ОУВС-ийн хөтөлбөр – Монголын шууд үр дүн ЭМГЭНЭЛ…
Олон Улсын Валютын сан бол тийм ч гайхалтай байгууллага биш. Мэдээж улс орнуудад санхүүгийн сахилга батыг сайжруулан зээл олгодог боловч оршин тогтнох хугацаандаа авлига хээл хахуулиас ангид байж чадаагүйг түүх гэрчилнэ. Энэхүү байгууллагын төлөөлөгчидтэй МАНай эрх баригчид хэлэлцээрт орохдоо жинхэнэ зөв тохиролцоонд хүрэлгүй зөвхөн төрийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлд л ажиллалаа. ОУВС болон Засгийн газар төсвийн үрэлгэн зардлыг бууруулах чиглэлд нэн яаралтай авах арга хэмжээг огт хөндсөнгүй. Тухайлбал:
- 160.000 төрийн албан хаагчдын тоог бууруулсангүй. Дэлхийн улс орнуудад төрийн албан хаагчийн тоог хүн амын тоотой уялдуулдаг. Харин манайд улстөрийн тохиролцоогоор асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. 18 хүн тутамд 1 төрийн албан хаагчтай гэдэг нь Сингапурын Сангийн сайдыг ухаан алдуулах шахсан удаатай. 100 хүн тутамд 1 төрийн албан хаагч байх ёстой дэлхийн жишгийг бид ингэж л мөрдсөн. Өртөгийг нь Монголын баялаг бүтээгчид болон иргэд нуруундаа үүрч явна.
- Улсын төсвийн багагүй хэсэг гадаад томилолт гэх танилцах, сургалт, уулзалт хэлэлцээрийн зардалд зарцуулагддаг. Харин үр дүнгийн гэрээ огтхон ч байгуулагддаггүй. Гаргасан зардлаа олж ирэхийг шаарддаг олон улсын жишиг Монголд мөн үгүй. Хилийн чанадад амьдарч буй Монголчуудын яриаг сонсвол өр өвтгөм. Гишүүд, сайд дарга нар маань хурал цуглаан уулзалтандаа орохоос илүүтэй элчингийн хэдэн ажилтнаар суудал бөглүүлчихээд алга болчихдог, тор тор юм худалдан аваад элчин сайдын яамны жолоочтой давхисаар томилолтоо дуусгадаг. Гадагшаа явж ирж буй нисэх онгоцны бизнес ангиллын суудалд МАНай төрийнхөн л заларч явдаг нь энгийн болжээ. УИХ-ын гишүүн, сайд, дарга нараас гадна маш олон төрийн албан хаагчид энэ мэтээр зардлыг өсгөдөг. Хамгийн түрүүнд хасагддаг зардлыг хамгаалж үлдсэн нь харамсалтай.
- Төсөв батлах бүрт сонгогдсон тойргийнхоо аймгийн төв, сум, бүүр багт хүртэл хэрэгтэй хэрэггүй обьект барьдаг зуршлаа орхих хэрэгтэй. Жижиг 76 бүхий мафоратор тогтолцоогоор сонгууль явагдсаны дараа энэ үзэгдэл бүүр хавтгайрдаг. 120 хүнтэй сумын төвд 600 хүүхдийн сургууль барьсан нь эмгэнэл биш гэж үү? Барилгын компанийн захирал, гишүүн+сайд нарын хуйвалдааны өртөгийг Монголын бизнес эрхлэгчид 27 жил нуруундаа үүрлээ. Одоо боллоо.
- Төрийн өмчит компаниудаас салах ёстой. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 2015 оны жилийн эцсийн байдлаар 45.6 мянга гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж, нийт 4 их наяд 90 тэрбум төгрөгийн орлого олж , 10.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Мөн 5 жилийн хугацаанд (2011-2015 онд) нийтдээ 88.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Бүгдээрээ нийлээд “М-Си-Эс” групп, “Шунхлай” группын тус тусдаа улсад төлдөг сүүлийн 5-н жилийн тайлангаас давахгүй байна гэдэг нь эмгэнэл биш гэж үү?
Монгол төр ердөө л энэ 4-н зардлаасаа 50% салчихвал ард түмнээ шороо үмхүүлж, дундаж давхаргаа сөхрүүлэн, жижиг дунд үйлдвэрийг дампууруулан, том компаниуд цомхотгол хийх аюулаас бүрэн гэтэлнэ. ОУВС-тай зөвхөн эгэл жирийн ард түмнээр ачаа үүрүүлэх сонголттой хэлэлцээрийг хэрхэвч байгуулах ёсгүй. Та бид юуг нуруундаа үүрэх вэ?
1. Шатахуун, архи тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр богино хугацаанд орлого олох боломжтой ч даган гарах үр дүн төсөөлөхөөс аюултай. Цомхотгол дээрх чиглэлийн байгууллагуудад 25-30% хийгдэнэ, бүтээгдэхүүний үнэ өссөнөөр зах зээл бүхэлдээ савлан үнийн хөөрөгдөл бий болно, Шингэн хүнсний салбарт чанаргүй бүтээгдэхүүний үер бий болж хөлөө олсон компаниуд ч сөхрөн татварын хэмжээ 1.5 жилийн дотор огцом буурна.
2. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 оны хугацаанд 5 хувиар нэмэгдүүлсний дараа аж ахуй нэгж, иргэдийн гар дээр очиж буй орлого мэдэгдэхүйц буурна. Иргэн таньд ажил олгож буй компани санхүүгийн дарамтанд орж ачааллаа суллахын тулд цомхотгол эсвэл үйл ажиллагаагаа зогсооно.
3. “Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллах үүргийг Монгол төр хүлээн авна” гэхээр компаниуд руу Татварын байцаагч, Цагдаагийн мөрдөн байцаагч, Нийгмийн даатгалын байцаагч, прокурор нар дайран орно гэсэн үг. Хаагдсан бүх хэргийг эргэн сэргээнэ, компани бүрт давхардсан шалгалтууд орно. Бизнес эрхлэгч бүрийг өмнө, одоогийн санхүүгийн зөрчлөөр байцаалтанд дуудан өр авлага, татвар төлөхийг шаардах болно. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчид бүрэн сүйрнэ. Томчууд амь мэнд 2019 онтой залгах төдий байх.
4. Бүхий л төрлийн импортын татварыг 30 хувь нэмэгдүүлснээр дотоод худалдан авалт нэмэгдэх ч сөрөг үр дүн бий болно. Түүхий эдийн хараат манай улсын бизнес эрхлэгчид нулимс дуслуулан шинэ амьдрах аргаа хайх эсвэл гудамжинд гарна.
5. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон. Дээдэст халтай доодос хамааралгүй хэмээн тархи угааж буй ч ажлын байр бий болгон, эрсдлээ өөрсдөө зохицуулдаг том болон дундаж давхаргаа сөхрүүлэх алхам энэ болно. Валютын урсгал гадагшлах, банкны салбараас мөнгөө татах эрсдэл үүснэ.
6. 2 жил төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй, хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт хоолны талоноор олгоно, ипотекийн зээлийг зөвхөн ЗГ хариуцна гэсэн ололттой заалт бий ч тэтгэврийн насыг эрэгтэй 66, эмэгтэй 65 болгосноор бүхий л насаараа эрүүл мэндээ золин ажилласан хүмүүс тэтгэвэр авах боломжгүй болон хувирна. Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 64.9 байхад ийм хуулийг батлавал бослого гарах биз.
Жич: 2016 оны 06, 07 саруудад Монголын ард түмэнд цэцэг ичээм амлалт өгч, биднийг сонговол МАНдуулна, 1 ч татвар нэмэхгүй, хэмнэлтийг дээрээсээ бий болгоно гэсэн хүмүүсийг бурхан өршөө.
???? Монголд БАЯН, ЯДУУ гэсэн 2-хон давхарга үлдэнэ ????
Эх сурвалж: Сэтгүүлч Н.Урантогтох- н нүүр номноос…,
URL: