САНХҮҮГИЙН САХИЛГА БАТ ТУЛГАСАН БОЛЗОЛ
Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойшхи анхны Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед Монгол Улсын төлбөрийн балансыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах, ажилгүйдлийг бууруулахад зориулж 13.75 сая ам.долларын тусламж үзүүлж байсан Олон улсын валютын сан (ОУВС)-гийнхан найман жилийн дараа дахин 440 сая ам.долларын зээл олгохоор болов. Найман жил хэмээн тодотгосон нь 2009 оны хямралыг даван туулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, алдагдал бууруулах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор “Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж 18 сарын хугацаатай жилийн таван хувийн хүүтэй 229.2 сая ам.долларын тусламжийн зээл авч байсан юм. С.Баярын Засгийн газрын үед авч Сү.Батболдын танхим үргэлжлүүлсэн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс төсөвтөө гурван удаа тодотгол хийж, орлого, зарлагаа өмнөх оноос 18 хувиар бууруулсны үр дүнд эдийн засгийн өсөлт -1.6 хувьтай гарч байв.
Албаныхны тогтоосноор 440 сая ам.долларын араас Япон, Солонгос, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас гурван тэрбум нийт 5.5 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт олгох нөхцөл бүрджээ. Ялгаатай нь, ОУВС-гийн гурав дахь удаагийн тусламж “Стэндбай” биш. Харин Extended Fund Facility (EFF) буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх ОУВС-гийн болзлыг Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн урьдчилсан тохиролцоо гэдгийг энд тодотгох хэрэгтэй. Учир нь, Монгол Улсыг “Өргөтгөсөн санхүүжилтайн хөтөлбөр”-т хамруулах шийдвэр ОУВС-гийн ажлын хэсгийн төвшинд хүрсэн тохиролцоо. Харин ирэх сард болох ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар эцсийн шийдвэр гарах юм. Гэхдээ нэг болзолтой. Тэр нь Монгол Улс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийх, банкны салбарт хийх ёстой үнэлгээний процессыг эхлүүлэх, Төв банкнаас санхүүжүүлдэг төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох гэсэн шаардлага. Мөн тодорхой шат дараатайгаар татвар нэмэгдүүлэх найман арга хэмжээг хэрэгжүүлэх асар хатуу болзлыг тулгаад буй. Нэг ёсондоо Монголын Засгийн газар хийгээд УИХ ирэх гурван жил ОУВС -гийнхнаар эдийн засгийн хичээл заалгахаар болж байна. Эндээс харахад Cap шинийн баяртай зэрэгцэн зарлах ээлжит бус чуулган М.Энхболдын ангийнхан, Ж.Эрдэнэбатын танхимд амаргүй даваа байх нь.
ОУВС тухайн улсын эдийн засгийн хямралаас шалтгаалж олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Харин энэ удаад Монголд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг асар хатуу болзолтойгоор хэрэгжүүлэх эхний зураглалаа зурлаа. Шалтгаан нь манай улсын эдийн засгийн хямрал илүү гүнзгийрч, банк, санхүүгийн сектор нь маргаантай, тэр хэмжээгээрээ эмзэг болсонтой холбон тайлбарлаж байна. Магадгүй өнгөрсөн хугацаанд олон улсын зах зээлээс ээлж дараалан босгож, арилжааны банкаар дамжуулан олгосон бондын мөнгөний хяналтгүй зарцуулалт, төсвийн үрэлгэн байдал нь өнөөгийн төвшинд хүргэсэн нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр сонголтыг бидэнд үлдээгээгүй байж мэдэх. Хамгийн багадаа гурван жил хэрэгждэг хөтөлбөрийн хүрээнд Монголын эдийн засаг бүхэлдээ ОУВС-гийн хяналтад орно. Ингэхдээ ОУВС-гийн гурван сарын давтамжтайгаар хяналт тавьж, арилжааны банкуудад шалгалт хийх юм.
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг дэлхийн бусад улсад хэрэгжүүлсэн тохиолдол цөөнгүйбайдаг ч дийлэнх нь тохиролцооноос эргэж буцсан шийдвэр гаргаснаар бүтэлгүйтэж байжээ. Харин БНСУ-д манайх шиг нөхцөл байдал үүсэхэд ОУВС-гаас дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Энэ тухай ОУВС-д ажиллаж байсан эдийн засагч Т.Доржханд цахим хуудаснаа нийтэлсэн байна. Түүний тодотгосноор, 1997 оны Азийн хямрал БНСУ-д бугшсаар одоогийн манайхтай адил нөхцөл байдал үүсэхэд иргэд нь алтан бөгжнөөс эхлүүлээд үнэтэй цайтай бүхнээ улсдаа хандивлаж байж. Яг л иргэн Б.Осоргарав улсдаа хандив өгөх уриалгыг гаргаж, УИХ-ын зарим гишүүн 100 сая хүртэлх төгрөг хандивласан шиг. Тухайн үед БНСУ-ыг 10 хүрэхгүй гэр бүл хянаж, арилжааны банкуудаар дамжуулан улсынхаа үнэ цэнэтэй бүхнийг авахаас гадна парламентдаа хяналтаа тогтоосон байжээ. Улмаар ОУВС-гийн хөтөлбөрийг авахыг парламентын төвшинд хүчтэй эсэргүүцзж байсан ч Засгийн газар нь тохиролцоо хийж чадсан байна. Үр дүнд нь 40 гаруй үр ашиггүй банкны муу активыг цэвэрлэж, бүтцийн өөрчлөлт хийснээр ердөө дөрвөн банктай үлджээ. Эцэстээ БНСУ-ын төр, банкны сектор хоёр нь тусдаа ажиллах нөхцөл бүрдэж өнөөгийн өндөрлөгт хүрчээ.
БНСУ-ын жишээнээс харвал ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь тийм жийрхээд байх асуудал биш ч юм шиг. Харин Монголын санхүүгийн зах зээлийн дийлэнх хувийг бүрдүүлдэг арилжааны 12 банкны нийт активт мэргэжлийн баг гурван сар тутамд хөндлөнгийн шалгалт хийх нь энэ салбарыг эмх цэгцтэй болгох эерэг үр дүн гарна. Үүнийгээ дагаад төсвийн мөнгийг арилжааны банкаар дамжуулан угаадаг гэсэн олон нийтийн ойлголт, “Банкны бүгд найрамдах улс” гэсэн тодотгол байхгүй болно.
ОУВС-гийн зүгээс тавьсан татвартай холбоотой найман төрлийн арга хэмжээ авах шаардлага олон нийтийн эсэргүүцэлтэй хамгийн их тулгарч байна. Энэ тухай амтай болгон шүүмжлэл дайж, Монгол Улс ОУВС-гаас бүрэн хамааралтай боллоо гэж байна. Тэр нь үнэн. Гэхдээ энэ Засгийн газар, парламентад ОУВС-тай гар барихаас өөр сонголт үлдээгүй нь бас үнэн. Үнэндээ өнгөрсөн 26 жилд бугшсан АН, МАН-ын засаглалын алдаа завхралын үр дүн эдийн засгаа эргэлдэх цусгүй болтол нь туйлдуулж, олон улсаас тусламж гуйхад хүргэсэн нь бидний бодит төрх. AH, МАН-ынхан яаж ч нэгнийгээ үгүйсгэсэн эдийн засаг ингэтлээ дордсон нь тэдний хамтын бүтээл. Нэг Засгийн газар, нэгдсэн төсөвтэй улс атлаа хоёр гурван Засгийн газар, гурав дөрвөн төсөвтэй явсан үе ч бидэнд бий. Үүнтэй хэн ч маргахгүй. Юу үнэн гэвэл энэ үнэн.
Гагцхүү улстөрчид, бүлэглэл хоорондын эрх мэдлийн хуваарилалт, ашиг сонирхлын зөрчилд элэгдүүлж явсаар хэдийнэ хэвтсэн эдийн засгаа ОУВС-гийн тусламжтайгаар эмх цэгцэнд оруулах, нэгдсэн нэг төсөвтэй болгох гарц нь одоо хэрэгжүүлэхээр тохироод буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” байж болох. Монголд мөнгө, хөрөнгө оруулалт хэрэгтэй нь үнэн л юм бол эхлээд санхүүгийн систем нь дэг журамтай, нэг чигтэй л байх учиртай. Тэгэхгүйгээр хичнээн Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай”, “Мазаалай” бонд олон улсаас босгосон ч шүүрэн шанаганд хийсэн ус шиг урсаад алга болно. Хөрш зэргэлдээ орон, хөрөнгө оруулагчид ч монголчуудыг хэлсэн, тохирсноосоо эргэж, буцдаг гэсэн сануулгыг ээлж дараалан дайх болоод удаж байна. Тэгэхээр ОУВС-гийн бэлдсэн сценарийн дагуу санхүүгийн сахилга бат, дэг журамтай болох нь бидэнд хэрэгтэй. Гагцхүү найман төрлийн татвар нэмэх болзлыг ОУВС шаардаж буйд л асуудлын зангилаа оршиж байна.
Санаж байгаа бол УИХ-ын сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдсэний дараа Сангийн яамнаас УИХ-д өргөн барьсан 2016 оны төсвийн тодотголд найман төрлийн татвар нэмэх асуудлыг багтаасан байдаг. Хадгаламжийн хүүгийн орлогоос эхлээд шатахууны үнийн онцгой албан татварыг нэмэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх Засгийн газрын санал тухайн үед олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, эцэстээ УИХ дахь МАН-ын бүлгээс улс төрийн шийдвэр гаргаж буцаасан билээ. Гэвч улс төрийн шийдвэрээр буцсан татвартай холбоотой асуудал зургаан сарын дараа зүсээ хувирган ийн орж ирлээ. Ялгаатай нь, энэ асуудлыг Засгийн газар бус ОУВС-гаас тулгаж байна. ОУВС нэгэнт шаардлагаа тавьсан болохоор одоо бүх зүйл УИХ, Засгийн газраас хамаарна. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн үе шаттайгаар нэмэх, хадгаламжийн хүүд ямар хэмжээний татвар ногдуулах нь удахгүй хуралдах ээлжит бус чуулганаар тодорхой болох учиртай. Засгийн газраас оруулж ирэх төсвийн тодотголоор 20 хувь хүртэлх болон 100 сая төгрөгөөс дээш хадгаламжийн хүүд татвар ногдуулах мэдээлэл байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар 20 саяас дээш төгрөгийн банкны гүйлгээг хянадгаас өөрөөр хадгаламжийн ямар нэгэн зохицуулалт байдаггүй. юм билээ. Харин төсөвт тодотгол хнйснээр 20 саяас дээш хадгаламжийн хүүд татвар ногдуулах бололтой.
Судалгаагаар Монгол Улсад 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 8217 иргэн, 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэд давхардсан тоогоор 5.270.000 байдаг аж. Дэлхийн жишгээр хадгаламжийн хүүгийн энгийн орлогод 10-20, хөрөнгийн орлогод 30-40 хувийн татвар ногдуулдаг юм билээ. Тэгэхээр ОУВС-гийн тавьсан шаардлага УИХ-аас гарах шийдвэрээр хадгаламжийн хүүд ногдуулах татварын хэмжээ энгийн 10, хөрөнгийн орлогод 20 хувь байх магадлал өндөр. Мөн Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтэлийг энэ онд 28 болж өсч магадгүй байна. “Кэй Пи Эм Жи” олон улсын аудитын байгууллагаас гаргасан 2016 оны судалгаагаар хувь хүний орлогод ногдуулдаг татварын хувь Азийн орнуудад дунджаар 28 хувь, Европын холбоонд 39 хувь, OECD-ийн улсуудын дундаж 42, дэлхийн дундаж 33 хувьтай гарчээ. Тэгэхээр ОУВС-гаас эдгээр хувь хэмжээгээр дундчилж татвар нэмэхийг тулгах нь дамжиггүй.
ЭЦЭСТ НЬ
Монгол Улс Хөгжлийн банкны 580 сая еврогийн зээлийг ирэх сарын дундуур төлөх товтой. Энэ зээлийг хэрхэхээс хамаарч Монголд хөрөнгө оруулах эсэхээ гуравдагч орнууд шийднэ. Сангийн сайдын хэлснээр, 580 сая еврогийн зээлийг Засгийн газрын одоогийн арилжааны хүүтэй бондоор сольж өгөх сонголт хийж байгаа юм билээ. Ямар ч байсан Засгийн газрын төвшинд шийдлээ олсон гэсэн үг. Гэхдээ энд ирэх жилээс төлөх “Чингис” бондын эхний эргэн төлөлгөөс илүүтэй орхиж болохгүй нэг асуудал байна. Тэр нь өнгөрсөн 26 жил Монголын төрийг удирдсан, өнөөдрийн хэмжээнд хүргэсний хариуцлагыг хэн хүлээх вэ. Ардчилсан нам, Ардын намынхан хоёулаа хүлээх ёстой. Үе үеийн төр, засгийн бодлого шийдвэрийг тодорхойлж явсан эрхмүүд хүлээх ёстой. Бонд босгож, баялгаа барьцаанд тавьсан үе үеийн УИХ, Засгийн газрын шийдаэрүүд ч үүнд хамаатай. Монголын төрд хариуцлагын тогтолцоо алдагдаж, санхүүгийн салбар ямар ч эмх цэгцгүй явж ирсний уршгаар л өнөөдрийн хэмжээнд хүрч эцэстээ төсөв мөнгөний захиран зарцуулалтаа ОУВС-д атгуулж байгаа нь үнэндээ ичгэвтэр хэрэг биш гэж үү. Тиймээс үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, төсвийн захиран зарцуулагчаар ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь цуглуулаад буруутай бол зохих хариуцлагыг нь хүлээлгэхийг эрх баригчдад зориуд даймаар байна. Түүнээс биш Ардын нам Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрийн эр зориг гаргаж ОУВС-тай тохиролцлоо гэсэн магтаал, эрх баригчид сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө буцлаа гэсэн шүүмжлэл бол хоёрдугаар асуудал юм. Угаасаа өнгөрсөн 26 жилд улстөрчдийн хийсэн хувийн тоглолт, фракц, бүлэглэлийн эрх ашгийн амбийц биднийг ОУВС гэсэн ганцхан сонголттой үлдээсэн болохоор тэр.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: