УУЦ МАНААЧ

uutsНүд гялбам цагаан талд гурван айл, хот хороотойгоо борлон харагдах нь бусдаас содон. Төрийн тахилгат хайрхан Ханхөгшиний нөмөрт хорогдох өвелжөөгөө тойрон буусан гурван айлын яндангаас хааяа хааяахан аргалын утаа боргилохыг эс тооцвол нүдэнд бөртөлзөх зүйл тэнд харагдсангүй.

Үдийн өмнө зарцсан мэт нам жим байсан энэ хот айлынхны хөдөлгөөн наран хэвийх үед идэвхжлээ. Цасан дороос дуртай амттанаа өдөржин түүж идсэн хонин сүрэг нэгэн жимээр ар араасаа хот руугаа цувна. Энэ үед хэд хэдэн дээлийн шилбэ хадан толгой өндийх ч завгүй суусан эзэгтэй хонь бэлчихэд гаргаж тохсон хувцсаа идэмхий ямаанд хивүүлэхээсээ урьтаж хот руугаа орлоо. Хот хороо болон саахалтын зайд нүдэнд тусах хог байсангүй. Хот айлаас холгүйхэн бууц уугина. Эзэгтэй гаднаас хувцсаа оруулж ирэнгүүтээ цасан дээр гөвж шинэ мэт болгосон жаргалын найман морьтой хивсээ гэр тойруулан дэвхийтэл татаж, булан тохойд нь хуралдсан тоос шороог үдэхээр хэдэн хормын өмнө сандаачсан тавилга саваа шаламгай гэгч нь цэгцлэв ээ. Мөн авдраа нээж хэд хэдээр нь давхарлан боосон мөнгөн аяга, хурганы арьсан болон сэгсүүргэн дээл тэргүүгаийг гаргахын зэрэгцээ ёроолд нь хадгалсан орос бүтээлгээрээ ороо бүтээсэн нь шинэхэн дэвссэн хулдаасан дээрх өнгөлөг шаргал хивстэй өнгө хоршино.

Өнгөлөг шаргал хивсэн дээр атга дүүрэн шагайгаар сүрэг багцлан наадах хүүхдүүд тоглоомоо түр орхин гарч гүйцгээв. Харин энэ гэрийн эзэгтэй гал дээрээ цай үйнгээ өөрийн бэлтгэсэн ааруул, ул боов, дөрвөлжилж царцаасан үзэмтэй тос, чихэр, жимс тэргүүтнээ гаргав. Дөнгөж саяхан гарч гүйсэн жаал хамаг хурдаараа орж ирээд “Буурал аавынх тавгаа засч байна” хэмээн чангаар хэлснээ ээжийнхээ гаргаж тавьсан зүйлсийг хараад“Ураа… манайх ч бас тавгаа засах гэж байгаа юм уу” хэмээв. Гэрийн эзэгтэй буюу миний ээж “Тийм ээ, миний хүү ийшээ суугаад алаг мэлхийгээ өр” гээд дүүд зориулан ширсэн цагаан дэвсгэрээ заав. Ингээд хэдхэн хормын дотор тавгийн идээ сүндэрлэж, харин би үүрэгт ажлаа хүлээж авлаа. Ээжийнхээ ажилд хамаг л чадлаараа өдөржин тусалж хэрэндээ л ядарсан би үргэлжлүүлэн үүрэгт ажлаа хүлээж авч буйдаа харин ч таатай байдаг юм. Хамгийн чухалд тооцогдох энэ ажил бол “Ууц манаач”.

Битүүний орой томилогддог энэ албыг нэг бус удаа хүлээн авч буй тул нэлээд туршлагатайд тооцогдоно оо. Энэ албыг би өөртөө бий болгосон гэж хэлж болно. Учир нь, би гэдэг хүн бага байхдаа “хүний нүд хариулж байгаад л” ууцны годонг тас хазчихдаг байжээ. Энэ хэрэг удаа дараа давтагдсан ч “Жаахан юмыг яалтай ч билээ” гэсэн зүйл заалтаар цагааддаг байсан бол одоо дүүгээ ийм хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээх болсон юм.

Ажлаа хүлээж аваад удаагүй байхад айлынхан битүүлцгээхээр манайд цуглана. Энэ үед дүүгээс өөр гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхөд олширдог тул эргүүлээ чангатгах зорилгоор айлын хүүхдүүд рүү үе үе муухай харах шаардлага зайлшгүй тулгардаг байв. Бөх барилдаж, уртын дуу эгшиглэн эрчүүд зурагтын өмнө багшралдах тул намайг айлын хүүхдүүд рүү муухай харж буйг анзаарах хүн бараг байдаггүй юм. Удалгүй зурагтын эх үүсвэр аккумуляторын цэнэг дуусч бөхөө дуустал үзэж чадаагүйдээ эрчүүд бага зэрэг харууссан ч битүүлэх ёсоо чухалчлан гэр тойрон сууцгаав. Сарын өмнөөс л гэрийнхээ бүх зүйлийг цэвэрлэж, cap шинийн бэлггэл ажлын ард гарсан ээж ягаан торгон дээлээ өмсөөд галынхаа дэргэд цомцойн сууна. Доржоо ах дугараа барьж Дууяа эгч магтаал уншина. Ширээ дүүрэн идээнээс бүтүүртлээ ундаалцгаана. Хэсэг хугацааны дараа гэмг хэрэг үйлдэж болзошгүй нөхөд давсанд явж би үүрэгт ажлаасаа буухгай зэрэгцэн битүүлэг ч өндөрлөнө. Хэдхэн хормын дараа хотонд хонь янцагаахаас өөр аниргүй боллоо. Харин миний дэргэд ээжийн оёсон шинэ дээл, шинэ цамц, хувцасны үнэр сэнгэнэж, айлын эгч маргааш ямар бэлэг өгөх бол гэж бодохоор нойр минь хүрнэ гэж үгүй. Бусдаас ирэх бэлэг сэлтийн тухай бодсоор “Миний охин босоорой” гэх ээжийн дуунаар сэрнэ. Мандах нарны шаргал туяанд цайгаа самрах ээжийн минь төрх, хувцас, гоёл зүйсгэл нүд булаахад “Ээж, та хамгийн хөөрхөн нь” гэж өөрийн эрхгүй хэлэхэд хүргэнэ. Харин “Баярлалаа сайхан үр минь. Энэ өгаөөг хэрхэн эхэлж, ямар байхаас энэ жилийн өнгө тодорхойлогдох тул миний охин эртхэн босч, гялалз” гэдэг юм.

Наран ургахтай уралдан гэрийнхэн шинэ хувцсаа өмсөн, ээжийн оёсон дээлээр ижилсцгээнэ. Морио эмээллэн зүг чигээ гаргасны дараа гэр бүлийнхэнтэйгээ золголт хийгээд өвөөгийнд орно. Хотол олноороо өвөөгийнд шинэлэхээр цуглацгаасан байна. Заншлын дагуу ахмадуудгайгаа эхэлж золгоод гэр тойрон сууцгаана. Уртын дуу аядуу эгшиглэж таваг дүүрэн бууз, тансаг идээ, ундаа гэр дүүргэсэн олны хэнийг нь ч орхилгүйгээр тойрно. Саахалт айлын Жамаа ах Цэрмаа эгчийг бүтүүхэн харуулдаж буй нь нүдэнд тусна. Жамаа ах Цэрмаа эгчийг эргүүлэх болсноор нэлээд удаж байгаа ч ямар ч үр дүнд хүрдэггүй юм. Би түүний захидлыг хэд хэдэн удаа дамжуулж байлаа. Цэрмаа эгч захидлын хоосон зайд хэдэн үг бичсэн болоод буцаана. Түүнийг авсан Жамаа ах уравгар царайлахыг харахад түүний хайр сэтгэлийн илэрхийлэл бүтэлгүйтсэн нь илт. Тэдний мөргелдөх харцыг ажин суутал шөнөжин хүлээсэн бэлэг маань гар дээр ирж, түүнийгээ шалавхан өвөртлөөд гэр рүүгээ гүйв.

Бөн бөн шогшуулсаар уяан дээр буусан нутгийн ах нар нэхий дээлний нударгаа савчуулсаар хэсэг хэсгээрээ орж ирэв. Аав, ээжийн амар мэндийг эрж, хадаг дэлгэсэн ах нар гэрийн хоймор завилан суугаад хөөрөг зөрүүлж, хөгжилдөцгөөнө. Тэд угалз хээ болсон монгол гутал өмсч, дөрвөн талт булган малгай тавьж, мөнгөн тоноглолтой бүсээр чамирхжээ. Тэднийг дайлж, цайлах би шинийн 1-ний өдөр өчүүхэн ч чөлөөгүй ажиллана.

Харин шинийн 2-нд өвөө, эмээ дээрээ очиж золгохоор аав, ээжийн хамт сумын төв явдаг юм. Золголт хийхээр ирсэн хүн атлаа аяга цай уучихаад л найз руугаа гүйнэ. Найзтайгаа хамт сумын төвийн хамгийн арын гудмын айлаас “айл хэсэлтээ” эхэлдэг байв. Ихэнх айлыг нь огт танихгүй ч монгол ёсыг бодолцон айл бүр дээш суухыг урих авч бид бэлгээ аван бушуухан гарахын түүс болно. Тэд ч бидний санааг ойлгоод бэлгээ өгөөд үүднээсээ буцаана.

Харин тэгтэл сумын төвийн их эмч Сандаг-Очир гуай биднийг оронгуут “Хүүхдүүд дээшээ суу” гээд л идээ, будаа, айраг цагаа болно. Түүний дараа бидний нэрийг нэгд нэгэнгүй асууж “Өө, чи тэдний хүүхэд үү. Аавтайгаа тун адилхан юм. Эдний өвөө бид хоёр хар багаасаа тоглож өссөн” гэж эхэлсэн яриа нь цааш өвөө, Сандаг-Очир гуай хоёрын цэл залуу нас, цэргийн алба хаасан үе хүртэл үргэлжилнэ. Бид явмаар байвч Сандаг-Очир гуайн яриа мөд өндөрлөхгүй . Ярих хоорондоо “Хөгшөөн хүүхдүүдэд бууз жигнэ” гэнэ. Бид идэхгүй гэхээр “Идэж байж л гаргана даа” гээд харааны шилнийхээ дээгүүр учиртай ширтэнэ. Үнэндээ бидэнд бууз идэх биш бэлгээ авах л сайхан санагддаг байсан тул гараад гүйчихмээр л болно. Гэвч ахмадаа хүндлэх ёсонд баригдаад яриаг нь дуустал сонсоно. Ингээд Сандаг-Очир гуайнд цүдийтлээ бууз идсэн хоёр бэлгээ өвөртлөөд гарна. Тэдний хөгшин бидэнд тун чамбай бэлэг өгөх нь нүд хужирлана. Гэхдээ зарим айлын бэлэг бидэнд таалагдахгүй байх нь бий. Таалагдахгүй бэлгээ айлаас гарангуут гэрийн бүслүүрт нь хавчуулчихаад зугтдаг байв. Харин тэдний өгсөн бэлгийг хачин нандигнадаг байж билээ.

Сумын төв бараадсан 300-гаад айлаар нэг өдөр орно гэдэг амаргүй ээ. Бид дундаа нэг тортой. Top маань 30-аад айлаар ороод л дүүрчихнэ. Top дүүрэн юм авч явах нь төвөгтэй санагдах тул замдаа хоёул буян үйлдэнэ. Хамгийн хүнд санагдсан амттанаасаа зөрж өнгөрөх нохдод өгдөг байв. Ингээд тор дүүрэн амттан дундрахаар үргэлжлүүлэн айл хэснэ. Зарим айлд өндөр настай эмээгээс өөр хүн байдагтүй байв. Эмээ биднийг орж ирснийг анзаарсан ч шинжгүй маань уншаад л сууна. Харин бид бэлэг өгөхийг хүлээн суусаар л. Тэдний ширээн дээр гавсаагаар зассан жижиг таваг болон чихрийн тавагнаас өөр зүйл харагддаггүй байв. Харин бид бэлэг өгөхийг нь хүлээн хэсэг сууна. Эмээ тэгж тэгж эргэнэгээ уудлан хоёр ширхэг гэрийн боорцог, хоёр ширхэг ёотон өгнө. Бид гайхашран биес рүүгээ харснаа, нэгнийгээ шоолж учиргүй инээнэ. Нар жаргахтай зэрэгцэн бид сумын төвийн бүх айлаар орж дуусдаг юм. Ингээд тортой амтганаа тэнцүү хуваагаад салцгаана.

Харин шинийн 3-наас манайхыг зорих золголтынхон тасрахгүй. Ирсэн хүн бүрийг харж хөөрч баясах сайхан. Холоос олон морьтон ирж явааг харахаар догдолно. Ямар сайндаа л нохдын чимээнээр гарч гүйхдээ гал дээр цай чанаж зогссон ээжийн хөлд тээглэн халуун зууханд духаа халцартал унах вэ дээ. Одоо тэр сорви cap шинийн өгпөө бүр яршддаг бичил түүх болжээ. Энэ өдөр би үүрэгт ажлаасаа бүрэн чөлөөлөгддөг юм. Учир нь шинийн 3-нд ихэнх айлууд тавгаа хурааж, ирсэн зочдодоо тавгийн хишиг хүртээдэг.

Зочдын унасан зүс өтгөрсөн морьдын цан хичнээн холоос ирснийг илтгэх шиг. Ирсэн зочдын зарим нь “Хавар мал буцаахдаа бууж буузаа жигнүүлнэ шүү” гэнэ. Ул боов боогоод өгех гэхээр “Орох айл олон. Буцахдаа авъя” гэнэ. Энэ үгийг манай нутгийн Санжаа ах их хэлнэ. Тэр эргэж ирнэ гтж хэлчихээд ер ирж байгаагүй. Өнөө олон айлаараа орсоор архинд нэлээд согтож, хаа нэгтээ “тасарчихдаг” байх. Гэхдээ л яаж ч согтсон тэр өдөртөө багтаад гэртээ харьчих “амьтай”-гаа. Гэсэн ч эхнэртээ загнуулна. Тэдний эхнэр их сайхан хүүхэн. Өмссөн дээл нь үргэлж бусдаас содон. Хөмсгөө жирвийтэл буцаж, хацраа үл ялиг ягаанаар тодотгох нь хөдөөгийн бидэнд “дагина” шиг санагддаг байв.

Хөдөөгийн Цагаан cap энэ л янзаараа бараг хагас cap үргэлжилдэг юм. Шинийн 14-15-ны үеэр захын нэг малчин айлд буухад авдрынхаа ёроолоос жоороо гаргаж хундагална. Хатуу юм байхгүй бол бууз жигнээд угтах нь сайхан. “Ууц манаач” миний зүрхэнд Цагаан cap ийм л байдлаар дүрслэгддэг юм даа.

 

Р.РЕНЧИНДУЛАМ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Tags:

Нэр: Зочин Огноо: 22 February 2017

Хонь янцгаана гэж яадаг байна аа.Энэ сэтгүүлч монгол хүн мөн үү.

Сэтгэгдэл бичих