Өнөөдөр Дэлхий дахинд

Арабын орнуудын лигийн төлөвлөгөөг Сири хүлээн авлаа

Энэ төлөвлөгөө тус улсад хүчирхийллийг зогсоож, гаднаас аливаа оролцоог болиулахад чиглэгдэж байгаа юм.

Үүнээс гадна шоронд хоригдож байгаа хүмүүсийг суллах үүргийг Дамаск хүлээжээ. Мөн цэргийн техникийг Сирийн хүн амын нягтаршил ихтэй газруудаас гаргах юм.

Арабын орнуудын Лигийн анги нэгтгэлүүд, дэлхийн болон арабын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилчдыг нутаг дэвсгэртээ оруулж чөлөөтэй явах боломжоор Сирийн зүгээс хангах болжээ. Хэрэв Сири улс эдгээр нөхцлийг биелүүлэх тохиолдолд сөрөг хүчинтэй хэлэлцээр хийж эхлэхэд бэлэн байгаа талаар Катарын ерөнхий сайд, гадаад хэргийн сайд Хамад бен Жасем Аль Тани мэдэгдсэн байна. Бид энэ хэлэлцээрт хүрсэндээ их баяртай байгаа, тэгээд энэ гэрээ хэрэгжиж эхэлбэл бүр ч их баярлах болно” хэмээн тэрээр хэлсэн юм.

Сүүлийн долоон сарын турш Сирид засгийн газрын эсрэг тэмцэл зогсоо зайгүй үргэлжилсээр байгаа билээ. НҮБ-аас гаргасан тооцоогоор тус улсад гурван мянга гаруй хүн амь үрэгдсэн юм.

Хятадын бодлогыг эсэргүүцэн сүүлийн саруудад долоон лам зулын гол болжээ

“Хэрвээ чи Төвдөд Хятадын бодлогыг эсэргүүцэх юм бол баривчлагдаж, зодуулна, эсвэл сураггүй алга болж, зарим тохиолдолд үхэх болно” гэж Төвдийн Дүрвэгсэдийн Ерөнхий сайд Лувсан Сангай Вашингтонд болсон хэвлэлийн хурлын үеэр ярьжээ.

Тэрээр АНУ болон олон улсаас Хятадын бодлогыг эсэргүүцэж лам нар өөрсдийн биеэр зулын гол болж буй асуудлыг анхааралдаа авч, тухайн бодит байдал дээр нь очиж харахыг хүссэн байна.

Ердөө сүүлийн хэдэн сард гэхэд л Төвдтэй хил залгаа оршдог Сычуань мужийн Кирти гэх сүмийн долоон лам Хятадын бодлогыг эсэргүүцэж өөрсдийн биеийг зулын гол болгожээ.

Энэ сүмийн лам нар  Төвдөд эрх чөлөө олгохыг шаардаж, Хятадын бодлогыг байнга эсэргүүцдэг бөгөөд үүнийх нь хариуд Хятадын засгийн газраас тайван жагсаал хийх үед нь баривчлах, мэдээлэл авах боломжийг нь хаах, сүмээс гарахыг нь хориглох гэх мэт арга хэмжээг авсаар иржээ.

Лос-Анжелест нохой 10 минутаас дээш хуцах ёсгүй гэнэ

Үүнээс хойш нохой эзэмшигчид тэжээж байгаа амьтнаа сайтар анхаарахад хүрч байна. Нохой 10 минутаас дээшгүй хугацаанд хуцаж болно гэсэн шийдвэрийг Лос-Анжелес хотын шүүх гаргасан бөгөөд үүнийг нь дагаагүй тохиолдолд торгууль төлөх гэнэ.

Харин нохой хэр удаан хугацаанд хуцаж байгааг ан амьтны хяналтын албаны ажилчид хянах гэнэ. Эхний алдаанд эзэд нь 250 доллар, хоёр дахь удаагаа 500, харин гурав дахь алдаанаас болж 1000 доллар төлөх болно.

Мужийн хуулинд өөрчлөлт оруулах болсон гол шалтгаан нь Гэри Леонардын гомдол болжээ. Тэрээр хөрш айлын нохой өдөр шөнөгүй хуцаж байхыг байнга сонсож сүүлдээ бүр ядаргаанд орсон байна. Ингээд тэрээр ан амьтны хяналт гүйцэтгэдэг албанд гомдол мэдүүлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих