АН-ыг гутаах экс МҮДН-чүүд
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг баривчилсан нь багагүй дуулиан тарьж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрх мэдлээ хэтрүүлж, “Чингис”, “Самурай” бондын мөнгийг үрэн таран хийсэн гэдэг үндэслэлээр, Б.Гарамгайбаатарыг албан тушаалаа урвуулан хувийн компанидаа бондын мөнгөнөөс авч өгсөн гэдэг шалтгаанаар цагдан хорих шаардлагатай болсныг АТГ-аас тайлбарласан.
Ардчилсан намын нэр бүхий гишүүдийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр баривчлан хорьсныг УИХ дахь тус намын бүлэг эсэргүүцэж, баривчилгааг МАН-ын сонгуультай холбоотой гэж үзэж байгаагаа бүлгийн дарга Д.Эрдэнэбат нь хурлаар мэдэгдлээ. Хөгжлийн банкнаас зээл авсан бүхнийг шалгах шаардлагатай бол “Чингис” бондоос хамгийн их мөнгө авсан МАН-ын гишүүдийг ч адилхан шалгах хэрэгтэйг ч тэр сануулсан.
Ийнхүү АН-ын шинэчлэгдэх үйл явцтай давхцаад тус намын экс МҮДН-ынхан “шаварт” унасаар байна. Үүний өмнө УИХ-ын намрын чуулган хаалтаа хийгддэг өдөр мөн л тус фракцийнхны холбоотой асуудал болох Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гараад буй.
ХХБ-ны талд экс МҮДН-ын дарга асан Да.Ганболд, тус фракцийн төлөөлөл Б.Мэдрээ нар байсан. Ер нь энэ бүхнийг харж байхад АН эрх барьж байхад хийгдсэн санхүүгийн махинициудад дандаа МҮДН-чүүд оролцож, бүр тэргүүлэн хийж ирсэн нь ойлгомжтой байна.
2012 оны УИХ-ын сонгуулиар олон суудал авч, засгийн эрхэнд гарсан Ардчилсан нам олон улсын хөрөнгийн зах зээлд “Чингис” бондыг арилжиж, 4.1-5.1 хувийн хүүтэй 5-10 жилийн хугацаатай 1.5 тэрбум ам.долларыг гадаадын хөрөнгө оруулагчдаас зээлсэн.
Чингис бондыг олон улсын зах зээлд гаргах, мөнгө олж ирэх бүх л ажлыг нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар хариуцаж байлаа. Ингэхдээ уг мөнгийг төсвөөс гадуур зарж, үрэн өөрийгөө “албан бус Ерөнхий сайд” хэмээж байсан тухай яриа бий. Ийнхүү экс МҮДН-ынхан АН-ын ер нь ардчиллын нэрийг унагасаар ирсэн түүх энэ удаа ч үргэлжилж байна.
И.Болд
gereg.mn
URL: