Баривчилгаа” шударга ёс тогтох эхлэл үү?

c8afcac83dbc1a8e4af6df1d70e1913aАН-ын зарим улстөрчдийн хүрээнд Цагаан сар хар сар болох таагүй дүр зурагтай байна. Саяхан ар араасаа өрнөсөн хоёр баривчилгаанд олон нийт төдий л анхаарал хандуулахгүй байгаа нь ажиглагдсан. Учир нь Хөгжлийн банкныхан бондын мөнгийг хэрхэн цацсан , хэн хэн нь хэмжээгүй их зээл авсан талаар иргэд Хууль зүйн байнгын хорооны бас чуулганы хурлаас зурагтаараа зөндөө сонссон. Хэтрүүлж хэлэхэд анхан шатны хэрэг бүртгэлийн түвшинд хүрсэн мэдээлэлтэй болчихсон суугаа. Ийм мэдээллийг эрх баригч намаас массын тархинд суулгасан ч гэж болно. Хазайсан дээр нь түлхэж буй хэрэг биш.

Арай л, арай л юм билээ гэмээр тоон дүнтэй цохьчихсон төсөв мөнгө АН-ын төр барьсан дөрвөн жилд байсан. Ер нь бол их бүтээн байгуулалт зарлаж халхалгаа хийгээд, ард нь хэдэн фракцаа тултал борддог нь эрх баригчдын арга барил шахуу болчихсон. 2012-2016 онуудад улсынхаа нийслэлийг 21 аймгийг хатуу хучилттай замаар холбож иргэдийн таашаалд хүрэхийн цаана ой тойнд багтамгүй их мөнгийг замын халхавчаар бие биендээ шахаад Засгийн газрын хурлаар баталгаажуулаад гаргачихаж байсан талаар хэвлэлүүд таамаглан бичиж байна.

АТГ энэ мөрөөр орохгүй гээд яахав. Фортуна бол яахав. Намынхныхаа арыг даасан их мөнгөний том тойрогт нь хүрд эргүүлж суусан байх. Өөртөө юм наагаагүй. “Миний амьдрал дордсон уу гэхээс дээрдээгүй” гэж суугаа нь ч үнэн байж магадгүй. Бас хамаагүй ярьчихдаг шигээ хийчихдэг байж мэдэхээр л задгай харагддаг эр л дээ. Жирийн хүн талаасаа шүү дээ. Харин Б.Гарамгайбаатарын хувьд бол гарамгай цавчиж байсан байна гэхээр баримт хардлагуудыг хэвлэлүүд гаргаж тавьсаар байгаа. Бондын мөнгийг ид цацаж, чиний миний тал их бага хэмээн хувааж авч байх үед Б.Гарамгайбаатар эдийн засгийн байнгын хороог даргалж байсан нь асуудлыг ээдрээтэй болгож байгаа. Компаниасаа нэр салган, төрсөн хүүдээ тамгаа атгуулсан хэрнээ “би ямар ч хамаагүй, оролцоогүй” гэхэд захын хүн үнэмшихэд бэрх. Үнэхээр хамаагүй юм уу гэхээр манай хүнийг ЭЗБХ-ны дарга байх тэр үед л хүүгийнх нь “Монроуд” компани замын том тендерүүдийг мөн ажлынх нь тал нь хийгдчихсэн замын тендерийг авчихсан бололтой.

Энэ мэт үнэндээ нүүр улалзуулсан юм хийж, хэтрүүлэн цохисон нөхдүүдийн ард эрх барьж байсан нам нь фон болж байсан. Үүнийг бүгд ил харж байсан. Одоо тэд гишүүдээ өмгөөлөх үүргээ хэрэгжүүлнэ. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуультай холбож улстөржүүлэх хамгийн энгийн арга байгаа. Дуугүй байж болохгүй. Ядаж нам нь төрийг мөнгөтэй нь атгах ахуйд бүгдээрээ бондойж ард нь үлдсэн нөхөд нь “ингээд хаяж болохгүй” гэж шахаж байгаа. Ийм байдал АН-ын засгийн үед МАН-ын гишүүдийг АТГ шалгахад ч харагдаж байсан. Намын нэг нөхрийг нь сэжигтнээр татаж яс хорьж , мөрдөнд нас барсан гашуун дурсамж ч бий. Дараа нь талийгч өнөөх хэрэгт холбогдолгүй болж цагаадсан. Тэр үед МАН-ыхан АТГ болон хүчний байгууллагыг мөн л буруутгаж шалгагдаж буй гишүүддээ улс төрийн өмгөөлөл үзүүлэхийг оролддог байлаа. МАН ялж хуулийнханд шинэ салхи оруулж АН-ын талаас хариу авах тойрог үүссэн мэт харагдаж байгаа. Гэхдээ энэ удаа огт өөр түвшинд асуудал гарчихаад байна. Эдийн засаг нам мөлхөж, их өр тавьсан идсэн уусанд АН-ынхан их, бага ч буруутай гэдэг ойлголт нийгэмд хөрсжсөн байна.

Мөн ОУВС-ийн хатуу болзлоор чангалуулах болчихоод байгаа ард түмнээс дуу нэгтэй тавьж буй ганц шаардлага бол ийм байдалд хүргэсэн, идэж ууж завшсан бүлэг хүмүүс улстөрчидтэй хариуцлага тооц гэх шаардлага. Ийм нөхцөлд эдийн засгийн хувьд иргэдээ чангалж ирэх хавраас рейтэнг нь доош чангаагдах МАН балансыг бариулж иргэдээ тайвшруулах ганц гарц бол их өр бондын мөнгийг идсэн уусан нөхдүүдэд хариуцлага тооцож шударга ёсны алхам хийхэд улс төрийн талаас дэмжих явдал. Энэ хариуцлага тооцох жагсаалтын эхэнд байгаа гурван хүнийг АТГ шахаж шалгаж эхэллээ. Ард нь өнгөрсөн 4 жилийн их өр, бондыг санаачлагч ба гэр бүлсэг байдлаар ил шахуу тендердэж байсан Н.Алтанхуяг дарга асаны зарлан дуудах дээр улстөржилт хийх зохиол бэлэн болчихоод байгаа.

Шалгагдаж буй болон ар араас нь татагдан нэр холбогдох хүмүүс үнэхээр гэмт хэрэг хийсэн үү, үгүй гэдэгт бид одоо хариулах эрхгүй. Шүүх тогтооно. Бүгд цагаадаж ч болно. Харин энэ хүртэл туйлдуулсан улстөрчид яагаад зүгээр өнгөрөөд байдаг юм бэ… гэсэн олон нийтийн хязгаартаа тулж буй нэхэлд хариулт өгөхгүй л бол энэ хаврын улс төр нийгмийг доргиож мэднэ. Энэ бол “их баривчилгаа” гээд байгаа АТГ-ынхан эхлүүлсэн шалгалт мөрдлөгийг хурцалж буй улс төрийн тал байж болно. Хөөрхий үнэндээ бол маш олон ялгаварлал дундаас шударга ёс тогтоох, хуулийн өмнө эрх тэгш байх гэдэг ганцхан зүйлээр л иргэд улстөрчидтэй барьцаж, ээлжит баривчилгаа шалгалт хэрхэн төгсөхийг ажиглаж суугаа юм.

 Пүрэвжавын Баярхүү / тоймч/

URL:

Сэтгэгдэл бичих