Ц.Цогтбаатар: Олимпод ялагдсаныхаа дараа сэтгэлээр их унасан

4223Гурван жилийн өмнө Монголын жүдод нэгэн залуу тамирчин гялалзаж гарсан. Тэр бол жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар юм. 2014 оны насанд хүрэгчдийн улсын аваргад 17-хон настай ерөнхий боловсролын сургуулийн сурагч өрсөлдөж ах нараа ялсаар хүрэл медалийн тавцанд зогсч байсан нь саяхан. Тэгвэл одоо тэрээр хэдийнэ Монголын шилдгүүдийн нэг болсон. Бүр дэлхийн аваргын дэвжээнд томчуудыг сандаргаад амжсан даа. Бага зэрэг туршлагатай байсан бол Цогоо хүү Казахстанд болсон дэлхийн аваргаас медаль зулгаачих шаанстай байлаа. “Түүний омголон морь шиг гялалзуур барилдаан нь амжилтад сөргөөр нөлөөлж байна ” гэж нэгэн цагт жүдо бөхөөр эх орныхоо нэрийг гаргаж явсан ахмад тамирчны дүгнэлт оргүй үг биш. Тэр яаруу биш бол опимп, дэлхийн аваргын медальтны эгнээнд багтсан байхыг үгүйсгэхгүй. Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар ах шиг ээ 20-хон насандаа олимпийн наадмын татамигаас медаль хүртэх хувь түүнд дутсан ч 2020 оны Токиогийн олимпоос найдвартай медаль авах тамирчдын тоонд Цогтбаатарыг зүй ёсоор багтааж байгаа юм. Ингээд залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатарын ярилцлагыг хүргэе.

-2017 оны улсын аваргыг эс тооцвол тэмцээн уралдаанд бараг оролцсонгүй. Яагаад тэр вэ?

-2016 оны Риогийн олимпийн дараа шигшээ баг албан ёсоор тарсан. Тиймээс тэмцээн уралдаанд оролцох боломж тэр бүр олдсонгуй. Бас бага зэргийн гэмтэл бий. Түүнийгээ эдгээх гээд л.

-Сая улсын аваргад 73 кг-ын жинд барилдлаа. Яагаад ингэтлээ жин нэмэгдэв. Уг нь 60 кг-д барилддаг хүн шүү дээ?

-Ер нь бол ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцохдоо 60 кг-ын жинд барилдахын тулд маш их жин хасдаг. Энэ нь миний амжилт болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Одоо биш ч хойшид. Тэр утгаараа улсын аваргад жин хасахыг хүсээгүй юм. Багштайгаа ярилцаж байгаад 73 кг-ын жинд оролцохоор шийдсэн. Тэгээд ч олимпийн дараа оролцсон ганц нэг тэмцээндээ дандаа 73 кг-д барилдсан. Олимпоос хойш ер нь жингээ тавьсан шүү /игоэв/.

-Тэмцээнд оролцохын тулд дунджаар хэдэн кг хасдаг вэ?

-Дээд тал нь 10 кг хасч байсан юм байна. Хоёр өдрийн дотор дээрх жинг хасч байлаа. Ер нь тамирчин хүнд жин хасах маш хэцүү шүү дээ. Тиймээс хүслээр болдог бол аль болох жин хасахгүй байхыг хүсдэг. Гэхдээ дасгалжуулагч нарын хэлснээр л барилдана.

-60 кг-д барилдаж байхад их л жижигхэн биетэй харагддаг байсан. Гэтэл сая улсын аваргаар нэлээд чацархүү харагдсан шүү?

-/Инээв/. Ер нь хүн жин нэмээд ирэхээр биерхүү болдог байх.

-Хоёулаа Риогийн олимпийн талаар ярилцъя. Дургүйцэхгүй биз дээ?
-Болоод өнгөрсөн тэмцээн. Миний хувьд анх удаа олимпийн наадамд оролцож үзлээ. Жингийнхээ шилдгүүдийг гэрт нь үлдээгээд явсан болохоор өөртөө маш их хариуцлага хүлээсэн. Хүмүүсийн надад хүлээлгэж байгаа итгэл том дарамт болсныг нуугаад яах вэ. Тэр утгаараа тогтвортой барилдаж чадаагүй. Олимпод маш муу барилдсан гэж дүгнэж байгаа. Миний хувьд 2016 онд муугүй бэлтгэлтэй байсан. Үүнийгээ ч улсын аваргаар харуулсан. Харамсалтай нь, олимпод очоод хүссэнээрээ барилдаж чадаагүй. Тиймээс одоо янз бүрийн зүйл ярих нь утгагүй байх.

-Таныг сонгох тэр мөчид юу бодогдсон бэ?

-Гайхсан. Миний өмнө дэлхийн аварга Болдбаатар гэж мундаг жүдоч байхад яагаад намайг сонгов гэж бодсон. Залуу тамирчнаа дэмжиж, дзлхийн шилдгүүдтэй rap зөрүүлж үзэг гэж бодсон байх. Гэхдээ л Болдоо ах явсан бол магадгүй олимпоос хүрэл медаль авах байсан ч юм билүү гэж хэсэг эргэлзсэн. Гэвч нэгэнт сонгогдсон болохоор эргэлт буцалтгүй олимпийн бэлтгэлдээ орсон доо. Тамирчин хүн үүрэг авахаар бүх зүйл бэлэн байдалд шилждэг. Ялангуяа бидэн шиг залуу тамирчид огтхон ч зөрчил гаргах ёсгүй. Хэдийгээр дотроо гайхах, айх зэрэгцсэн ч олимпод барилдах нь гэж бодохоор өөрийн эрхгүй баярласан.

-Олимпод амжилт үзүүлэх байх гэж найдтал чадаагүй. Шилдгүүдтэй барилдах тийм хэцүү байв уу?

-Ер нь бол олон шилдэг бөхтэй барилдаж явсан. Гэхдээ олимп бол тэс өөр юм билээ. Би хөдөлж чадаагүй шүү дээ. Нэгэнт амжилт үзүүлээгүй, олон хүний итгэлийг алдсан учраас одоо энэ тухай яриагаа зогсоох уу. Риогийн олимпод ялагдсаныхаа дараа маш их сэтгэлээр унасан. Нэг хэсэг хэнтэй, юу ч ярьмааргүй болдог юм билээ. Надад монголчууд, манай холбооны удирдлагууд итгэл хүлээлгэж байхад би муу барилдлаа, одоо ах нарынхаа нүүрийг яаж харна аа гээд л элдвийн юм бодогдсон.

-Тэгье. Гэхдээ шинэ олимпийн цикл эхэлчихлээ. 2020 оны олимп нүдэнд чннь харатдаж байгаа биз?

-Эхлээд шигшээ баг хэрхэн бүрдэж байгааг хүлээж сууна. Зөвхөн би ч биш манай жүдочид бүгд хүлээж байгаа. Одоо болтол шигшээ баг албан ёсоор бүрдээгүй. Гэсэн ч тэмцээнд оролцох нь оролцоод бусад нь өдөр тутмын бэлтгэлээ базаагаад л явж байна. Хэрвээ шигшээ багт багтвал дараагийн асуудлаа бодно шүү дээ.

-Ингэхэд яагаад жүдоогоор хичээллэсэн юм бэ. Бөхийн удамтай юм уу?

-Бөхийн удам гэхээр зүйл байхгүй ээ. Би өөрөө л энэ спортод үнэхээр дуртай. Багаасаа л барилдаж, ноцолддог хүүхдүүдийн нэг байлаа. Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрж өссөн. Улмаар долдугаар ангийн сурагч байхдаа хотод ирсэн юм. Ингээд 2007 оноос жүдо бөхөөр хичээллэхдээ Ц.Шийрэв багшийнхаа удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн. Цаашлаад гурван жилийн өмнө шигшээ багт багтсан даа.

-Жүдогоор барилдах гэж хотод ирсэн хэрэг үү?

-Үгүй ээ, уг нь үндэсний бөхийн “Аваргын гараа” өсвөр үеийн барилдаанд оролцох гэж  ирсэн ч хоцорчихсон юм. Ингээд бөх болж чадахгүй нь гэж бодохоор өөрийн эрхгүй уйлж, аав ээж хоёртоо гомдоллосон. Харин дараа нь аав маань Ц.Шийрэв багштай маань уулзаад намайг жүдогоор хичээллүүлэх сонирхолтой гэдгээ хэлсэн юм билээ. Тэр цагаас Шийрэв багшийнхаа удирдлага дор жүдогийн эрдэмд суралцсаар явна. Энэ дашрамд багшдаа баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.

-Анхны медалиа ямар тэмцээнээс авч байв. Өсвөр үеийн тэмцээнд ямар амжилт үзүүлээд байгаа вэ?

-Жүдогоор хичээллээд удаагүй байхдаа клубын аварга шалгаруулах тэмцээнд 27 кг-ын жинд анхны хүрэл медаль авч байлаа. Дараа нь Дорноговь аймагт болсон олон улсын хэмжээний мастер Я.Дорж багшийн нэрэмжит олон хотын тэмцээнд анхны алтан медалиа авсан. Насанд хүрэгчдийн анхны медалиа 2014 онд хүртсэн. Ер нь анхны гэх тодотголтой медаль бүхэн гоё байдаг юм.

-Тамирчид уураг, витамин зэрэг нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэдэг шүү дээ. Харин таны хувьд?

-Миний хувьд уураг, витамин огт хэрэглэдэггүй.

-Биеийн тамирын багш мэргэжлээр суралцдаг гэсэн. Энэ мэргэжлээрээ ажиллах юм уу?

-Ер нь бол тийм. Хэзээ нэгэн цагт зодог тайлах нь ойлгомжтой. Тэр цагт мэргэжлийнхээ ид шидийг гаргана даа.

-Жүдочдоос хэнийг хүндэлдэг вэ?

-Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Д.Амартүвшин, Г.Болдбаатар, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг ах нарыгаа хүндэлж, үлгэр дууриал авдаг. Ах нарын барилдааныг харахаар гоё байдаг юм. Тэдний хийсэн мэхийг бэлтгэл дээр хийж үзнэ.

-Олимп, дэлхийн аваргад оролцоод үзчихсэн хүннй цаашдын зорилго тодорхой биз?

-Тэгэлгүй яах вэ. Дээрх тэмцээнүүдэд гаргасан алдаагаа давталгүй медаль хүртэхийн төлөө хичээж болно.

-2017 оны хувьд эхний тэмцээн Парист болж дууслаа. Цаашлаад олон тэмцээн бий. Та ямар төлөвлөгөетэй байна вэ?

-Удахгүй шигшээ баг маань элэг бүлэн болох байх. Түүний дараа л оролцох тэмцээн уралдаан маань тодорхой болно. Ямар ч байсан дэлхийн аваргад барилдах болов уу.

-Тамирчдыг бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг. Гэтэл ихэнхдээ шүүмжлэл сонсдог. Өөрийн тань хувьд бусдаас сайхан үгийг хэр их сонсдог бол?

-Дандаа шүүмжлүүлнэ гэж юу байх вэ. Сайхан үг зөндөө л сонсч байлаа. Гэхдээ хааяа үнэн зөв шүүмжлэл тамирчин бидэнд ташуур болох ёстой. Тэр утгаараа магтаал, зэмлэл хоёрыг адилхан баярлаж хүлээн авдаг. Жүдогоор хамт хичээллэдэг ах нар, найз охин, бас гэрийнхнээсээ урмын сайхан үг зөндөө сонсдог. Бас зэмлэл ч сонсоно. Мөн багш маань маш үнэтэй зөвлөгөө өгнө. Бөхөд дуртай ард түмэн ч сургаалиа хайрлана. Тэдний дунд цөөн тооны хийрхэгч байдаг л байх. Гэхдээ тэр бүхэн ач холбогдол өгч тоодогтүй.

 

 

Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих