МАН татвар нэмэхгүй гэсэн нь яалаа даа
МАН сонгуулийн өмнө олон сайхан зүйл амлаж байлаа. Эдийн засгийг сайжруулж, ард түмний нуруун дээр үүрүүлсэн хүнд ачааг авна, цалингаараа нутагтаа сайхан амьдрах боломжоор бүрдүүлнэ гээд л дээд, доодгүй л амлаж байсан. Магадгүй энэ амлалтад нь ард түмэн итгэн дийлэнх нь МАН-д сонголтоо өгсөн биз. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр тэдний хэлж ярьж байсан нь 360 градусаар эргэжээ. МАН татвар нэмэхгүй гэж байлаа. Харин өнөөдөр Олон улсын валютын сангийн даалгавраар нэлээд хэдэн татварыг нэмэгдүүлэхээр шийдчихлээ. Бас болоогүй татваруудыг нэмж татвар төлөгч жирийн иргэдийн халаас руу өнгийлөө. Биднээс л авч байвал хамаагүй гэсэн шиг төрийн данхайсан бүтэц, дарга нарын тансаглалыг танах тухай нэг ч үг өгүүлбэр орж ирсэнгүй. Үнэн хэрэгтээ бол дарга нар, эрх мэдэлтнүүдийн төсвийг танаж, төрийн албаны тоог цөөлж, зардлаа хэмнэх талаар ярих ёстой юм шүү, Ерөнхий сайд аа.
Тэгсэн үүнийг бодох ч завгүй яваа МАН-ынхан дараах татваруудыг нэмж, иргэдээсээ мөнгө “саах” ажлыг эхлүүллээ. Тэд дараах татваруудыг нэмнэ.
- Шатахууны онцгой албан татварыг долоодугаар сарын 1-нээс
- Хүн амын орлогын албан татварын орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай нэмэх
- Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх
- Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар
- Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар
- Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон.
- Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар 5 хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байгаа юм. Энэ бол ОУВС-ын даалгавар. МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бус ОУВС-аас зээл авахын тулд ийм хэмжээний татвар нэмэх, төсвийн сахилга батыг бий болгох ажлуудыг эхлүүлэв.
Угтаа бол тэд ийм байдлаар эдийн засгийг сайжруулах бус дотоодынхоо нөөц бололцоог ашиглаж, Тавантолгойн ордыг хэрэлдэж, хэмлэлдэхгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын зах зээлд гарган мөнгө босгох гээд олон аргыг хэрэглэж болох л байсан. Гэвч тэд иргэдийнхээ татварыг нэмэхийг илүүд үзлээ.
М.Төр
Цензургүй.мн
URL: