Монголын зэс корпораци: Монгол улсын нэр хүндийг сэвтүүлсэн үйлдэл

cd6ff240760e78f4bigУИХ-ын намрын чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компаниудын ОХУ-ын “Ростех” корпорацийн эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс корпораци” компани хууль ёсоор худалдан авсан Хэлцлийн талаар тогтоол гаргасантай холбогдуулан тус компанийн зүгээс дараах албан ёсны байр суурийг илэрхийлж байна.

Монгол Улсын Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойшхи түүхэнд анх удаа хууль тогтоох дээд байгууллага нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хувийн өмчийг нийгэмчлэх шийдвэр гаргасан явдалд манай компани гүнээ харамсаж байна.
Энэхүү шийдвэр нь Монгол Улсын сонгосон хөгжлийн зам, чөлөөт зах зээл, шүүх засаглалын суурь зарчим, олон улсад Монгол улсын хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг улс төрийн зорилгоор, бүдүүлгээр зөрчсөн асуудал боллоо. Хэдхэн хүний явцуу эрх ашиг, хувийн сонирхол биелээгүйгээс бүх зүйлийг харлуулж, түүхэн ховор боломжийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан улс төржүүлэн луйвар хэмээн зарлаж байгаа нь хөрш орнууд  төдийгүй олон улсад Монгол улсын нэр хүндийг сэвтүүлсэн үйлдэл гэж үзэж байна.

УИХ-ын тогтоолын үндэс болсон Хууль Зүйн Байнгын хорооны дүгнэлт нь хэт нэг талыг барьсан, хууль бусаар мэдээлэл цуглуулсан, тоо баримт бодит мэдээллийг зориуд мушгин гуйвуулж УИХ-ын гишүүдэд танилцуулан шийдвэр гаргуулсан нь цаашид Монгол Улсад ноцтой сөрөг үр дагавар авчираад байна.

Хуулиар хамгаалсан хувийн өмчийн эрхэнд халдсан, улс төржүүлсэн аливаа хууль бус шийдвэрийг “Монголын зэс корпораци” компани хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрсдийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах асуудлаар тууштай тэмцэнэ. Манай компанийн хийсэн хэлцэл нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, олон улсын хэлцлийг ямар ч байдлаар зөрчсөн зүйл байхгүй гэдгийг удаа дараа хариуцлагатайгаар мэдэгдэж ирсэн.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК Монгол улсдаа үр ашгаа өгдөг,  олон улсад өрсөлдөхүйц компанийн засаглал, үйл ажиллагаа, ажилтан төвтэй аж ахуйн нэгж байх ёстой гэсэн зарчмыг бид баримталж ирсэн. Гадаад улсын эзэмшиж байсан өмчийг Монголдоо авчирсан түүхэн хэлцэлтэй холбоотой асуудлаар олон нийтэд бодит мэдээллийг хүргэх, хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн улс төр, хувийн ашиг хонжоо хайсан сэдэв болгохгүйн төлөө хариуцлагатайгаар ажиллах болно.

2017 оны 2-р сарын 24
Улаанбаатар хот

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих