ОУВС-гаас зээлийн ямар хэлбэрүүдийг санал болгодог вэ?

527-148757598320161121175157-320816157f1dac44289881Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Үүнтэй холбогдуулж тус сангаас хэрэгжүүлдэг зарим хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

Стэндбай хөтөлбөрүүд (СБХ). СБХ-ийн үргэлжлэх дундаж хугацаа 12–24 сар байх бөгөөд зээлийн эргэн төлөлт санхүүжилт олгогдсоноос хойш 3.3-5 жилийн дотор хийж дуусах ёстой байдаг. СБХ урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжиж болох юм. Хэрэгжилтийн үе шатны хувьд уян хатан байх, боломжтой тохиолдолд санхүүжилтийг нэг мөр олгох боломжууд СБХ-ийн хувьд байдаг.
Зээлийн уян хатан шугам (ЗУШ). ЗХШ нь эдийн засгийн суурь үзүүлэлт сайтай, бодлого зөв, бодлогын хэрэгжилтийн эерэг түүх бүхий улс орнуудад тохирох хувилбар гэж үздэг. ЗУШ-ын зохицуулалт шийдлүүд нь гишүүн орны хүсэлтээр тухайн орны хувьд урьдчилан тодорхойлогдсон шалгуурууд хангагдаж байгаа тохиолдолд олгодог. Зээлийн шугамын хүчинтэй хугацаа 1-2 жил байх бөгөөд шалгуур хангагдаж байгаа эсэхийг тогтоох завсрын үнэлгээ эхэлсэн өдрөөс нэг жилийн дотор хийдэг.
Санхүүжилтийн хэмжээг тухайн улсын зээлжих эрхийн хязгаараас үл хамаараад тохиолдол тус бүрээр тооцоолон тогтоох бөгөөд үе шаттайгаар бус нэг удаа олгодог.
Сэргийлэх болон хөрвөх активыг дэмжих шугам (СХАШ): СХАШ-ыг эдийн засгийн эерэг суурь үзүүлэлт, бодлого бүхий бодлогын хэрэгжилтийг хангадаг болох нь нотлогдсон улс орнуудад тохирох хувилбар гэж үздэг. СХАШ-ын шалгуурыг хангасан орнууд багавтар хэмжээнд эмзэг гэж тооцогдох тул ЗУШ-ын шалгуурыг хангахгүй байх магадлалтай ч СБХ-ийн адилаар бодлогын томоохон өөрчлөлт тохиргоог хийх шаардлага тэдний хувьд тавигддаггүй. Уг зээлийн шугамын хугацаа 6 сараас 1-2 жилийн хооронд хэлбэлзэх бөгөөд илүү урт хугацаат шугамуудын хувьд хагас жил тутамд үнэлгээ хийдэг.
Өргөтгөсөн санхүүжилтийн хэрэгсэл (ӨСХ). Санхүүжилтийн энэхүү хэрэгсэл нь макро эдийн засгийн дорвитой шинэчлэлийг шаардсан томоохон гажуудал үүссэн нөхцөлд дунд болон урт хугацаанд тулгарсаар байх магадлалтай төлбөрийн тэнцлийн хүндрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зориулалттай. ӨСХ-ийн хүрээнд олгох зээлүүд 3 жилээс хэтэрдэггүй. Гэсэн ч төлбөрийн тэнцэлтэй холбогдох асуудлууд гурваас дээш жил үргэлжилнэ. Макро эдийн засгийн тогтворжилтыг хангах тохиргоо урт хугацааны шинжтэй тул их хугацаа шаардана, мөн эдийн засгийн бүтцийн гүнзгий төдийгүй тогтвортой өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүсэл сонирхол, чадамж тус улсад байгаа нь илэрхий байна гэж үзсэн тохиолдолд хугацааны дээд хязгаарыг 4 хүртэлх жилээр тогтоож болно. Эргэн төлөлт санхүүжилтийн ашиглалт хийгдэж эхэлснээс хойш 4.5–10 жилийн дотор хийж дуусгах ёстой.
Түргэвчилсан зээлийн механизм (ТЗ): Төлбөрийн тэнцлийн асуудлаа нэн даруй шийдэх шаардлагатай байгаа гишүүн орнуудадтүргэн шуурхай байдлаар олгох санхүүгийн дэмжлэг гэдэг утгаар бага орлоготой гишүүн орнуудад ОУВС-наас үзүүлэх дэмжлэгийг илүү цэгцтэй болгохын зэрэгцээ харилцан адилгүй, төрөл бүрийн нөхцөл байдалд уян хатан байдлаар хэрэглэгдэх боломжтой гэдгээрээ онцлог. ТЗ-ийн механизмын дагуу олгох санхүүжилт нэг хувийн хүүтэй байгаа бөгөөд хүүнээс чөлөөлөгдөх хугацаа 5.5 жил байгаа бол зээлийн нийт хугацаа 10 жил байна.
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих