Толгойгоороо хөлбөмбөг тоглох нь ухаан муутгадаг
ЛОНДОН. /TASS/. Лондонгийн их сургуулийн коллеж, Кардиффын их сургуулийн мэргэжилтнүүд толгойгоороо хөлбөмбөг тоглох нь хүний тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ.
Эрдэмтэд дунджаар 26 жилийн хугацаанд хөлбөмбөг тоглосон, 60 насандаа ухаан муудах /деменци/ эмгэгтэй болж байсан ба одоо нас барсан зургаан хүний тархийг судалжээ. Тэдний тав нь мэргэжлийн хөлбөмбөгчин, нэг нь сонирхогч байжээ
“Судалгааны явцад тэдний тархийг нээж үзэхэд боксчдод ихэвчлэн тохиолддог тархины архаг гэмтлийн энцефалопатын өөрчлөлт тархинд нь үүссэн байсан” хэмээн Лондонгийн Их сургуулийн коллежийн профессор Хью Моррис ярилаа. Хөлбөмбөгчин байхдаа авсан толгойны гэмтэл нь деменци үүсэхэд нөлөөлсөн гэсэн нотолгоог анх удаагаа олж чадлаа гэж тэрбээр онцлон хэлжээ.
Ийм судалгаа хийх шалтгаан нь Английн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Жефф Астлын /1942-2002он/ гэр бүлийнхнээс толгойгоороо тоглох болон тархины өвчин хоёрын хооронд ямар нэгэн уялдаа холбоо байгаа эсэхийг тогтоож өгөхийг уриалсантай холбоотой аж. Ж.Астл арьсан бөмбөгийг толгойгоороо байнга мөргөж байсны улмаас тархины гэмтэл авч, 59 насандаа өөд болсон байна. Арьсан бөмбөг нь орчин үеийн нийлэг материалаар хийсэн бөмбөгнөөс илүү хүнд байдаг аж.
Деменци нь тухайн хүний нас сүүдэр, генийн онцлог, амьдралын хэв маяг зэрэг олон шалтгааны улмаас үүсдэг учраас дээр дурьдсан зургаан хүний хувьд ухаан муудах эмгэг нь чухамдаа хөлбөмбөг тоглосноос үүдэлтэй гэж батлахад одоохондоо арай эрт байна гэж эрдэмтэд ярьжээ.
О.Барс
URL: