ГХЯ хил дээр гацсан 4 мянган монгол жолоочийн төлөө хятад эзэд нь дуугарахыг хүлээгээд байгаа юм уу!?
Нүүрсний тээвэрлэлтэд явдаг монгол жолооч нар амаргүй нөхцөл байдалд ажилладаг болох нь баримт мэдээллүүдээс ойлгомжтой байдаг. Наанадаж л Монгол жолооч нарын цалин хятадуудынхаас хоёр дахин бага. Хятадуудад үргэлж дээрэлхүүлдэг болохыг эх сурвалжууд хэлдэг. Тэгвэл БНХАУ-ын Ганцмодны боомтод ачаа хүргэж очсон хүнд даацын машинуудыг өнгөрсөн бямба гарагаас эхлэн Монгол руу буцааж гаргахгүй байгаа гэх мэдээлэл анхаарал татаж байна. Одоогоор Гадаад харилцааны яамнаас энэ талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа юм.
Мэдээллээс үзэхэд 4000 монгол жолооч нутаг буцаж чадахгүй хил дээр гацжээ. Өнгөрсөн баасан гарагт тус боомт орчимд мотоцикльтэй явж байсан хятад иргэнийг машинаараа дайрч хөнөөсөн хүн хэргийн газраас зугтсан тул цагдаа нар хэрэгтнийг илрүүлэхийн тулд монгол жолооч нарыг шалгаж, хил дээр гацаасан гэх мэдээлэл орон нутгаас гадагшилж буй юм байна. Уг хэрэгт холбогдуулан гацаад байгаа жолооч нарын дийлэнх нь орох газаргүй, хоол унд муутай, мөнгө төгрөггүй хэцүү байдалтай байгаа гэнэ. Жолооч нар машинаа удаан хугацаагаар асаагаагүйн улмаас хөдөлгүүр нь хөлдөж, гэсгээх гэж доор нь гал өрдсөнөөс нэг монгол жолооч түлэгдэж, амиа алдсан золгүй явдал гарсан гэх мэдээлэл байна. Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “Ганцмодны боомтод өнгөрсөн баасан гаригт мотоцикльтэй явж байсан өмнөд хөршийн иргэн дайруулж амиа алдсан хэрэг гарсан байна. Түүнтэй холбоотойгоор Монгол руу орж ирэх хөдөлгөөнийг хязгаарласан. Монголоос ачаа тээж очсон машинуудыг оруулаад, нааш нь гаргахгүй байна. Үүнээс үүдэн монгол жолооч нар архидан согтуурч, улмаар нэгнээ хутгалж, аминд нь хүрсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа” гэснийг medee.mn сайт нийтлэжээ.
БНХАУ-ын НАХЯ-ны харьяа ӨМӨЗО-ы Нийгмийг аюулаас хамгаалах танхимын ажилтнууд эдгээр хэргүүдийг шалгаж эхэлсэн гэж байна. Тэгэхээр хятад иргэнийг дайрч хөнөөсөн гэх хэргийг хятадын цагдаа нар илрүүлэхээр ажиллаж байх хооронд манай монгол жолооч нар хүний нутагт амиа алдсаар байгаа нь харамсалтай. Уг асуудлаар Гадаад харилцааны яамнаас тайлбар хийж 4 мянган жолоочийнхоо эрх ашгийн асуудалд анхаарал тавих шаардлагатай болов уу.
Дашрамд өгүүлэхэд, Таван толгойн уурхайгаас шилжүүлэн ачих Цагаан хад хүртэл нүүрс тээвэрлэлтийг уртын тээвэр гэж нэрлэдэг. Харин Цагаан хадны дамжуулан ачилтаас Ганц модны боомт хүртэл 25 км газрыг богинын тээвэр гээд байгаа юм. Богино тээвэрт монгол компани нэг ч үгүй. Тэгэхээр 4 мянган жолоочийн ард байгаа Хятад эзэд Монголчуудын төлөө дуугарахгүй. Тиймээс ГХЯ Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах ёстой юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МУУ ШҮҮ