Кино урлагийн оргил “ОСКАР 2017″

normand_1435116617Та бидний Оскарын шагнал гэдгээр нь сайн мэдэх Америкийн хөдөлгөөнт дүрсний урлаг, шинжлэх ухааны академийн зохион байгуулдаг кино урлагийн шилдгүүдийг тодруулах 89 дүгээр ёслолын ажиллагаа эхлэх хугацаа ойртсоор байна. Академийн шагнал гардуулах ёслол, түүний гарал үүсэл, 2017 оны нэр дэвшигчид, сонирхолтой баримтууд гээд хоёрдугаар сарын 26-ны өдрөөс өмнө кино сонирхогчдод мэдэх шаардлагатай зарим мэдээллийг багцлан хүргэж байна.

АКАДЕМИЙН ШАГНАЛ БУЮУ ОСКАРЫН ТУХАЙ

Дэлгэцийн урлаг хөгжөөд даруй нэгэн зууныг ардаа орхисон энэ үед хором мөч, цаг тутамд шинэ бүтээл дэлхийн өнцөг булан бүрт төрж байгаа билээ. Уран бүтээлчдийн дотоод сэтгэл, орчлон ертөнцийг харж буй өнцөг, амьдрал кино хальснаа бууснаар үзэгчдийн хүртээл болж, олон нийтэд хүрдэг. Тэр олон бүтээл дундаас хийц, хэв маяг, дүрслэл, өгүүлэмжээрээ онцгойрсон нь шилдэг гэх нэр алдар, өргөмжлөл хүртэх эрхтэй. Тийм ч учраас 1929 оны тавдугаар сарын 16-ны үдэш Холливудын Рузвельт зочид буудалд AMPAS буюу Америкийн хөдөлгөөнт дүрсний урлаг, шинжлэх ухааны академи анхны Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулжээ. Энэхүү шагналын бэлгэ тэмдэг болох алтан баримлыг кино урлагт онц амжилт үзүүлсэн уран бүтээлчдэд олгодог.

Харин нэг уран бүтээлч олон шагнал хүртсэн тохиолдолд Академийн гавьяа зүтгэлийн шагнал нэртэй хуулбар гардуулдаг. Энэхүү хуулбарын хоч нь “Оскар”. Олон нийтэд ёслолын ажиллагааг 1930 онд радиогоор, 1953 онд телевизээр дамжуулж байж. Харин одоо энэхүү ёслолын ажиллагааг 200 гаруй улс оронд интернет, телевизээр шууд дамжуулж байна. Кино, дэдгэцийн урлагийн төрлийн шагнал гардуулах ёслолууд дундаа Оскар хамгийн ахмад ба нэр хүндтэй нь. Телевизийн бүтээлүүдэд Эммигийн, Театрын бүтээлд Тонигийн, дуу хөгжимд Грэммигийн шагналыг олгох болсон нь бүгд Оскараас санаа авсан хэрэг юм.

АНХНЫ ОСКАР

Академийн анхны шагналыг гардуулахад 270 орчим хүн ирсэн бөгөөд дунд зэргийн хэмжээний хүлээн авалт, хувийн оройн зоогны хэв маягаар энэхүү арга хэмжээ болсон гэдэг. Ёслолын ажиллагаанд нэвтрэх тасалбар таван ам.долларын үнэтэй байсан аж. 1927-1928 оны хооронд кино уран бүтээл, урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж 15 баримлыг эздэд нь гардуулахад ердөө 15 минут шаардагдсан гэдэг. Кино сонирхогчдын хэдэн сарын турш хүлээдэг ёслолын ажиллагааны ялагчдыг гурван сарын өмнө олон нийтэд зарласан гэхээр одоо та бидэнд тун хачирхалтай санагдмаар. Хүлээж догдлох зүйлгүй байх нь зохимжгүй гэж үзсэн учраас зохион байгуулагчид хоёр дох ёслолын ажиллагаанаас ялагчдын нэрийг нууцлах болжээ. Ингэхдээ зөвхөн сонины редакцуудад л 23:00 цагт нууцаар мэдэгдэхийг зөвшөөрсөн байна. Гэвч “Лос-Анжелесийн цаг” сонин итгэл алдаж ялагчдын нэрийг хугацаанаас нь өмнө олонд зарлаж багагүй шуугиан дэгдээсний улмаас 1941 оноос ялагчдын нэрийг лацтай дугтуйнд хадгалдаг уламжлал тогтсон аж.

Эмиль Женнингс, түүний Сүүлчийн тушаал (The Last Command), Амьтай бүхний тавилан (The Way of All Flesh) кинонд бүтээсэн дүрүүдээрээ шилдэг жүжигчнээр тодорчээ. Манай гаригийн “Анхны шилдэг жүжигчин” маань ёслолын ажиллагаанаас өмнө Европ руу буцах яаралтай ажилтай байсан учир Академиас шагналыг нь урьтан олгохыг зөвшөөрсөн гэдэг. Ийнхүү Эмиль Женнингс анхны ялагч төдийгүй, шагналаа хамгийн түрүүнд авсан цорын ганц хүн болж түүхэнд үлдсэн.

Академийн шагнал яагаад шилдэг байр сууриа алддаггүй вэ гэхээр үргэлж цаг үеэ мэдэрч салбарынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулдаг юм. Дан ганц Америкт хийсэн кинонуудад л уг шагналыг олгох нь учир дутагдалтай байсан болохоор 1957 оны гуравдугаар сарын 27-нд болсон 29 дүгээр ёслолын ажиллагаанд “Шилдэг гадаад хэл дээрх кино” шагнал гэх номинацийг танилцуулжээ. Үүнээс өмнө “Онцгой амжилтын шагнал” олгодог байв. Харин шилдэг хүүхэлдэйн киног 2002 оноос эхлэн тодруулдаг болсон. Энэхүү ёслолыг тогтмол үздэг үзэгчид ёслолын ажиллагаа Академийн “Шилдэг кино” шагналаар өндөрлөдөг болохыг санаж байгаа байх. Уг уламжлал 1973 оноос хойш тогтжээ.

ОСКАРЫН БАРИМАЛ

Ёслолын ажиллагааны үеэр жил бүр дараах долоон шагнал гардуулдаг.
Үүнд:

-Ирвинг Ж. Талбергийн дурсгалын шагнал (Хамгийн бүтээлч, ажил нь хөдөлгөөнт дүрсний хөгжилд хувь нэмрээ оруулсан продюсерт зориулж)

-Жан Хершолтын нэрэмжит хүмүүнлэгийн шагнал (Хүмүүнлэгийн үйлсээрээ тодорсон нэгэнд зориулж)

-Гордон И. Сойерын шагнал (Кино үйлдвэрлэлд технологийн ахиц дэвшил үзүүлсэн хүнд)

-Шинжлэх ухаан, техникийн шагнал -Технологийн амжилтын шагнал

-Жон А. Боннерын хүндэтгэлийн медаль (Академийн хэмжүүрийг ажил үйлсээрээ өндөрт хадгалж буй уран бүтээлчид)

-Академийн оюутны шагнал (Оюутнуудад зориулсан тусгай тэмцээний ялагчид)

Гэхдээ жил бүр тодордоггүй хоёр шагнал бий.

-Онцгой амжилтын шагнал

-Хүндэтгэлийн шагнал

Хар төмрөн суурьтай алтаар бүрсэн британиуман баримлын өндөр 34.3 см, жин нь 3.856 килограмм. Баримлын талаар өгүүлбээс Арт Деко загвараар загалмайтны сэлэм барьсан байх бөгөөд кино хальсан дээр зогссон байдаг. Тус хальс таван хэсэгт хуваагдаж кино урлагийн тулгын “таван чулуу”: жүжигчин, зохиолч, найруулагч, продюсер, техникчийг тус тус илэрхийлж Академийг төлөөлдөг. Мексикийн жүжигчин Эмилио Фернандезийг баримлын загвар гэдэг ч баримлыг бүтээсэн Жорж Стэнли энэ талаар тодорхой тайлбар өгөөгүй байдаг. 1983-2015 оны хооронд жил бүр дунджаар 50 орчим Оскарын баримал захиалгаар хийлгэсэн тооцоо бий. Харин тэдгээрийг ёслолын ажиллагаанд бэлэн болгоход гурваас дөрвөн долоо хоногийн хугацаа шаардлагатай байдаг.

ХЭН ОСКАРЫН ШАГНАЛЫГ ӨГЧ БАЙНА ВЭ?

Америкийн хөдөлгөөнт дүрсний урлаг, шинжлэх ухааны академи бол санал өгөх эрхтэй 5783 гишүүн бүхий мэргэжлийн байгууллага. Гишүүнчлэл нь дотроо кино хийх үйл явцаас хамаарч гурав хуваагдана. Жүжигчид хамгийн том бүлгийг үүсгэх бөгоед саналын 1311 эрхтэй. Кино урлагт хувь нэмрээ оруулсан, энэ хүрээлэлд томоохон байр суурь эзэлдэг хэн бүр тус байгууллагын гишүүн болох боломжтой ч Академийн удирдлага 6000-аас дээшгүй гишүүнтэй байхыг хангалттай гэж үздэг байна. 2012 онд Оскарыг тодруулагчдын талаар тоо баримтууд дэлгэгдэж, академийн гишүүнд ямар хүмүүс байдгийг олон нийтэд харуулжээ. Нийт гишүүдийн 94 хувь нь цагаан арьстан, 77 хувь нь эрэгтэй, 54 хувь нь 60-аас дээш насныхан байв. Харин санал өгөгчдийн 33 хувь нь нэр дэвшиж байсан, 19 хувь нь Оскарын шагнал хүртэж байсан эрхмүүд байсан ажээ.

2017 оны гол өрсөлдөгчид тодорлоо

Долби театрт болох ёслольш ажиллагааг ABC телевизийн Жимми Киммел хөтлөн эхлүүлнэ. 2017 оны Оскараас юу хүлээх вэ гэвэл хариулт маш энгийн, “Ла Ла Ланд”. Ёслолын ажиллагаа эхлэхээс дуусах хүртэл хамгийн их сонсох киноны нэр бол яах аргагүй “Ла Ла Ланд”. Венецийн кино наадамд нээлтээ хийсэн цагаас энэ оны шилдэг кино тодорхой боллоо хэмээн кино сонирхогчид шуугисан. Раян Гослинг, Эмма Стоун нарын дэлгэцнээ амилуулсан уг кино дэлхий даяар 290 сая ам.долларын ашиг олоод зогсохгүи, шагналуудыг түүх шиг л болж байна. Алтан бөмбөрцгөөс долоон шагнал авч амжилт тогтоосон “Ла Ла Ланд’ Оскарын 14 шагналд нэр дэвшээд байна.

Ла ла Ланд”-ыг дэвшсэн бүх шагналаа хуу хамна гэж кино шүүмжлэгчид бичиж байтал ижил хүйстэн хосын амьдралыг харуулсан Барри Женкинсийн Сарны туяа (Moonlight), “харь гаригийнхны орчуулагч” Эми Адамсын Айлчлал (Arrival) нар тус тус найман төрөлд нэр дэвшлээ. Урьд жилүүдэд харж байгаагүй хүндхэн өрсөлдөөнийг улам л төвөгтэй болгохоор Натали Портман Жакелин Кеннедийн дүрийг “Жаки” кинонд бүтээж, уй гуниг ханхлуулсан “Далайн эргийн Манчесгер” хүрэлцэн ирлээ. Гол төрлүүдэд нэр дэвшигчдийг болон ялагчдын таамаглалыг хүргэе.
Шипдэг кино

-Айлчлал (Arrival)

-Хашаанууд (F ences)

-Хөрөөний ир (Hacksaw Ridge)

-Там эсвэл ус (Hell or High Water)

Нуугдсан дүрс (Hidden Figures)

-Ла ла Ланд (La La Land)

-Арслан (Lion)

-Далайн эргийн Манчестер (Manchester by the Sea)

-Сарны туяа (Moonlight)

Гэхдээ өөрийн гэсэн хэв маягийг бий болгосон “Ла ла Ланд”-тай бусад кино өрсөлдөх тун хэцүү болов уу. Яагаад гэвэл Ла ла Ланд кино урлагт нэгэнтээ байр сууриа бат хадсан “Титаник”, “Бороон дунд дуулнам” зэрэг шилдэг хайр дурлалын сэдэвтэй кинонуудтай зэрэгцэж ирсэн. Энэ бол өөр харьцуулагдах киногүй кино. Тиймээс ялагч болох магадлал хамгийн өндөр. Хайр сэтгэл, аз жаргал хайх хүний амьдрал, төлөвшлийг энгийн хэрнээ сонирхолтой харуулж чадсан кино хэмээн кино сонирхогчид “Сарны туяа”-д штэл өгч байгааг анзаарахгүй орхиж болохгүй.

Шилдэг эрэгтэй жүжигчин

Кеси Аффлек, Далайн эргийн Манчестер

Эндрю Гарфильд, Хөрөөний ирмэг

Раян Гослинг, Ла ла Ланд

Виго Мортенсен, Ахмад Гайхамшиг (Captain Fantastic)

Дензел Вашингтон, Хашаанууд

Хэн ялах вэ гэвэл Аффлек. Ямар ч хичээл зүтгэл гаргаагүй мэт өндөр түвшний жүжиглэлт та харах болно. Ердөө л тэр.
Шилдэг эрэгтэй туслах дүр

Махершала Али, Сарны туяа

Жефф Брижс, Там эсвэл ус

Лукас Хейжс, Далайн эргийн Манчестер

Дев Пател, Арслан

Майкл Шэннон, Шөнийн амьтад (Nocturnal Animals)

Туранхай хар тамхины наймаачны дүр Сарны гэрэл киног үзсэн хүн бүрийн сэтгэлд дэндүү тодоор үлдэнэ. Тийм учраас Али ялагч болох магадлал дэндүү өндөр байна.

 

Шилдэг эмэгтэй жүжигчин

Изабель Юппер, Элли (Еllе)

Рүт Hera, Хайрлах нь (Loving)

Натали Портман, Жаки (Jackie)

Эмма Стоун, Ла ла Ланд

Мерил Стрийп, Флоренц Фосгер Женкинс (Florence Foster Jenkins)

Ирланд-Эфиопын эрлийз залуу жүжигчин Hera хэдийгээр олны танил бус нэгэн боловч “Хайрлах нь” киноны амин сүнс нь болж чаджээ. Жүжигчний гайхалтай авьяасыг нь үнэлж түүнд шагнал өгөх нь зүйтэй боловч Натали Портман алтан баримлын эзэн болох магадлал өндөр. америкчуудын хайртай дүрийг хайртай жүжигчин нь амилуулсан учраас америкчууд Портманд санал өгөх хандлага илт ажиглагдаж байна.

Шилдэг эмэгтэй туслах дүр

Виола Дэвис, Хашаанууд

Наоми Харрис, Сарны туяа

Николь Кидман, Арслан

Октавиа Спенсер, Нуугдсан дүрс

Мишель Виллиамс, Далайн эргийн Манчестер

Эцэс төгсгөлгүй мэт зовлонг туулж буй эхнэрийн дүр дэлгэцэнд гарч ирэхэд “Хашаанууд’ кино амь орох мэт болж, үзэгчдийн сэтгэлийн утсыг хамгийн ихээр хөндөж байна гэнэ билээ. Гол дүрээсээ ч илүү нөлөөтэй дүрийг Дэвис амилуулж чадсан учраас тэр Оскарыг хүртэх эрхтэй.

Шилдэг найруулагч

Денис Вилленуэ, Айлчлал

Мел Гибсон, Хөрөөний ир

Дамиен Чазел, Ла ла Ланд

Кеннет Лонерган, Далайн эргийн Манчестер

Барри Женкинс, Сарны туна Сарны туяа киноны хэсэг бүр ямар нэг түүхийг өгүүлж, хараа булаана. Үүгээр зогсохгүй маш сайн жүжиглэлт, чихэнд хоногшим дуу хөгжим киноны ард эгшиглэнэ. Гэхдээ Барри Женкинс ялалт авахгүй гэж ихэнх шүүмжлэгч үзэж байна. Яагаад гэвэл энэ бол Холливуд шүү дээ. Залуухан Чазелын хуучны хийцтэй мюзикл өөлөх зүйлгүй. Тийм учраас Ла ла Ланд дахин нэг том ялалт байгуулбал гайхах зүйлгүй ээ.

 

 

Т.ЖАРГАЛСАИХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих