Өргөмөл хүү (Өгүүллэг)
МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна.
Акүтагава Рюносүкэ
Асакүса дүүргийн Нагасүмичёо хороонд Шингёожи гэдэг сүм бий… Үгүй ээ, том сүм биш л дээ. Гэхдээ Ничиро ламтны модон сийлбэр байдаг гэхээр баялаг түүхтэй сүм байгаа юм. Сүмийн үүдэнд Мэйжигийн 22-р оны (1889) намар тэр өлгийтэй хүү орхигдсон байжээ. Хүүхдийн дэргэд төрсөн он, сар бүү хэл ядаж нэрийг нь бичсэн цаас ч байгаагүй гэдэг. Зүгээр хуучин шар кихачи даавуунд өлгийдөж уяа нь тасарсан зоори дэрлүүлээд орхисон байжээ. Тэр үед Тамүра Ниссоо гэдэг өвгөн Шингёожи сүмийн хамба лам байлаа. Нэгэн өдөр өглөөний мөргөлийн үеэр нас сүүдэр бас нэлээд өндөр өвгөн харуул үүдэнд өлгийтэй хүү байгааг ирж хэлэхэд бурхан багшийн өмнө залбиран зогсч байсан хамба эргэж ч харалгүй “Тийм үү? Наашаа аваад ир” гэж ажиг ч үгүй хариулж гэнэ. Түүгээр барахгүй харуул өвгөн өлгийтэй хүүг эв хавгүйхэн тэвэрч ирэхэд шууд өргөж аваад “Өө, эгдүүтэй муухай хүүхэд байна. Бүү уйл, бүү уйл. Өнөөдрөөс өвөө нь чамайг өсгөнө” гэж юу ч болоогүй мэт аргадаж эхэлсэн гэдэг. Энэ бүхнийг хамба ламд талтай өвгөн харуул хүж болон шикими зарах зуураа мөргөл үйлдэхээр ирсэн хүмүүст ярьдаг байжээ.
Та ч бас мэдэх байх, Ниссоо гэдэг тэр хамба угтаа Хүкагавад шохойчин хийж байсан юм билээ. Гэхдээ арван есөн насандаа өндөр тавцангаас унаж ухаан алдсанаасаа хойш гэнэт бодь сэтгэлээ хөгжүүлэх хүсэл нь оргилсон гэх, огцом түргэн зантай хачин хүн байсан гэлцдэг.
Хамба лам хүүд Юүноскэ гэдэг нэр өгөөд өөрийн хүү мэт өсгөх болжээ. Гэвч эргэлтээс хойш сүм хийдэд эмэгтэй хүний сүнс сүүдэр ч үгүй болсон тул нялх хүүг асарна гэдэг амар ажил байгаагүй юм шүү. Хүүг асарч тойлохоос эхлээд угжны сүүг нь бэлдэх гээд бүхий л ажлыг хамба лам ном мэгзэм унших завандаа өөрөө хийдэг байлаа. Тэр байтугай нэг удаа Юүноскэ ханиад ч бил үү хүрч халуурсан нь хийдэд ихээхэн хэмжээний хандив өргөж байсан загасны захын Нишитацү хэмээх хүний хойд насны буян үйлдэх ажилтай давхцахад Ниссоо хамба халуунтай хүүг цээжиндээ нааж тэврээд, өрөөсөн гартаа болор эрхээ эргүүлэн хэзээний хээвнэг янзаараа номоо уншиж дуусгасан гэлцдэг.
Гэхдээ энэ бүхий л хугацаанд хээгүй бүдүүн зантай ч нигүүлсэнгүй сэтгэлт хамба лам болдогсон бол хүүг төрсөн эцэг, эхтэй нь уулзуулах юмсан гэсэн бодол сэтгэлдээ тээн явжээ. Хамба сургааль айлдах суудлаасаа – Нээрээн, одоо ч очиж харвал хийдийн өмнөх баганаас “Сургааль номлол сар бүрийн 16-ны өдөр” гэсэн хуучин бичиг сүмийн үүдэнд унжиж байгаа – үе үе Япон, Хятадын эртний түүх, явдлаас иш татан эх, үрсийн энэрэл хайрыг эрхэмлэх нь бурхан багшийн хайр ивээлийг хүртэж талархахтай адил хэмээн халуу дүүгтэл айлддаг байсан гэнэ. Гэвч сургааль номын өдөр ар араасаа цувж өнгөрөвч өргөмөл хүүгийн эцэг, эх гэж урагш гарч хэлэх хүн байгаагүй билээ.
Гэхдээ үгүй юм байна. Юүноскэг гурван настай байхад нэг удаа ээж нь гэж оо энгэсэгт түлэгдсэн хүүхэн ирсэн гэсэн. Гэвч тэр хүүхэн золгүй хүүг олиггүй үйлд ашиглахаар санаархаж байж л дээ. Сайн асууж лавлаваас сэжиг төрүүлэх үгс л амнаас нь гарах тул цочмог зантай, түргэн ууртай хамба хүүхнийг зодох нь холгүй хорон үгээр загнан зандарч даруй хөөж гаргасан гэдэг.
Тэгж байтал Мэйжигийн 27 (1894) оны өвөл болж, Орос-Японы дайны тухай яриа олныг шуугиулж эхлэв. Тэр үед мөнөөх 16-ны өдрийн сургааль номын дараа хамба лам өрөөндөө буцаж ирвэл боловсон байрын гучин дөрөв, таван насны эмэгтэй араас нь орж иржээ. Өрөөнд нь тогоо тавьсан тулгын хажууд гурван настай Юүноскэ бэрсүүт жүрж хальслан сууж байв. Түүнийг харангуутаа бүсгүй ямар ч эргэлзээ үгүйгээр хамбын өмнө хоёр гараараа тулан сөгдөн сууж, чичирхийлсэн дуугаар “Би энэ хүүхдийн ээж нь байна” гэж шийдэмгий хэлсэн ажээ. Ниссоо хамба гэнэтийн явдалд балмагдан хэсэг зуур мэндийн үг ч хэлэх сөхөөгүй байж. Гэвч эмэгтэй хамбын эл байдлыг анзааралгүй сүрлэн татами дэвсгэр ширтэж, сэтгэл санаа нь шаналан үймэрч буй нь бүх биеэс нь мэдрэгдэх авч өдий хүртэл хүүг өсгөн хүмүүжүүлсэнд талархсанаа үгээ цээжилчихсэн мэт эелдгээр давтан давтан хэлсээр байлаа. Хэсэг хугацаанд ийнхүү талархал сонссоны дараа хамба лам улаан модон дэвүүрээ дээш өргөн бүсгүйн яриаг тасалж, юун түрүүнд энэ хүүг хаясан учрыг өөрт нь ярихыг шаардав. Бүсгүй сүрлэн дэвсгэр ширтсэн чигтээ ийн ярьжээ.
Одооноос яг таван жилийн өмнө бүсгүйн нөхөр Асакүса дүүргийн Таварамачид цагаан будааны мухлаг нээн ажиллуулж байсан боловч хувьцааны наймаанд хэт автсаны хар гайгаар хамаг хөрөнгөө алдаж, эцэст нь амьтны нүд хариулан харанхуй шөнөөр оргон зайлах аятай Ёкохама руу явахаас өөр аргагүйд хүрсэн гэнэ. Ийнхүү дайжихад төрөөд удаагүй муу хүү нь улаан аминаас өөр юу ч үгүй тэдэнд дараа болсон ажээ. Ядаж байхад бүсгүй огт сүү ороогүй тул Токиог ардаа орхих тэр шөнө аргагүйн эрхэнд хоёулаа уйлан хайлан Шингёожи сүмийн үүдэнд нялх үрээ орхиод явжээ.
Дараа нь галт тэргэнд ч суух мөнгөгүй хоёр ганц нэг танилаа бараадан явган нүцгэн Ёкохамад хүрч нөхөр нь тээврийн газар, бүсгүй өөрөө ээрмэлийн газар ажиллахаар болж, хоёулаа хоёр жил борви бохисхийлгүй зүтгэв. Тэгж байтал азын тэнгэр эргэж тэднийг ивээсэн үү, тээврийн газрын эзэн нөхрийнх нь үнэнч зүтгэлийг үнэлж, Хонмокүгийн гол гудамжинд жижиг салбар мухлаг ажиллуулахыг зөвшөөрчээ. Эмэгтэй ээрмэлийн ажлаа тэр даруй орхиод нөхөртэйгээ хамт ажиллах болсныг хэлэх илүүц биз ээ.
Тэдний тээврийн газрын ажил цэцэглэж, ашиг орлого ч тун сайтай байв. Төдөлгүй жилийн дараа эрүүл чийрэг хүүтэй ч болов. Мэдээж, энэ бүх хугацаанд золгүй хүүгийнх нь тухай бодол тэр хоёрын бодол санааны мухарт үргэлж хадаастай байснаас гарцаагүй. Ялангуяа бүсгүй хүүгээ хөхүүлэх болгондоо Токиогоос дайжсан тэр шөнийн явдлыг тод санадаг байлаа. Гэвч мухлагийн ажил амсхийх хором тэдэнд үл олгоно. Хүү нь ч өдрөөс өдөрт өсч том болж байлаа. Тэгсээр байтал банкинд багахан ч болов хуримтлалтай болж… Удаан хугацааны дараа тэд ямартай ч ахиад аз жаргалтай амьдрах боломжтой болжээ.
Даанч тэр амьдрал нь удаан үргэлжилсэнгүй. Арайхийж ахиад инээмсэглэх боллоо гэтэл хорин долоон оны хавар нөхөр нь гэдэсний хижиг өвчин тусаад долоо ч хонолгүй амьсгал хураажээ. Золгүй явдал үүгээр тогтсон бол бүсгүй яаж ийгээд давж гарах л байсан байх. Даанч нөхөр нь нас бараад зуу ч хоноогүй байхад бяцхан хүү нь гэнэт улаан суулга өвчнөөр өөд болсон нь бүсгүйг уй гашуудлын ёроолоос өндийх гарцгүй болгов. Бүсгүй тэгэхэд өдөр, шөнөгүй улаан солиотой хүн шиг уйлж байсан гэдэг. Үгүй ээ, зөвхөн тэр үед ч биш, тэр явдлаас хойш бараг хагас жил сүнс нь зайлсан байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байжээ.
Уй гашуу нь жаахан намдах үест ууган хүүтэйгээ уулзах тухай бодол хамгийн түрүүнд орж ирэв. “Хүү минь эсэн мэнд бол ямар ч зовлон тохиолдсон өөр дээрээ авч өсгөе” гэж бодсон даруйдаа бүсгүй байж суух аргагүй болсон болов уу. Тэр дороо галт тэргэнд сууж, дассан сурсан Токиодоо ирэнгүүтээ дадал болсон замаараа Шингёожи сүмийн үүдэнд хүрэв. Тэр нь өнөөх арван зургааны сургааль номын өдрийн үдээс өмнө байж таарчээ. Бүсгүй шууд хамба ламын өргөө рүү очиж хүүгийнхээ сургийг асууя гэж бодов. Гэвч сургааль ном дуустал хамба ламтай мэдээж яаж уулзахав. Бүсгүй тэсч ядан сүмийн гол дуганд пиг дүүрэн цугласан сүсэгтэн олны дунд орж, Ниссоо хамбын номлолыг сонсон зогсч байлаа. Гэхдээ чин үнэндээ бол номлол дуусахыг л хүлээж байсан хэрэг.
Ниссоо хамба тэр өдөр Бадамлянхуа эхийн таван зуун хүүхэдтэйгээ уулзсан түүхээс иш татан эцэг, эхийн элбэрэл хайр ямар эрхэм нандин болохыг номлож байлаа.
Бадамлянхуа эх таван зуун өндөг гаргажээ. Тэдгээр өндөг голоор урсч очиход зэргэлдээ улсын хаан тэднийг өсгөн хүмүүжүүлжээ. Өндөгнөөс гарсан таван зуун баатар эхийгээ гэж мэдэлгүй Бадамлянхуа эхийн хэрэм цайзыг дайрахаар ирж гэнэ. Бадамлянхуа эх тэр тухай дуулаад цайзныхаа цамхаг дээр гарч “Би та бүгдийн ээж байна. Нотолгоо нь энэ” гээд хөхөө гаргаж, үзэсгэлэнт гараараа ивэлгэж саахад цагаан сүү өндөр цамхагт зогсох эхийн цээжнээс таван зуун горхины урсгал адил таван зуун баатрын ам руу дусал ч уналгүй урсч оров. Хамбын сургаалийг хагас дутуу сонсч байсан ч гэлээ эртний Энэтхэгийн энгийн энэ домог золгүй бүсгүйн сэтгэлийг хачин их хөдөлгөжээ. Тиймээс бүсгүй номлол дуусангуут нүдэндээ нулимс тээн дуганаас гарч шууд хамбын өрөө рүү яаран ирсэн нь тэр аж.
Нарийн учир явдлыг сонсч дуусаад Ниссоо хамба тулгын хажууд байсан Юүноскэг дуудан өдий хүртэл барааг нь хараагүй ээжтэй нь уулзуулав. Бүсгүйн үгэнд худал үгүйг хамба лам зөнгөөрөө мэдсэн болов уу. Бүсгүй Юүноскэг тэврээд нулимсаа барьж ядан буйг хараад өрөвч нинжин сэтгэлтэй хамбын сормуус дор ч инээмсэглэлтэй цуг сувдан нулимс гялтганаж байлаа.
Түүнээс хойшхи явдлыг та хэлүүлэлтгүй гадарлах биз ээ. Юүноскэ ээжтэйгээ хамт Ёкохама руу гэртээ харьсан. Эр нөхөр, үр хүүхдээ алдсан бүсгүй нинжин сэтгэлтэй тээврийн газрын эздийн санал болгосноор хүмүүст оёдол зааж, хоёр идэж хоосон хонохгүй ч амьдрах мөнгөө олоод байх болжээ.
Зочин маань урт яриагаа дуусгаад өвдөгнийхөө өмнө байсан аягаа авч өргөв. Гэвч уруулдаа хүргэлгүй намайг харснаа аяархнаар ийн нэмж хэлэв.
- Тэр хаягдсан хүү би байсан юм.
Би дуугүй толгой дохиж, хөргөөсөн халуун ус гүцэнд хийв. Энэхүү уярам бяцхан түүх миний зочин Маппара Юүноскэгийн бага насны явдал гэдгийг би анх удаагаа уулзаж буй ч аль хэдийнэ таамагласан байлаа.
Хэсэг дуугүй байсны дараа би зочноосоо:
- Ээжийн тань бие сайн уу? гэж асуув.
Хариулт нь харин намайг гайхшралд оруулав.
- Үгүй, ээж ноднин өөд болсон… Гэвч саяын ярьсан бүсгүй бол миний ээж биш л дээ.
Зочин маань миний гайхсаныг хараад нүдээрээ инээмсэглэв.
- Нөхөр нь Асакүсагийн Таварамачид цагаан будааны мухлаг ажиллуулж байсан, Ёкохамад очиж зовж зүдэрсэн гэдэг нь мэдээж үнэн болно.
Харин хүүхдээ хаясан гэдэг нь худал байсныг би сүүлд мэдсэн юм. Ээжийг нас барахаас нэг жилийн өмнө би худалдаа наймааны ажлаар – таны мэдэж буйгаар манайх давуун утас ээрмэлийн дэлгүүртэй – Ниигата муж орчмоор нэлээд сайн явсан юм. Ниигатад нэг удаа Токиогийн Таварамачид ээжийн гэрийн хажууд амьдарч байсан шуудай, уутны худалдаачин хөрштэй нь санаандгүй нэг вагонд сууж таарсан билээ. Тэр хүн намайг асуугаа ч үгүй байхад ээж тэр үед охин хүүхэдтэй болсон ч хүүхэд нь мухлагаа хаахаас нь өмнө нас барсан тухай ярьж өгөв. Ёкохамад харьсан даруйдаа би ээжид мэдэгдэлгүй өрхийн бичгээ шалгаж үзтэл нээрэн, тэр уут зардаг хөршийн хэлсэнчлэн Таварамачид төрсөн нь гарцаагүй охин хүүхэд болж таарав. Тэр хүүхэд төрөөд гурван сартайдаа өнгөрсөн байна лээ. Ээж ямар бодолд хөтлөгдсөнийг мэдэхгүй ч өөрийн биш намайг өргөж авахын тулд хүүхдээ хаясан тухай худал түүх зохиосон байжээ. Тэгээд хорин жилийн туршид унтаж босох, ууж идэхийг умартан ээж минь намайг асарч өсгөсөн юм. “Ямар бодолд хөтлөгдсөн” гэдгийг би өдий хүртэл хичнээн удаа бодсон ч хэлж мэдэхгүй нь ээ. Гэхдээ үнэн зөвийг эс мэдэвч Ниссоо хамба ламын сургааль үг үр хүүхэд, эр нөхрөө алдсан өр нимгэн эхийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн гэдэгт учир шалтгаан байгаа мэт санагдана. Ээж хамбын сургаалийг сонсох зуураа миний ээж болж намайг өсгөе гэж бодсон болов уу. Намайг сүмийн үүднээс олдсон гэдгийг сургааль ном сонсохоор ирсэн мөргөлчдөөс дуулсан байх. Эсвэл харуул өвгөн ярьж өгсөн ч байж магад.
Зочин маань дуугүй болж, бодолд автсан нүдээр цайгаа харж байснаа гэнэт санасан янзтай оочилж эхлэв.
- Тэгээд төрсөн хүү нь биш гэдгийг, төрсөн үр нь биш гэдгийг мэдсэн тухайгаа та ээждээ хэлсэн үү? – Би үүнийг асуухгүй байж чадсангүй.
- Үгүй л дээ. Хэлээгүй. Ээжид тэр тухай хэлнэ гэдэг дэндүү харгис шүү дээ. Ээж маань ч өөд болтлоо надад тэр тухай яриагүй. Ээж маань ч надад хэлэхийг харгис гэж бодож байсан байх. Миний ээждээ хандах сэтгэл төрсөн үр нь биш гэдгийг мэдсэнээс хойш өөрчлөгдсөн нь харин үнэн.
- Юу гэсэн үг вэ? гээд би зочныхоо нүд рүү эгцэлж харав.
- Урьдынхаасаа илүү ихээр хайрлаж, илүү дотно санагдах болсон. Нууцыг нь мэдсэнээс хойш ээж минь надад ээжээс ч илүү хүн болсон юм.
Зочин маань зөөлнөөр ийнхүү хариулахдаа өөрөө ээждээ хүүгээс ч илүү хүн байсныгаа мэдээгүй мэт байлаа.
Орчуулсан Л.Адъяасүрэн
URL: