Хил дээр саатуулагдсан “Жи тайм” сүлжээний захирлын дансанд зургаан тэрбум төгрөг байжээ

148739118758a7c9d384766“Жи Тайм” корпорацын Монгол дахь салбарын захирал Ж.Маратыг өнгөрсөн ням гарагт хилээр гарах гэж байхад нь саатуулсан байна. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд түүнийг Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ.

Монгол Улсад пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан байж. Өнгөрсөн баасан гарагт түүнийг хилээр гарахыг хориглосон аж. Харин Ж.Маратын эхнэр нь хилийн хориг тавьсан өдөр Монгол Улсаас гарсан гэнэ.

Сүлжээний бизнесээр цуглуулсан гэх зургаан тэрбум төгрөгийг нь битүүмжлээд байгаа юм. Хэдэн хүн, хэдэн төгрөгийн хохирол амссан нь хараахан тодорхой болоогүй. Эрүүгийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх алба мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй.

“Жи Тайм” корпорац 110 гишүүнтэй гэгддэг ч дэлгэрэнгүй мэдээлэл өгдөггүй. 272 мянган төгрөг өгч элсэн орж, бүтээгдэхүүн аваад хоёр хүн элсүүлэх замаар явдаг сүлжээ.

Саяхан гэхэд сурталчилгаагаа хийхдээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хамаатай мэтээр мэдээлэл түгээсэнд Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тайлбар өгч, огт хамааралгүй, энэ сүлжээ Монгол Улсын хууль, тогтоомж зөрчиж байгаа эсэхийг хуулиар хүлээсэн үүргийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо болон цагдаагийн байгууллагаар шалгуулж үнэн бодит мэдээлэл өгөхөө мэдэгдсэн.
Мөн Казахстаны Ерөнхийлөгч уг “Жи Тайм” сүлжээг дэмждэг зэрэгт Монгол Улсад суугаа Казахстан улсын Элчин сайдын яамнаас албан ёсоор няцаалт хийсэн билээ.

Тус сүлжээ нь цахим хуудсаар болон олон нийтийн сүлжээ фэйсбүүкээр иргэдэд сурталчилгаа явуулж байсныг өчигдөр хаасан байлаа.

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих