Төрийн албаны нэр барьж залилан хийсэн эмэгтэйд 13 жилийн ял оноов

шүүх(1)Төрийн албаны нэр барьж, халамж зээл тусламжид хамруулна хэмээн иргэдийг  залилсан хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ. Хэрэгт холбогдогч  Д.Сүглэгмээ нь өөрийгөө “Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын ажилтан   байна. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлно, Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон, гаалийн татварын мөнгө шилжүүл” гэх мэтээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын захирлуудыг хуурч байсан юм. Түүнийг өнгөрсөн жил цагдаагийнхан саатуулсан. Тэрбээр, өмнө нь залилан мэхэлсэн гэмт хэргээр ял шийтгүүлж суллагдаад, ялтай  байх хугацаандаа 194 иргэнийг залилжээ. 2014 оны  тавдугаар сарын 14-нөөс 2016 оны гуравдугаар сарын 23 хүртэл нийслэл хотын таван дүүрэг, 16 аймгийн нэр бүхий дээрх тооны иргэдээс  111,855,850 төгрөг авчээ. Түүнд Эрүүгийн хуулийн 148,4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх түүнийг ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр иргэдийг залилж, онц их хэмжээний мөнгийг нь авсан гэм буруутайд тооцож, 13 жил 1 сар чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

С.Дуулим

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих