УИХ-аас Монголбанкны үйл ажиллагааг шалгана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулжээ.
Ажлын хэсэг өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 30-ны хооронд шалгалт хийх аж. Шалгалтаар төгрөг буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдлыг хангах, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхлээд санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэвлэсэн мөнгөний хэмжээ болон алдагдалд зэрэгт дүгнэлт хийнэ хэмээн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэв.
Тэрбээр, “Монголбанк 2012-2016 онд найман их наяд төгрөг хэвлэсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголбанкны тайланд 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай байсан гэсэн байна. Гэтэл саяхан шинээр томилогдсон удирдлагууд нь Монголбанкны алдагдал дөрвөн их наядад хүрсэн гэсэн мэдээлэл өгсөн. Энэ алдагдлыг Засгийн газраас үнэт цаас гаргах замаар нөхдөг бөгөөд улсын төсөвт ихээхэн хэмжээний дарамт учруулдаг. Тиймээс энэ бүх алдаа, дутагдлын шалтгаан нөхцлийг тогтоож, хууль зөрчсөн үйлдүүдэд хариуцлага тооцох ёстой. ” гэлээ.
Монгол Улсын эдийн засгийн хүндрэл Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой хэмээн Ц.Даваасүрэн гишүүн онцлов. 2012 оны долдугаар сард ам.долларын ханш 1450 төгрөг байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2400 төгрөг болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, төгрөгийн худалдан авах чадвар 70 хувиар буурсан байна. Төгрөгийн худалдан авах чадвар буурах хэмжээгээр ядуурал, эдийн засгийн уналт нэмэгддэг хэмээн тайлбарлав. Тэрбээр, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нийт гурван их наяд төгрөг хэвлэж, дотоодод байсан гурван тэрбум ам.долларыг гадаад зах зээлд гаргасан. Түүнчлэн ажилтнууддаа орон сууц олгох нэрийдлээр хэдэн арван тэрбум төгрөг үрсэн. 2014 оны зургадугаар сард хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 200 тэрбум төгрөг байсан бол нэг жилийн дотор 900 тэрбумд хүрсэн Энэ бүх асуудлыг шалгаж, залруулах шаардлагатай” гэв.
2012 оноос өмнө Монголбанк жилд 120 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажиллаж байжээ. 2012 оноос хойш тус банк ихээхэн хэмжээний алдагдалтай ажилласан тул алдаа дутагдлыг нь илрүүлж, залруулах зорилгоор шалгалт хийж байгаа юм. Шалгалт өмнөх Засгийн газарт буруу тохох мэтээр улс төрийн зорилго агуулаагүй гэдгийг ажлын хэсгээс онцолсон юм.
Эх сурвалж: Montsame.mn
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Одоо эд нар банкны ажил ойлгох бүү хэл баруун зүүнээ сайн ялгахгүй яваа шүү дээ, яана даа