Монголын Хүний Төлөө Нам үүсгэн байгуулах их хурлаа хийлээ

7827

Монголд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 24 улстөрийн нам бий. Гэхдээ өнгөрсөн 27 жилийн хугацаанд үзэл баримтлалынхаа төв цэгийг Монгол Хүн гэж жинхэнэ утгаар нь тодорхойлж, үйл ажиллагаа явуулж ирсэн улстөрийн хүчин үнэндээ байсангүй. Тиймдээ ч төрийн эрх мэдлийг хорь гаруй жил хамтдаа элбэж барьж ирсэн МАН болоод АН гэсэн намууд МАНАН болтлоо нийгэмд өөрсдөө асуудал үүсгэж буй билээ. Тиймээс ч Монголд улстөрийн жинхэнэ нам ус агаар шиг хэрэгтэй байгаа.

Тэгвэл өнөөдөр “Монголын хүний төлөө нам”-ыг үүсгэн байгуулах хурал боллоо. Нам үүсгэн байгуулах хуралд 70 гаруй төлөөлөгч оролцож,  намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, намын дүрэм, намын бэлэгдэл болох далбаа, эмблем зэргийг хэлэлцүүлэн батлалаа. Мөн намын даргаар “Иргэдийн Шударга Шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин батлаад байна.

Нам үүсгэн байгуулах хурлаас хурлын тэргүүлэгчид Улс төрийн нам байгуулах, намыг “ Монголын Хүний Төлөө Нам” гэж нэрлэх, МХТН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг батлах, намын дүрмийг батлах, МХТН-ын даргаар Х.Бат-Ялалтыг батлах, Намын төлөөллийн төв байгууллага Бүгд хурлыг 14 хүний бүрэлдэхүүнтэй батлах, Монголын Хүний төлөө намын Хяналтын Хороог таван хүний бүрэлдэхүүнтэй сонгон томилох, МХТН-ын Анхдугаар Их хурлыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулах шийдвэрийг гаргалаа. Мөн намыг зохих журмын дагуу Дээд шүүхэд бүртгүүлэх ажлыг намын даргад даалгалаа.


URL:

Сэтгэгдэл бичих