Д.ОЮУНХОРОЛ САЙД САЛБАРЫН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Удахгүй болох сар шинийн баяраа угтаж БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол, яамны бусад удирдлага өнөөдөр салбарынхаа ахмад буурлуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад энэ салбараас гавьяаныхаа амралтанд гарсан 40 гаруй ахмад настан хүрэлцэн ирэв.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол билгийн тооллын хаврын тэргүүн сар “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилээ угтах мөчид ахмадуудтайгаа уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын өнгөрсөн оны ололт амжилт, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Тэрбээр уулзалтын эхэнд, Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдсанаас хойш байгаль орчны салбарт төдийгүй бусад салбарт олон үйл явдал өрнөж, эрх зүйн шинэтгэл, хөгжил дэвшилд багагүй ахиц гарсныг онцлон хэлэв. Тухайлбал, “Ахмад настны тухай хуулийг шинэ оны өмнө баталсан. Уг хууль батлагдсанаар хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа ахмад буурай нарт “Насны хишиг” олгох юм. Удахгүй болох сар шинийн баяраар 122 орчим мянган ахмад настан 20,5 тэрбум төгрөгийг авна. Мөн тэтгэврийн зээлийн хүүг 18 хувь байсныг 15 болгож бууруулсан. Цаашид тэтгэврийн зээлийн хүүг багасгах ажлыг шат дараалан төсөвт дарамт учруулахгүйгээр бууруулахыг хичээж ажиллана” хэмээлээ.
Тэрбээр, сайдын ажлаа авсанаас хойшхи хийсэн ажлаа тоймлон хүргэв. Өнөөдрийн байдлаар 30 гаруй асуудлыг УИХ, Засгийн газраар шийдвэрлүүлжээ. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дасан зохицох стратеги боловсруулан хэрэгжүүлэх, байгаль орчин уур амьсгалын санг байгуулж, үндэсний чадавхийг бэхжүүлэхээр тусгасан. Энэ дагуу БОАЖЯ-наас Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэ нь байгаль орчны салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц дэм болсон хэмээлээ. Мөн агаар, хөрс, усны бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудад анхаарч ажиллахаар салбарын бодлогыг чиглүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрийн шугамаар анхаарал хандуулж байгаагаа танилцуулсан.Энэ жил БОАЖЯ-ны 30 жилийн ой тохиож буй. Ойг угтан 30 бүтээлч ажил хийхээр төлөвлөж буйгаа ч энэ үеэр дуулгасан юм. Байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх, бодлого үйл ажиллагаандаа ахмадуудынхаа санаа бодлыг тусган ажиллаж байхаар “Ахмадын хороо”-г өнгөрөгч намар байгуулсан. Уулзалтаар ахмадын хороотой хамтарч ажиллах санамж бичгийг үзэглэлээ хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.
URL: