Хаврын уралдааныг хориглосон сайдын тушаалтай ч Дүнжингарав “болдгоороо л болно”
Энэ жилийн хаврын морин уралдааны товыг ирэх сарын 5-ны өдөр зохион байгуулахаар Засгийн газрын шийдвэр гарлаа. Энэ жилийн хаврын уралдаан Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт зохин байгуулагдах аж. Гэвч хүүхдийн төлөө төрийн бус байгууллагууд “Дүнжингарав” гэх энэ уралдааныг эсэргүүцсээр байгаа юм.
Хаврын цагт уралдаан зохион байгуулах нь унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй гэж хүүхдийн байгууллагууд үзэж байгаа. Унаач хүүхдийн хувцас хэрэглэл бүрэн байсан ч хүнд, хөнгөн бэртэл авах эрсдлэлтэй байдаг. Түүнчлэн хүүхдийн нүд гэмтэх, гар хөл осгох, бээрэх, хөлдөг зэрэг бэртлүүд элбэг тохиолддог байна.
Гадаа 5 хэм хүйтэн байсан ч хурдан морины нуруун дээр 20-оос дээш хэмийн хүйтнийг мэдэрдэг гэж тэд хэллээ. Мөн хавар цас ханзраагүй хүйтэн үед нүх, чулуу тараалдах бэртэх, тохиолдол урьд жилийн уралдаанд цөөнгүй гарсан.
Өнгөрсөн жил хоёр хүүхэд мориноос унаж бэртэл авсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Морь унаач хүүхдийн эрхийг хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар 8-ны өдөр гаргасан тушаалаар “11 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл” хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг. Гэтэл “Дүнжингарав” уралдаанд энэ хуулийг зөрчиж, хүүхдийн амь нас эрүүл мэндэд заналхийлж байна.
Хурдан морь уралдуулах нь төрт ёсны нэг зан заншил мөн боловч хавар намрын цагт уралдуулдаггүй уламжлалтай байсан гэдэг. Ер нь энэ төрлийн “экстрим спорт” уралдааныг зохион байгуулдаг хүмүүс бол бэл бэнчинтэй эрхмүүд гэдэг нь тодорхой. Гэхдээ морь унаач хүүхдийн эрх ашиг амь насыг адгуус амьтнаас дор тавих учиргүй баймаар.
Нөгөө талаас эрсдэлтэй гэж хүний эрхийн байгууллагууд сануулсаар байхад морин уралдааны тов зарлаж байгаа Засгийн газрыг тэдний гар хөл бологсод гэж ойлгохоос аргагүйд хүрч байна. Хүүхдийн эрхийг, хүүхдийн амь нас эрүүл мэндийг боддог л юм бол хавар зохион байгуулдаг уралдаанаа зогсоо гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас хүсмээр байна.
Үндэстэн агентлаг
URL: