Улаан мөнгөн усны наймаа Монголд орж ирэв үү
Одоогоос хоёр орчим жилийн өмнө олон нийтийн сүлжээнд “СССР гэсэн дардастай 24 кг-ын орос туухай өндөр үнээр авна” гэсэн зарлал түгэж, олон хүн амар хялбар аргаар мөнгө олохын тулд туухайны эрэлд гарч байсан удаатай. Тэгвэл шинэ он гарсаар цахим сүлжээнд ОХУ-ын ЗИЛ гэдэг хөргөгчийг 5-50 сая төгрөгөөр үнэлж, худалдан авна гэсэн зарлал цөөнгүй харагдах боллоо. Үеэ өнгөрөөсөн хуучны хөргөгч юуны учир үнэд хүрч, олны анхаарлыг татах болов.
Хэсэг хугацаанд дэгдээд намждаг, их хэмжээний олз ашгийг эзэддээ авчирдаг гэх улаан мөнгөн ус болон зөвлөлтийн дөш, туухай, хөргөгч, оёдлын машины наймаа манай улсад орж ирсэн гэх хардлагыг албаны эх сурвалж хэлж байна. Улаан мөнгөн ус нь шингэн болон хуурай гэсэн хоёр төлөвт байдаг бөгөөд хор хөнөөл нь асар их. Тодруулбал, өндөр хүчин чадал бүхий цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэдэг болохыг химичид хэлж буй.
ХУУРАМЧ ЗАРЛАЛ МӨН ҮҮ
Хөргөгч, туухай, оёдлын Maшин худалдаж авна, зарна гэсэн хэд хэдэн зарын дагуу утас цохилоо. Энэ төрлийн дийлэнх зарлалыг харахад худалдана гэсэн нь давамгайлж байв. Харин худалдаж авна гэсэн зарлал цөөхөн байгаагаас ажиглахад наймааны эзэд нуугддаг байх гэсэн бодол төрснийг нуух юун. Хамгийн эхний зарын дагуу залгахад “Хөргөгч байгаа. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт гэрт хоёр хүн ирж үзчихээд авдаг юм нь алга гээд явсан шүү” гэв. Дараагийнх нь хөргөгчөө зарчихсан гээд утсаа тасаллаа. Сониуч зан хөдлөөд хэдээр зарсныг нь дахин залгаж лавлатал “30 сая төгрөгөөр өгсөөн” гэв. Үнэн худлыг нь нүдээр үзээгүй учир итгэхэд бэрх байлаа. Дараагийн хүн 50 сая төгрөгөөр нэг хөргөгчөө худалдсан, одоо нэг ширхэг үлдсэн байгаа гэв.
Зарим хүмүүсийн ярьж байгаагаар улаан мөнгөн устай, эсэхийг нь шалгаж болдог нэг арга байдаг гэсэн ам дамжсан гэмээр яриаг хэлж байлаа. Энэ нь хөргөгчний дэргэд гар утсаа ойртуулбал сүлжээ нь барихгүй болдог гэнэ. Ийм шинж илэрвэл наймаа хийдэг аж. Хоёр жилийн өмнө 24 кг-ын туухай таван сая төгрөгийн үнэ хүрдэг байсан бол одоо граммаар нь үнэлдэг болжээ.
НАЙМААНЫ ЦААНА ХЭН БАЙНА
1990-ээд онд хятадууд улаан мөнгөн усыг өндөр үнээр худалдаж авдаг байж. Тэгвэл өнөөдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсаар буй элдэв төрлийн зарын цаана ОХУ болон БНХАУ-ын мөнгөн усны наймаачид байх магадлалтай аж. Энэ төрлийн наймаа эрхэлж буй нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн хэлж буйгаар наймааны цаана олон орны хүмүүс байдаг гэлээ.
Тэрбээр “Хөргөгчин дотор улаан, цагаан хоёр төрлийн мөнгөн ус байдаг юм. Граммыг нь гурван сая төгрөгөөр үнэлж авдаг. Цааш хэд болж нэмэгддэгийг нь мэдэхгүй. Бид зөвхөн худалдан аваад дамжуулах л үүрэгтэй хүмүүс. Миний сонссоноор оросууд, арабууд байдаг гэсэн.Тэд Баян-Өлгий аймгаар Казахстан, Казахстанаас Ойрхи Дорнод руу мөн Сүхбаатар аймгийн бичигтийн боомтоор БНХАУ руу тээвэрлэдэг байх” гэв. Мөн 30-50 сая төгрөгөөр авна гэх өндөр үнэ хэлсэн хүмүүсийн ард цагдаа, тагнуулынхан шалгаж байгаа учир заримдаа айлд очиж хөргөгч үзэхдээ баригдах вий гэж айдаг гэсэн юм.
УЛААН МӨНГӨН УС ГЭЖ ЮУ ВЭ
Монголоор “Улаан мөнгөн ус”, (оросоор “красный ртуть”, англиар “red mercury”) хэмээх энэ бодисын шинж чанар, үнэхээр байдаг, эсэх талаар маш олон эх сурвалжийн мэдээллүүд хоорондоо эрс тэс ялгаатай байв. Чөлөөт нэвтэрхий тольд энэ бодисыг маш их нягттай (20 г/см3[), -150 градусын температурт хөлддөг, KCN-ийн түвшний хортой, цацраг идэвхит шинж чанартай, халуун цөмийн бөмбөгний тэслэгч, Гауссын их буу, хэт хүчтэй цэргийн лазер зэрэгт ашигладаг гэжээ.
Энэхүү бодис нь нейтроны асар хүчтэй урсгалыг 500 цагийн турш явуулах хүчин чадалтай ч гурван cap л хадгалах боломжтой аж. Гэхдээ хожим нь эрдэмтэд үүнийг улам сайжруулснаар хатуу нунтаг хэлбэртэй, 10 жил хадгалах боломжтой болгосон байна. Пироантимонатыг атомын цахилгаан станцад эрчим хүч гаргаж авах зорилгоор ашиглаж болохоос гадна нэгэнтээ цөмийн урвалыг идэвхжүүлдэг шинж чанартай учраас олон төрлийн хөнөөлт зэвсэг бүтээхэд ч ашиглах боломжтой юм.
ЛУЙВАР
“Луйварчдын хаан” гэгддэг Жозеф Уэйлийн боловсруулсан “Золбин нохойн худалдаа” гэгдэх луйврын системийг ашиглан ядуу буурай улсад үе, үе хэрэгжүүлсээр байна” гэсэн мэдээлэл хэвлэлээр “шуугиж” байжээ. “Золбин нохойн худалдаа” гэх луйврын аргыг судлахад ЗХУ-д үйлдвэрлэсэн туухай, хуучны ЗИЛ хөргөгч гзх мэтийг цуглуулаад өөрийн гэсэн тэмдэглэгээ хийдэг байна. Улмаар дээрх бараанд “Улаан мөнгөн ус байдаг“ гэсэн яриаг санаатай гаргаж өөрсдөө зар тавьж, их хэмжээний мөнгө амладаг гэх. Ижил маркийн туухай, хөргөгчтэй хүмүүс ирэхэд нь мөнгөө үзүүлэх атлаа өөрсдийнхөө тусгайлан тавьсан тэмдгийг дурдаж, яг тиймийг олоод ирвэл шууд авна гэж итгүүлдэг аж. Үнэмшсэн иргэн ойр хавиараа зар тараах үед нь тусгайлан тэмдэглэсэн бараагаа
өөр хүнээр явуулаад арай бага үнээр зардаг гэнэ. Манайд үе, үе гарч ирдэг “ЗХУ-д үйлдвэрлэсэн туухай авна”, ‘Гадна ёроолдоо улаан тамгатай будаатай аяга авна” гэх мэт зарууд ч яг ийм луйврын нэг хэлбэр аж. Энэ аргаар залилж луйвардсан хэрэг бүртгэгдсэн, эсэх талаар Улаанбаатар хотын ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Манайд энэ төрлийн хэргээс болж хохирсон мэдээлэл ирээгүй. Тиймээс одоогоор нэг ч хэрэг бүртгэгдээгүй байна” гэв.
ЭРГЭН САНАХАД…
Түүх сөхвөл, Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны эхээр улаан мөнгөн ус гэгчийн дуулиан анх дэгдэж, Орос, Монголоос өндөр үнээр худалдан авч цуглуулсан СССР гэсэн дардастай, Т.З гэсэн үсэг бүхий 24,32 кг-ын туухайнуудыг БНХАУ руу хил дамнуулан худалдаж байсан гэлцдэг. Энэ төрлийн залилангийн шинжтэй наймаа ганц манайд ч бус ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг байсан улс орнуудад хүрээгээ тэлж байжээ. “Үүнийг тойрсон залилан луйврын хэрэг ч удаа дараалан бүртгэгдэж хэл ам татлах болсны эцэст хойд хөршийн цөмийн энергийн мэргэжилтнүүд “Red Mercury” буюу улаан мөнгөн ус хэмээх бодис огт байдаггүй гэсэн няцаалтыг удаа дараа өгснөөр туухай, хөргөгч, оёдлын машины наймаа ОХУ-д. мэдэгдэхүйц багасч, улмаар манайд ч тэгсгээд бүдгэрч мартагдсан гашуун түүх бий.
/ЗГМ|
URL: