Засгийн газар Далай ламаар “туг тахиж”, хятадын дэмжлэгийг хүртэхээр боллоо
Хэдхэн сарын өмнө Далай ламын айлчлалаас болж, Монголын улс төрчдийн айлчлалыг цуцалж, зээл олгох гэрээгээ царцааж байсан урд хөршийнхөн гэнэтхэн сайхан аашлаж, монголчуудад туслах болсноо мэдэгдэв. Энэ нь цаанаа ямар нэгэн учир шалтгаантай гэх хардлага өдгөө нийгэмд төрөөд байна.
Хэсэг хугацаанд монголчуудаас нүүр буруулаад байсан урд хөршийнхөн Гадаад хэргийг сайд Ц.Мөнх-Оргилийг эх оронд урьж, монголын талд дэмжлэг үзүүлэх болсноо зарлаж орхив. Энэ нь Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх болсонтой холбоотой гэгдэж байгаа ч үнэн хэрэгтээ хятадууд монголын эдийн засгийг сэхээнд орсон байгаа энэ үеийг далимдуулж өөрсдийн хүслийг гүйцэлдүүлэх бодлого явуулж байхыг үгүйсгэхгүй гэж хардах олон байна.
Тодруулбал өнгөрсөн оны 10 дугаар сард УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д айлчлах үеэрээ хятадын талаас өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын хүндрэлтэй холбоотойгоор хоёр хүртэлх хувийн 20 жилийн хугацаатай хөгжлийн зээлийг олгох хүсэлтийг тавьсан байдаг. Харин Хятадын тал энэ асуудлыг судлахаа мэдэгдээд байсан ч Далай ламын айлчлалаас үүдэж, царцаад байсанюм.
Хятадууд монголын эдийн засгийг сэхээнд орсон байгаа энэ үеийг далимдуулж өөрсдийн хүслийг гүйцэлдүүлэх бодлого явуулж байхыг үгүйсгэхгүй
Тухайн үед “Энэхүү зээлийг Монгол Улс авсанаараа хятадаас хамааралтай болох аюултай. Далай ламын айлчлал энэхүү аюулын харангыг зайлуулж өглөө” хэмээн хэвлэлүүд бичиж байсан. Учир нь манай улс өмнө нь хятадаас хүсээд буй зээлтэй адил хэмжээний зээлийг хойд хөршөөс авч байсан бөгөөд тухайн үед “ах нар” биднийг хянадаг байсан юм. Харин Ардчилсан хувьсгал ялснаар улс төрийн, хараат зээлийн нөхцөл өөрчлөгдсөн гэж үздэг. Хожим бидний нэрлэж заншсан их өрийг тэглэх гэж бөөн асуудал үүсэж байсныг түүх мартаагүй. Тэгвэл урд хөршөөс авах зээл нь үүнтэй яг ижил. Өөрөөр хэлбэл БНХАУ-аас авах хөнгөлөлттэй зээлийг “эрх чөлөөг хумих” нөхцөл дагаж ирнэ. Тэд төслөө үнэлнэ, тоног төхөөрөмжөө нийлүүлнэ, ажиллах хүчний квотоо тогтооно, бүтээгдэхүүний борлуулалтыг хараат болгоно. Гол аюул нь энэ бөгөөд цаашид 20 жилийн турш хятадууд манай улсад хяналт тавих хөрс суурь болох байсан. Үүнийг ч урд хөршийнхөн судлахгүй өнгөрөөгүй нь лавтай.
Тиймээс ч Далай ламын айлчлал нэрээр монголчуудыг сүрдүүлж, төрийн айлчлалуудыг цуцалж, хилийн боомтуудын татвар хураамжийг нэмж, зээл тусламжаа царцаасан бололтой. Харин Монгол Улсын Засгийн газраас энэ засгийн үед Далай лам манай улсад айлчлахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж, ёстой л шалдаа бууснынх нь дараа ийнхүү дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
Ингэхдээ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Монголын тал Хятадын амин чухал сонирхлыг хүндэтгэж байгаагаа дахин нотолж байгаад Хятадын тал баяртай байна. Монголын талтай хамт дээд давхаргын харилцаагаа сайн төлөвлөж, хоёр орны стратегийн харилцаа холбоог эрчимжүүлэн, эрчим хүч, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулж, залуучууд, хэвлэл мэдээлэл, боловсрол зэрэг салбарын хүмүүнлэгийн солилцоог өргөтгөж, олон салбарын харилцаа холбоог эрчимжүүлэн, энэ удаагийн айлчлалаар дамжуулан Хятад, Монголын харилцааг эрүүлээр хөгжүүлэх замд оруулах ёстой. Санхүүгийн дэмжлэгийг ийнхүү өргөжүүлсэн нь Бээжингийн хувьд дахин эхлэхэд бэлэн байгаагийн илэрхийлэл” хэмээн мэдэгдсэн нь мөн л олны анхаарлыг татаж байгаа юм.
Ямартай ч Монгол Улсад шилээ харуулаад байсан урд хөршийнхөн манай улсад ямар дэмжлэг үзүүлэхийг цаг хугацаа л харуулах буй за.
24tsag.mn
URL: