“Ардын засаг” гадныханы тархиар хөдөлж эхлэв үү ?
Манай улс ОУВС-гийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болов. Улстөрчид нь эдийн засгийг сэргээх гарц олж, олон улсын байгууллагаас үзүүлэх хөнгөлттэй тусламж авсан нь манай улсын авралын гарц хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Зээл тусламж олж авчирсан албан тушаалтанууд бид улс орныхоо баатар гэх нь холгүй өдөр хоногууд үргэлжилж байна.
Сүүлийн хорь гаруй жилийн турш хөл толгойгоо олохгүй бужигнаж, улс орон эзэнгүй байсны илэрхийлэл болсон энэ үйлдэлд хэн буруутай вэ. Ээлжлэн төр барьж, хулгайлж, хумсалж, хийрхэж, бодлогогүйгээр төрийн эрхийг самууруулж ирсэн улс төрийн намууд хаана байна. Улс орон өөрөө ийм болоогүй, ийм болгосон буруутанууд буюу зээл тусламж олж ирсэн гэх сэтэртэй Ардын нам нь ч, орц жорыг нь хамт хийлцсэн Ардчилсан нам ч буруугаа хүлээж ард түмнээсээ уучлалт гуйх ёстой. Бүгдийг жаргаах гэж Бонд босгосон Ардчилсан нам, улс орноо аврана хэмээн цээжээ дэлдсэн Ардын нам хоёрт ялгаа байгаа эсэхийг олж харах арга алга болов. Чингис бондоос гурав дахин их мөнгөөр улс орноо гадныханд “бэлэглэж” байгаа Ардын нам ирэх жилд бусдын тархиар удирдуулж байгаагаа “Баяртайгаар” мэдэгдсэнээ эмгэнэл гэдгийг ухаарахгүй байгаа нь бүр ч гутамшигтай.
Дэлхийд нэг хүнд ногдох газар нутгаараа нэгд, байгалийн баялагаараа нэгд, жаран сая малтай гурван сая гаруйхан хүн амтай улс дэлхийд дампуурлаа зарлах гэж байгаа нь хамгийн инээдтэй, эмгэнэлтэй үйл явдал болж байна. Гадаадынханд инээдтэй бидэнд эмгэнэлтэй энэ үйлдлийн хохирогчид нь улстөрчид бус харин ард түмэн болов. Шатахууны онцгой албан татвар болон хувь хүний орлогын татварыг 2017 оны 10 дугаар сараас хоёр шатлалаар нэмэгдүүлэхээр болов. Суудлын жижиг автомашины насжилтаас хамаараад 3-15 хувиар, мөн цлиндрын багтаамж 4500 1см3 –ээс илүү бол/насжилт/ 40-250 хувиар татвар нэмэгдүүлнэ.
Архи, тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10 хувиар, 2019 онд 5 хувиар, 2020 онд 5 хувиар нэмэгдүүлнэ. Хадгаламжийн хүүгийн орлогод 2018 нэгдүгээр сарын нэгнээс татвар ноогдуулах байсныгнаашлуулж, 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс татвар оногдуулна.Одоо 5 хувьтай байгаа импортын тамхинд ноогдох гаалийн албан татварыг 30 хувь болгож өсгөхөөр боллоо. Энэ бүхэн нэмэгдэж байгаа ч иргэдийн гар дээр очих цалинг нэмэхгүй байхаар болов.
Ийнхүү ОУВС-ын төлөөлөгчидын “шахаас”-аар татвар нэмэгдсэнээр бусад үйлчилгээ, бараа таваарын үнэ нэмэгдэнэ. Түүнээс гадна банк санхүүгийн тогтолцоо өөрчлөгдөнө. Бүхий л санхүүгийн хяналт гадныханы мэдэлд очино. Өөрөөр хэлбэл биднийг төр засаг бус гадны байгууллагууд удирдана гэсэн үг. Тэд тушаана, бид гүйцэтгэнэ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Манай улсад төсвийн болон төлбөрийн тэнцлийн гэсэн хосолсон хүндрэл үүссэн учраас энэхүү хөтөлбөрийг сонгосон юм. Монгол Улс нийт 5,5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг донор орнуудаас авна. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлог болон мөнгөний бодлого дээр цогц арга хэмжээ авна. Мөн Монголбанкинд тухайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон гэж мэдэгдлээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр манай улс эхний ээлжинд төсөвт тодотгол хийхээс гадна Монголбанк ипотекийн хөтөлбрийг санхүүжүүлэх, төсвийн чанартай санхүүжилтийг хийхгүй байх үүрэг хүлээхээр болов.
Гадныханы тархи толгой буюу удирдлагаар хийх энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 онд эдийн засгийн өсөлт -0.0 хувиар, 2018 онд 1.8 хувиар, 2019 онд 8.1 хувиар өснө гэж тооцжээ. Ингэснээр валютын нөөц 2017 оны төгсгөл гэхэд1.6 тэрбум, 2018 онд 2.7 тэрбум, 2019 онд 3.5 тэрбум, 2020 онд3.8 тэрбумд хүрч нэмэгдэх аж.
Нэгэнт ийм байдалд хүрснийх энэ онд Ерөнхийлэгчийн сонгууль, дөрвөн жил тутамд УИХ-ын сонгууль гэж зардал мөнгө үрж байх хэрэг байна уу. Улс орноо гадныханд даатгаад бүгдээрээ дэлхийгээр нэг зугаалж байвал яасан юм бэ.
Улс төрчид нь бодлого, төлөвлөлтгүйгээр бонд босгож өр тавина. Босгож ирсэн мөнгөө үрэх болохоороо эрх нь дэндсэн айлын хүүхэд шиг аашилна. Тавьсан өрөө төлөх болохоороо улс орноо гадныханд удирдлага, санхүүтэй нь найр тавиад өгчихнө. Зарим нь сонгууль болохоор ард түмнээ хуурах гэж орд газраа, олсон хийсэн бүхнээ баруун солгойгүй цацчихна. Ингэж бид хэдэн жил амьдарч, улс орон болж тоглож, нэг хэсэг нь удирдаж байна хэмээн хөөрцөглөж, нөгөө хэсэг нь удирдуулж байна хэмээн өөрсдийгөө хуурч амьдрах вэ.
Төрөө удирдаж чадаагүй, ийм байдалд хүргэсэн улстөрийн намууд дараагийн сонгуульд оролцох эрхгүй үлдэх ёстой. Тэд хариуцлага хүлээх ёстой. Эндээс л бид зөв замруугаа явж эхэлнэ. Хэрэв бид ингэж чадахгүй бол дөрөв дөрвөн жилийн давтамжтайгаар “Extended fund facility” хөтөлбөрийн “мөнх”-ийн үйлчлүүлэгчид болж хувирах болно.
О.Лхагва
bataar.mn
URL: