Хазаарлаж чаддаггүй хар “ХОР”
Хөрс, ус, агаар, хүнс, орон сууц, хувцас эдлэл гээд хар тугалга биднийг амьсгалах, алхах бүрд сүүдэр мэт дагасаар. Энэ хорт бодис эд зүйл дээр нян шиг наалдсан байдаг. Тэгсэн хэрнээ бусад бодистойнэгдэж, нэгдэхдээ тун “сурамгай”. Хоол хүнсний найрлагад орсон хар тугалга ходоодоор дамжин хүний биед ордог бол агаар дахь нарийн ширхэгт тоосонцортой нэгдэж амьсгалаар нэвчдэг. Харин эд зүйлийн найрлага дахь хар тугалга нь тоос шороотой хамт агаарт дэгдэж, эсвэл идэж буй зүйл дээр наалдан биед нэвчинэ.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын энэхүү хар “нян”-тай хийсэн дайн бараг 40 жил үргэлжилж байна. Үхлийн шууд биш ч, дам шалтгаан болсон хар тугалга бүхий шатахуун, будгийг хориглосноор энэ дайн эхэлсэн түүхтэй.
Манай улсад анх 1999 онд хар тугалганы бохирдлын судалгааг хийж байжээ. Тухайн үед ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс үл ялиг их байсан бол өдгөө хэд дахин ихсэж, айдаст автуулаад байна. Шалтгаан нь агаар, хөрс, усны бохирдол мөн. Гэхдээ үүний зэрэгцээ өдөрт хэдэн зуугаараа Монголын хилээр гэтэлдэг импортын хүнс, бараанд хар тугалга тээгдэн ирсээр. Хүнсний ногоо, жимс, хүүхдийн тоглоом, барилгын будаг, гоо сайхны бараа гээд өдөр тутмын ихэнх хэрэглээ аюул дагуулсан хорт бодисын эх үүсвэр болж байна. Тиймээс манай улс энэхүү хорт бодист хэрхэн хяналт тавьдаг талаар сонирхлоо.
СТАНДАРТ ХҮЛЭЭЖ БУЙ ХОРИГ
Хуучирч халцарсан будагтай, тоос тортог манантсан байшинд эцэнхий жаал халтар тоглоомоор тоглоно. Энэ бол хар тугалганд хамгийн их өртөмтгий хүүхдийн дүр төрх. Олон орон энэ байдлаас салахын тулд 1978 оноос хойш хар тугалгатай будаг хэрэглэхийг хоригложээ. АНУ гэхэд хар тугалганы агууламжтай будагтай хуучны орон сууцуудаа лацдаж, иргэдээ нүүлгэн шилжүүлж байна. Мөн ийм будгийг хилээр нэвтрүүлэхийг хоригложээ. Харин манай улсад ямарч хориг байхгүй. Монгол Улс барилгын будгийн 54 хувийг БНХАУ-аас импортолдог бол ОХУ-аас 22 хувь, БНСУ-аас 17 хувийг оруулж ирдэг байна. Ингэхдээ ямар нэгэн лабораторийн шинжилгээ огт хийдэггүй, зөвхөн бичиг баримтын шалгалт хийдэг аж. МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын ахлах байцаагч Н.Энхтайван “Шадар сайдын тушаалын дагуу хилийн мэргэжлийн хяналтын газраас шалгах бараа, үйлчилгээний жагсаалтад барилгын будаг орсон. Гэхдээ гарал үүслийн болон чанарын гэрчилгээтэй эсэхийг л шалгахаар заасан байдаг. Манай хилийн боомтуудад будагнаас хар тугалганы агууламж шалгах чадамж байхгүй. Цаашид хилийн боомтуудын лабораторийн хүчин чадлыг нэмбэл хар тугалганы агууламжийг шинжлэх боломжтой” гэлээ.
Манай улсад барилгын будганд агуулагдах хар тугалганы хэмжээ тэдээс их байж болохгүй гэсэн ямар нэг журам, заалт байдаггүй аж. Стандарт, хэмжил зүйн газраас будаг үйлдвэрлэж буй ажлын байранд хар тугалганы зөвшөөрөгдөх хэмжээг л тодорхойлсон байдаг аж. Харин тухайн будаг ямар найрлагатай, хар тугалга ямар хэмжээтэй байх талаар заагаагүй байна. Тиймд юун түрүүид стандартыг батлах нэн шаардлагтайг албаныхан онцолж байлаа.
Ийнхүү хар тугалгатай будгийг хориглосноос хойш бараг 40 жил өнгөрч байхад манай улс ямар ч арга хэмжээ аваагүй, хилийн хяналт маш муу байгааг бид мэдлээ. Дэлгүүрийн лангуун дээр зарагдаж буй будгийн найрлагыг судалж, шинжилсэн газар үнэндээ огт олдсонгүй.
Хар тугалгатай будаг илүү удаан тогтоцтой учраас бараа үйлдвэрлэгчдийн хувьд гол “зэвсэг” нь байсаар ирсэн. Жишээ нь, БНХАУ-ын хүүхдийн тоглоомын үйлдвэр хар тугалгатай будаг хэрэглэдэг нь жил гаруйн өмнө тогтоогдож, багагүй дуулиан дэгдээсэн. Европын зарим улс яаралтай арга хэмжээ авч тус үйлдвэрийн тоглоомыг дахин хилээрээ нэвтрүүлэхээс татгалзсан юм. Харин манайд энэ мэдээлэл ам дамжсан яриа төдийхнөөр мартагдсан гэхэд хилсдэхгүй.
Монголчууд барилгын будаг, хүүхдийн тоглоомынхоо ихэнхийг БНХАУ-аас авдаг гэдгээ мартаж боломгүй.
Мөн гоо сайхны бараа, зай зэрэг хар тугалганы эх үүсвэрүүдийг эрсдэл багатайд тооцож хилээр нэвтрэхэд нь нарийн шалгалт хийдэггүй юм билээ.
ХООЛ УУ, ХОР УУ
Хар тугалгатай хөрсөнд мөн тийм агууламжтай ногоо, үр тариа ургадаг. Бохирдсон хөрсөнд ургасан хүнсний бүтээгдэхүүн идвэл хар тугалгыг “зооглож” байна гэсэн үг. Бидний өдөр тутмын хүнсэнд хар тугалга гэгч “хор” хаа сайгүй тархжээ. Хоёр жил гаруйн өмнөх судалгааг сөхвөл манай улсын импортолсон хүнсний бүтээгдэхүүний ихэнхэд нь хар тугалга илэрсэн байна.
Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомт, “Нарантуул”, “Хүчит шонхор” “Барс-1” бөөний худалдааны төв “Номин”, “Миний дэлгүүр”-т зарагдаж байсан импортын хүнснээс 145 дээж авч судалжээ. Мөн 1290 хүний өдрийн хүнсний хэрэглээнд тулгуурлан хүний биеийн жинд ногдож байгаа хар тугалганы хэмжээг тогтоосон байна. Үр дүнд нь, НҮБ болон ДЭМБ-аас хамтран гаргасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3.2 дахин өндөр байв. Энэ нь хар тугалгатай “дайтаж” буй АНУ-ын иргэдийнхээс даруй 2.3 дахин их хэмжээ юм.
Дээрх судалгаанаас харахад хүнсний ногоонд хамгийн их хар тугалга агуулагджээ. Үүний араас үр тарианы бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүн болон махан бүтээгдэхүүнүүд жагсана.
2015 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн цагаан будааг атом шингээлтийн аргаар шинжилэхэд хар тугалга мөн л өндөр хэмжээтэй гарчээ. Үүний улмаас МХЕГ-аас хилээр нэвтэрсэн буй цагаан будааны агуулах бүрээс дээж авч шинжилдэг болсон нь сайшаалтай. Гэвч ингэж нарийн шинжлэлгүй, зөвхөн бичиг баримтыг нь бүрдүүлэн оруулдаг бүтээгдэхүүнүүдийг тоочоод баршгүй.
Хар тугалгыг илрүүлж, судалдаг хамгийн сайн төхөөрөмж нь атом шингээлтийн спектрофотометр юм. Манай улсад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/ болон Физик, технологийн хүрээлэн хоёрт ийм төхөөрөмж бий. НЭМҮТ иргэдийн хүсэлтээр хүнс, эд бараа болон орчны бохирдлыг шинжилдэг байна. Гэвч бид хэрэглэж буй хүнсээ шинжлүүлье гэхэд “Төхөөрөмжид хэрэглэдэг бэлдэц нь дууссан. Санхүү байхгүй” хэмээн буцаалаа.
Эцэст нь бид хар тугалгаар “бялууртлаа” бохирдсон орчинд амьдарч буйгаа мэдлээ. Цаашид яах вэ гэдэг асуулт үлдэж байна. Албаны хүмүүс, мэргэжилтнүүдтэй уулзахад “Манайх ядуу буурай орон учраас яах ч аргагүй, эсвэл нэгэнт тартагтаа тултал автсан тул яагаад ч нэмэргүй” гэх хандлага ажиглагдаж байсныг нуух юун. Энэ хандлага нь хар тугалгыг бидний амьдрал, эрүүл мэнд мөхөлд ойртсоныг илтгэх тоо баримт нийтэд түгээгүйн шалтгаан юм. Бас үхэл дагуулсан хорт бодисыг хазаарлах төрийн бодлого байхгүйн нэг учиг ч юм шиг.
Өдөрт хэдэн мянган тэвш хүнс, бараа бүтээгдэхүүн Монголын хилийг гэтэлдэг. Чухам хоол уу, хор уу гэдгийг төдийлэн ялгаж чадахгүй байгаа нь нүдээ боогоод тааралдсан болгоноо амандаа чихэж яваагаас ялгаагүй. Үл тоосоор үхэл дагуулагч хар “нян”-д идэгдсээр байх уу.
[ЗГМ]
URL: