Нас бараад аль ертөнцөд очихоо амьддаа мэдэж байсан өвгөн

f36f8684bceb61e8greatБурханы номонд эгэл жирийн хүмүүсийн мэдэхгүй маш олон нууц, хүний нүдэнд үл харагдах далд ертөнцүүдийн тухай өгүүлсэн байдаг ажээ. Тэгэхээр Бурхан багш хийгээд энэ шашны бусад гэгээрсэн бурхад болох Нагаржунай, богд Зонхов, хутагт, хувилгаад нар ямар их гэгээрсэн байдаг нь ойлгомжтой байна. Нэгэн танил маань бурхан болооч нарыг нөгөө ертөнцүүдийн алинд нь очуулах талаар өгүүлсэн согоод хэмээх ном уншилга байдаг тухай сонирхуулан ярьсан юм.

- Миний хамгийн том ах ная наслаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Ах маань амьд байхдаа “Би үхсэнийхээ дараа Бийлавын ертөнцөд очно. Энэ ертөнцөд эрдэм номд их гэгээрсэн хүмүүсээс арай доогуур зиндааны хүмүүсийн сүнс очиж, хойт төрлөө олдог юм. Би тэр ертөнцөд очиж амирлах номоо өөрөө өөртөө амьд байхдаа олон удаа уншчихсан. Тэр ертөнцийн элч намайг хүлээж авахаа зүүдэнд минь хэд хэдэн удаа орж ирэн хэлсэн” гэж ярьдаг байлаа. Ах маань манж, түвд хэлтэй, өндөр боловсролтой, бурханы номыг сонирхон судалдаг хүн байсан. Ахын өөртөө уншсан тэрхүү согоод хэмээх ном нь нас барсан хүнд төдийгүй хүнийг амьд байхад нь хойт насандаа аль ертөнцөд очихыг нь зааж өгсөн ном уншилга гэнэ. Энэ ном нь лам нар хүнийг нас барснаас хойш хойтхыг нь даан уншдаг номоос шал өөр ном гэнэ.

Энэ номонд өгүүлснээр бол хязгааргүй уудам сансар хорвоог гэрлийн хурдаар ч нисч очиж чадамгүй маш олон нөгөө ертөнцүүд байдаг ажээ. Эдгээр ертөнцүүд олон төрлийн өнгөөр гэрэлтэж байдаг гэнэ. Хүн нас барсныхаа дараа сүнснийхээ тусламжтайгаар эдгээр ертөнцөд хэдхэн хормын дотор очиж чадна. Тийм учраас амьддаа согоод хэмээх энэ номыг өөрөө юм уу ерөөлөөр сайн уншуулаад байвал унтаж байхад юм уу сэрүүн байхад очих ертөнцийнх нь гэрэл нүдэнд нь үе үе үзэгдэнэ.

Энэ нь “Чамайг манай ертөнц хүлээж авна шүү” гэсэн дохио гэнэ. Тамын ертөнцөд очих хүмүүсийн нүдэнд тас хар юм уу дүрэлзсэн галын улаан өнгө үзэгдэнэ. Согоод номыг маш сайн уншуулбал энэ өнгийг сольж болдог гэнэ. Гэхдээ л амьддаа их нүгэл үйлдсэн хүмүүсийн нүдэнд үзэгдсэн хар юм уу галын улаан өнгө өөрчлөгдөхгүй байсаар тэр хүн тамын ертөнц рүүгээ одно. Харин ахын нүдэнд цайвар шаргал өнгө байнга үзэгддэг байсан нь өнөөх дуудаад байсан ертөнцийнх нь өнгө байжээ.

Эдгээр ертөнцүүд орчин үеийн шинжлэх ухаанд мэдэгдээд буй галактикуудаас ч хол байдаг гэнэ. Ер нь сансар хорвоо бол шинжлэх ухааныг нээсэн тоо томшгүй олон галактикуудаас ч илүү уудам, хязгааргүй шүү дээ. Тэр уудам хязгааргүйд ямар ертөнцүүд байгааг хүн төрөлхтөн мэдэхгүй. Үхээд амилсан хүмүүс урт харанхуй хонгилоор гэрлийн хурдаас ч хурданаар нисч байтал гэнэт алсад нэгэн гэрэл харагдаж, тэр гэрэл рүү ниссээр нэгэн ертөнцөд очсон тухайгаа ярьсан байдаг. Энэ яриа согоод номонд өгүүлсэнтэй яг тохироод байгаа юм.

Тэр харанхуй хонгил гэдэг нь бидний мэддэг галактикуудын хил хязгаараас тэр хүний сүнс гараад нэг хэсэг харанхуй орчноор нисч байснаа хэлсэн бололтой. Алсад харагдсан гэрэл гэдэг нь согоод номонд өгүүлсэн өнөөх гэрэл цацруулсан ертөнцүүд бололтой. Тэгэхээр ийм ертөнцүүд байна, эдгээр ертөнцөд нас барсан хойноо очихын тулд ийм уншилга хий гэж заасан согоод номыг бүтээсэн эрдэмт мэргэдийг бишрэхээс өөр аргагүй юм. Ах маань надад энэ бүхний тухай яриад энэ номыг олон хувилан  хуулж, халуун ургийнхаа бүх айлд тарааж өгнө, та нар нас барсан хойноо аль ертөнцөд очихоо амьддаа мэдэж ав гэж захидаг байсныг социализмын тэр үед бид огт тоодоггүй байсандаа өнөөдөр харамсдаг. Тэр сайхан номыг ахыг нас барсны дараа нэг бүтэлгүй хүү нь үгүй хийсэн.

Ардчилал, зах зээл эхлээд удаагүй байхад ах маань нас барсан. Хэдэн жилийн дараа гэнэт өнөөх ном нь санаанд орж, тэр номыг олшруулан ах дүүстээ тараах санаатай хүүтэй нь уулзтал “Аль хэдийн Гандангийн нэг ламд зарчихсан. Тэр лам үнэхээр ховор нандин ном байна гээд биширч байсан” гэлээ.

Би тэр ламыг хайж Гандангаар хэд хоног эргэлдээд олоогүй. Сураг нь хөдөө сүм хийдэд шавилан суухаар явсан гэнэ. Ингээд тэр сайхан номыг алдсан юм даа. Ер нь энэ мэтчилэн далд ид шид, нууцын тухай өгүүлсэн бурханы шашны маш олон ном судрууд гучаад оны хэлмэгдүүлэлтийн үед устгагдсан гэж бодохоор дэндүү харамсалтай байгаа биз дээ гэж танил маань ярьсан юм. Өөрийн таньж мэддэг хэд хэдэн залуу ламаас би тийм ном байдаг эсэхийг асуухад тэд мэдэхгүй байсныг бодоход тэр ном үнэхээр ховор нандин ном байсан бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих