Импортын бичиггүй бүтээгдэхүүн их байна
Монголд зарагдаж буй чанарын шаардлага хангахгүй хятад амтлагчуудын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдлын Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Д.Энхбатаас тодрууллаа.
-Хятад амтлагчуудаас ямар зөрчил илэрсэн бэ?
-НМХГ-аас сар шинийн баярыг угтан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод худалдаж байгаа хоолны амтлагчуудыг шалгасан. Хяналт шалгалтын явцад 265 зөрчил илрүүлэн, үүнээс одоогийн байдлаар 147 буюу 55.4 хувийг арилгуулан ажиллаж байна.
Их хэмжээгээр оруулж ирээд жижиглэж савласан, нэр хаяггүй бүтээгдэхүүн их илрүүллээ. Эдгээрийг худалдаж байгаа дэлгүүр, тасгуудад хөргөгч ч байгаагүй. Гэтэл хураагдсан бүтээгдэхүүний дунд хадгалалтын тусгай горимтой зүйлс ч байгаа юм. Тэгэхээр аль ч талаар найдваргүй хүнсийг иргэдэд өгч байна шүү дээ.
-Импортын бичигтэй энэ төрлийн бүтээгдэхүүн манайд байгаа юу?
-Зөвшөөрөлтэй хэд хэдэн компани бий. Гэхдээ хятад наймаачдын хувьд далд хэлбэрээр оруулж худалдах нь ашигтай. Тиймээс гаальтай машинуудыг зохицуулж, хил гаалиар чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн оруулах нь их байна. Монгол Улсын хуулиар иргэд хүнсний бүтээгдэхүүн импортлох эрхгүй болсон. Зөвхөн аж ахуйн нэгж л ийм эрхтэй. Хоёрдугаарт, хаяг, шошгогүй ийм төрлийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлдэггүй. Тэгэхээр ямар замаар орж ирдэг нь тодорхой шүү дээ.
-Хятадад хүний биед хортой хуурамч амтлагчуудыг илрүүлсэн гэсэн. Манайд бас орж ирдэг байх. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Бид зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг түүвэрлэн лабораторийн шинжилгээнд оруулахаар төлөвлөж байна. Түүнээс урд хөршөөс ирдэг бүх бүтээгдэхүүнийг судалж, сэтгэл хангахуйц нарийн үр дүнд хүрэхэд хүндрэлтэй. Шинжлүүлж чаддаггүй юм гэхэд манайх энэ төрлийн бүтээгдэхүүнийг хориглох ёстой.
-Дараагийн асуудал эдгээр амтлагчийг хэрэглэдэг цайны газрууд байх тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Хяналтаар очиход жижиг цайны газруудад бүгдэд нь л энэ хятад амтлагчууд байдаг. Хэдий зөвшөөрөлтэй борлуулдаг супермаркетууд байгаа ч тэд хямд төсрийг нь бодож, найдваргүй бүтээгдэхүүн авдаг. Бид хураан авч, анхааруулдаг ч эх үүсвэрийг нь устгаж байж наад захын асуудлаа ярих хэрэгтэй. Иргэд энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа хадгалалтын хугацаа, гарал үүслийг нь сайн харахыг анхааруулъя.
-Эдгээр амтлагчид хэдэн төрлийн шинжилгээ хийх ёстой байдаг юм бэ?
-Импортын хүнсийг бага, дунд, өндөр эрсдэлтэй гэж ангилдаг. Эдгээр хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь өндөр эрсдэлтэй ангилалд багтаж байна. Ёс журмын дагуу бол хилээр нэвтрэхэд нь лабораторийн шинжилгээнд хамруулах учиртай. Харин хураагдсан хүнсэнд хилээр нэвтэрсэн гэх ямар нэгэн бичиг баримт алга.
Засгийн газрын мэдээ
URL: