нийгэмд нөлөө бүхий хүн, Ц.Нямдорж ч, МСНЭ-ийн Галаарид ч юм уу, сайн эдийн засагч орж шүүгээд, ямар мэдээ хийсэн, юу дутуу байгааг, ямар өнцөг дутуу байгаа тэр бүгдийг шүүнэ. Тухайлбал  Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг оруулж болж байна. Үндсэн хууль гээд ямар ч сэдэв сонгож болж байна, ялангуяа улс төртэй холбоотой зүйл зөндөө бий. Өргөн нарийн цариг гээд авч үзээд 7 хоног сурвалжлаад, сайн мэдээлэл бэлтгэвэл тухайн сэтгүүлч, багийн нэр хүнд өснө, Монголын сэтгүүл зүй эрүүлжинэ. Тэндээс шалгарсан сэтгүүлчийг BBC-д ажиллуулах шагналын сантай. Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэх байх. Гэхдээ тэр компаниудтай хатуу гэрээ хийнэ. Ивээн тэтгэгч мөнгө өглөө гээд тухайн байгууллагатай холбоотой сөрөг мэдээлэл гарахад бид нуун дарагдуулах эрх байхгүй. Тэрийг ч нөгөө компани хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, тэгвэл тухайн компанийн нэр хүнд улам өсөх байх. Шагналын сан өндөр түрүүлсэн оролцогчид 200 сая, тэгээд BBC-д ажиллах эрх. Зугаа цэнгэлийн реалити шоунаас илүү энэ нь нийгэмд дутагдаад байгаа. Үнэн бодит мэдээлэл үзнэ. Одоо сэтгүүлч төрийн нууцаас бусад мэдээлэл авах эрхтэй ч зарим байгууллагын хаалгаар ч шагайж чадахгүй байгаа. Монгол мэдээ реалити шоунд оролцогчдыг мэдээлэл авах эрхээр хангана. Энэ байгууллага руу орох гэсэн оруулсангүй гэдгийг баталгаажуулаад явна. Шоунд оролцогчдыг харж байгаад телевизүүд өндөр цалин өгөөд булаацалдаад авах байлгүй дээ. Нэг сэтгүүлчийн амьдралыг шийднэ, нийгмийг цэвэршүүлэхэд үүрэг гүйцэтгэнэ, бас сонирхолтой төсөл болох болов уу гэж бодож байна.

-“Очир” гэж ном бичнэ гэснээс сая АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолд гурван эхнэрийн таван хүүхэд нь оролцлоо. Манай төрийн тэргүүний хувийн амьдрал, үр хүүхэд хаалттай юм шиг?

-Манай тэргүүн хатагтай, үр хүүхдийн амьдрал хаалттай байдаг. Нөхрүүд нь эхнэрийнхээ царай зүснээс ичдэг юм болов уу. (инээв) Дагуулж явж харагддаггүй, гайхуулаад байх царай зүсгүй болохоор тэгдэг юм болов уу. Тэргүүн хатагтай бол тэргүүн хатагтай шиг л байх ёстой. Монгол заншлаар нөхөртөө улам дарагдчихдаг юм болов уу. Гэртээ хоолоо хийгээд байж бай гэхээр Их тэнгэр олон үйлчлэгчтэй, ордонд гүйгээд ирж болохгүй, сан байгуулсан нэртэй байдаг. Сан нь юу хийж байгаа юм бүү мэд. Ном гарахаар тодорхой болох байх.

Ер нь манайх тогтолцоогоо өөрчлөхгүй бол болохгүй. Ямар ч сайн хүн, нам, улс төр лүү ороод төрөл арилжчихдаг. Ямар ч муу хүнийг хэм хэмжээнд бариад байдаг сайн тогтолцоо хэрэгтэй байна. Энэ гайгүй дээ гээд сонгоод явуулна, тийшээ ороод хачин болчихно, зан ааш, харилцаа хүртэл шал ондоо болчихно. УИХ-ын гишүүн болоод хүн танихын аргагүй болж өөрчлөгддөг, тэнд нэг гоё юм байх шиг байгаа юм. Тогтолцоог өөрчлөөд, мөнгөний эрх мэдэлгүй болгочих хэрэгтэй юм шиг. Энэ хуулийг оруулна, дэмжээрэй гээд лобби бүлэг байгуулаад явчихдаг юм шиг. Уянгаа, Баянсэлэнгэ нүдэн дээр өөрчлөгдсөн.

-Телевизийн сэтгүүлчид цалин багатай ч царайгаараа мөнгө олдог гэдэг.

-Энд тэнд явахад энэ саарал нүүр хэрэг болно оо. Гэхдээ айхтар ашиглаад сүйд болоод байхгүй юм. Тийм юм хийж үзээгүй, чадах ч үгүй, зохих ч үгүй.

-ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат аавын тань гарын шавь. Хөдөөнөөс Хүрэл тулга тэмцээнд орохоор ирчихээд унаанаас хоцорчихсон байхад Д.Төрбат гуай машиндаа суулгаж явсан, хүн ёсоор хандсан гээд их ач санаж явдаг юм билээ. Т.Зөнбилэг зөвлөх нь болчихсон. Та хэр холбоотой вэ?

-Холбоогүй ээ. Аавын шавь юм гэсэн. Аавын нэрийг барьж энд тэнд явж үзээгүй. Зарим нь бүр сүүлд “Хүүе чи зохиолчийн хүүхэд юм уу” гэж байдаг. Алтаншагай гэдгээр 100 хувь мэддэг.

-Иргэний мэдээ сайн явж байсан, одоо яагаад хийхгүй байна. Гүндалай, Жаргал­сайхан хоёр оролцсон нэвтрүүлгийг хүмүүс одоо ч үздэг, их хандалттай байдаг?

-Иргэний мэдээгээр иргэд рүү чиглэсэн чөлөөт ярилцлага оруулдаг. 17 цаг 30 минутанд бараг хүн үздэггүй цагаар хийсэн, гайгүй үзэгчидтэй болсон. Жаргалсайхан өмнө нь манай Золоог “мангас”-дсан. Ер нь цаг барьдаггүй хүн. 17 цагаас Жагааг, 17 цаг 30 минутаас Гүндалайг оруулахаар болсон. Гүндалайд “Таны өмнө Жаргалсайхан орно, Жагаатай хамт орвол зүгээр биз дээ” гэхэд Гүндалай ч “Зүгээр ээ, Жагаа бид хоёр яав л гэж” гэсэн. Гүндалай яг цагтаа ирсэн. Би Жаргалсайхан гуай руу залгахад машинаа паркалж байна гээд 40 минут хүлээлгэсэн. Жагаагийн цаг хэтэрчихсэн өөрөө байдаггүй, би ганцаараа баахан ярилаа. Сүүлдээ улсын төсөв хүртэл ярьсан. Гүндалай цагтаа яг 17 цаг 30 минутад ороод ирсэн, “Таны өмнө Жагаа ирэх ёстой байсан, байдаггүй” гээд ярилцлагаа эхэлж байсан чинь Жаргалсайхан ороод ирсэн. Тэгээд суулгаад, “та хоёр зохицоод яриарай” гэсэн. Миний үүрэг байгаагүй. Гэтэл сошиалаар Шагай баахан хэрэлдүүлчихээд дуугүй гөлийгөөд суугаад байх юм гэж шүүмжилсэн. Би дуугүй байхаас өөр яахав. Гурвалаад муудалцах уу. Гүндалай эвгүй пооз аваад, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм гэнэ ээ. Жаргалсайхан тэсгэл алдаад туслах руугаа ярьсан. “Хүрээд ир. Энд нэг юм далчиганаад байна” гэж. Хоёулаа төрийн сайд байсан хүн, нэг нь УИХ-д гурав, нөгөө нь нэг удаа сонгогдсон, хоёулаа улс төрийн намын дарга, томоохон аж ахуйн нэгж удирдаж байсан хүн ш дээ. Би юу хэлэх юм. Хоцорч ирсэн нь буруутай, Гүндалай ч тэр хооронд тэгж авирладаг нь ч буруу.

-Бас “Босоо” Ганбаатарыг урьж оролцуулсан, босоо улстөрчийг Алтаншагай унагачихлаа гэх нь бий…

-С.Ганбаатар оролцсон нэвтрүүлэг бий. Тэрийг Сайханбилэг, Баярцогт хоёр захиалсан гэж Ганбаатар хардаад байх шиг байна лээ. Энүүхэндээ гэж хэлэхэд багын найз нь гэж нэг нөхөр “Худалч хүн юм байгаа юм” гээд материал авчирч өгсөн.  Би шалгая, өөрөөс нь асууя гэсэн. Өөрөөс нь л асуусан шүү дээ. Та үнэнээ хэлэх үү гэсэн, үнэнээ л хэлье гэсэн. Эх сурвалжаа нууцлах ёстой ш дээ. Намайг Сайханбилэгээс 50 сая төгрөг авч тэр нэвтрүүлгийг хийсэн гэж харддаг. Тэгж мөнгө аваад байдаг бол Зайсанд очихгүй ч завсраар нь гайгүй яваад байна л даа.

Хамгийн гол нь Ганбаатар УИХ-ын албан ёсны сайт дээр худлаа бичээд, оюутнуудад худлаа лекц уншсан нь муухай. Би сургуулиа төгсөөд 20 хэдэн мянган еврогийн цалинтай ажлаа орхиод ирсэн, Францын банкинд менежер хийж байсан гэж ярьдаг. Новосибирскт 32 хоногийн дадлага хийсэн юм билээ. Ч.Авдай гуайн тодорхойлолтыг Үндэсний архивын газраас өөрөө олж авсан. Шууд нэвтрүүлгийн давуу тал тэр, өөрөөс нь асуусан, эзэн нь байхгүй байхад гүтгээд байсан бол өөр. Дипломгүй байсан ч хамаагүй, гол нь худлаа ярьсан нь муухай. Дараа нь таарсан “Сайн байна уу” гэхэд дурамжхан мэндэлж байна лээ. Ганбаатартай ярилцах надад хэцүү байсан. Хүний сэтгэл их зовохоор ходоод өвддөг юм билээ. Цаг гаруй ярьсан, шар хүн улайгаад түнтгэнэхээр халуун нь надад мэдэгдээд байгаа юм чинь. Сүүлдээ 2-3 асуулт байсан ч тэрийгээ болиод, хүний өмнөөс ичих хэцүү. Тулсан зүйл дээр би өрөвч, зөөлөн хүн. Сүүлд хүмүүс яана даа, өөртөө зөндөө олон дайсан бэлдэж байна даа гэсэн. Мөнгө авдаг гэж биднийг шүүмжилдэг. Сэтгүүлчид ер нь ядруухан, ажил тараад бие биенээсээ автобусны мөнгө байна уу гээд эхэлдэг биз дээ. Баруунд CNN, BBC-ийн сурвалжлагчид NBA-гийн одод шиг жилээр гэрээ хийчихдэг, сарын 50 гаруй мянган доллароор үнэлдэг, байрыг нь зээлээр өгчихдөг, зөвхөн ажлаа хийдэг. Долоо хоногт нэг мэдээ хийнэ гэхээр ямар тайван, нухацтай хийх вэ.

-Тэнд ток шоу хийгээд тэрбумтан болсон хүн ч байна?

-Опрагийн шоунаас авах юм бий. Манай телевизийн шоунд одод нь ордог, тэд өөрсдөө бэлэг аваад байдаг. Оролцсоны төлөө гээд ивээн тэтгэгчид бэлэг өгдөг, тэр нь хөл дээрээ зогсчихсон баян хүн, од ш дээ. Тэгээд ядуу оюутнуудыг зритель болгочихсон, тэд бүлтийтэл хараад суудаг. Опрагийн шоу эсрэгээрээ. Зочин юм уу, Опра заавал бэлэгтэй ирдэг, зочдыг бүгдийг урамшуулдаг. Оролцогч од, баян хүн нь бэлэг өгөөд, бүр цаашлаад тэр асрамжийн газар тэгж тусална гэж амлаад гардаг. Монголд Бооёо энэ тэр бэлэг аваад “Ямар гоё юм бэ. Өөр юу байна” ч гэх шиг, ичиж үхмээр. Асуулт асуусан үзэгчид ч юм уу, шоу л юм чинь зритель дундаас хөгжөөгөөд өгчихөж болно биз дээ. Маркетингийн менежерт их учир байна. Давж сэтгэхгүй байна.

-Гүндалай, Жаргалсайхан хоёр Иргэний мэдээг дуусгаад яасан бол?

-Гүндалай, Жагаа хоёр яахав ээ. Гүндалай түрүүлж гараад явсан. Би санаа зовоод Гүндалай руу ярьсан. “Зүгээрээ, ах, авгай хоёртоо толгойгоо эргэтэл загнуулаад сууж байна” гэсэн. Тэр нь надад таалагдсан. Үнэнээ л хэлсэн дээ. Жагаа сүүлд таараад “Гүндалай бид хоёрыг яах гэж хэрэлдүүлж байгаа юм чи, яах гэж хэрэлдүүлж байгаа юм” гэж байсан. Хоёулаа их цайлган хүн. Хамгийн хэцүү нь дотогшоо хүн аюултай, бас эмэгтэй хүн хүнд нэг өш санахаараа эрэгтэй хүн шиг биш. Эрдэнэчимэг, Уянгаа юу ч бодож яваа юм бүү мэд.

-Уянга та хоёрыг бичлэг өгч авалцсан гэж боддог, гэтэл энэ бичлэгээс болж та хоёр ч таагүй харилцаатай байгаа юм уу?

-Буруугаар ойлгоод байгаа юм. Үйл явдал цаашаа хөврөөд явчихсан. Эрдэнэчимэгийн бичлэгийг хараад дуу нь Уянга шиг гэж бодож байсан. Гэтэл Уянга би утсаа алдсан гээд гараад ирсэн, өөрийгөө бариад өгсөн. Намайг бичлэг хийсэн гэж мэднэ, түрүүлээд зарлачихъя гээд аминдаа давж сэтгэсэн нь тэр байх. Би мэдээгүй. Бат-Ялалт ч бас хэдэн төгрөг зохицуулсан юм уу, би мэдэхгүй ш дээ. Бат-Ялалт сүүлд мөнгө хэрэг болоод гээд 9911 дугаараа зарсан гэж байсан, мөнгөтэй хүн тэгэхгүй байлгүй. Эсвэл мөнгө авснаа далдалсан юм уу. Явцын дунд мэдэгдэх байлгүй. Би улайрдаггүй, яваандаа миний ажил бүтдэг. Мөнгө олъё гэж улайрвал амархан. Энэ нүүрээ урдаа бариад ордноор нэг тойроход байрны мөнгө хийгээд л гараад ирнэ дээ.

-Мүүний шашны асуудал дээр хатуу байр суурьтай байсан сэтгүүлч бий. Та яаж хандсан бэ?

-Би хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг хүндэлнэ ээ. Мүүнийг мөнгө болгож байгаа хүмүүс байна, улс төр болгож байгаа хүмүүс байна. Христ шүтэж байгаа хүмүүс зөв явдаг, өөрчлөгддөг, архи тамхи хэрэглэхгүй, гэр бүлээс гадуурх харилцаанаас татгалздаг, тайван дөлгөөн болдог. Манай шарын шашин хаалттай. Төвд номыг сайн мэдэхгүй, ариун цэврээс авахуулаад эргэлзээтэй, тэр хүрд, хүслийг модноос дээж аваад шинжлүүлбэл бөөн нян гарна даа. Бөөн тос ис, хир болдог. Хүний сүсэг бишрэл байгаа ч ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлаа бодмоор санагддаг.

-Таны ээж Монголын нэртэй зохиолчийн авааль гэргий, ууган хоёр хүүхдийнх нь ээж. Нэг үе залуу зохиолчийн гэргий байж, онгодыг нь хөглөж явсан эмэгтэйн тухай уншигчид сонирхож байгаа байх?

-Миний ээж хэдэн хүүхдийнхээ төлөө бүх амьдралаа зориулсан хүн дээ.

-Ярилцсанд баярлалаа

ЭХ СУРВАЛЖ:Сэрүүлэг сонин


URL:

Нэр: Д.Батхуяг Огноо: 25 February 2017

Энэ ярилцлагыг олон хүн, тэр дундаа хэвлэл мэдээлэлд ойр байдаг хүмүүс уншаасай. Сэтгүүлч гэж ийм л хүнийг хэлдэг байх

Сэтгэгдэл бичих