“Эрдэнэс Таван толгой” компани 100 төгрөг олох гэж 136 төгрөг зарцуулж байна

4c6tsilpdg8smi70qjuj8paoqa (1)Монгол Улсын үндсэн хуульд иргэн бүрийн эрх, үүрэг, өмчийн талаар тодорхой заасан байдаг. Тухайлбал, газрын хэвлийн баялаг ард түмний өмч юм. Иймд үүнээс хүн бүр хувь хүртэх эрхтэй гэсэн үг. Засгийн газар 2010 онд хүн бүрд төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн  1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл Таван толгой ордын 15 тэрбум ширхэг хувьцааны 20 хувийг иргэдэд, харин 10 хувийг нь нэг хувьцааг 933 төгрөгөөр үнэлж аж ахуйн нэгжүүдэд худалдсан юм. Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” компанийн нэг ширхэг алтан хувьцаа өгсөн. Гэвч өнөөг хүртэл уг хувьцааг баталгаажуулаагүй байгаа юм.

Таван толгойн 1072 хувьцааг Засгийн газар нэг сая төгрөгөөр үнэлсэн. Тэгвэл зургаан жилийн өмнө нэг хүн банкинд хугацаатай хадгаламж нээж дээрх хэмжээний мөнгө хийсэн бол бараг нэг дахин өсөх байж. Учир нь арилжааны банкуудын хугацаатай хадгаламжийн хүү дунджаар жилийн 15 хувьтай байгаа. Иймд 72 сарын хугацаанд 1.9 сая төгрөг болж өсөх тооцоо гараад байгаа юм.
Энэ бол төрөөс үнэгүй өгсөн бэлэгийн морины шүдийг үзсэн асуудал биш. Жирийн иргэд өөрт ногдох өмч ямар үнэ цэнэд хүрэх хугацаа өнгөрсөнийг л зүгээр тодотгох гэсэн энгийн жишээ.

Таван толгой орд Монголын ард түмнийг 100 жил тэжээх нөөцтэй хэмээн ярьдаг. Гэтэл энэ нь буруу замаар будаа тээж байгааг эдийн засагч, судлаачид хэлж буй юм. Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн санхүүгийн зарим үзүүлэлтийг сонирхоё. Таван толгойн уурхайгаас өнөөдөр 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зардал гаргаж буй тооцоо гараад байна. Энэ нь нэг орчинд үйл ажиллагаа явуулж буй “Ухаа худаг”-ийн уурхайгаас 106, орон нутгийн орон нутгийн буюу жижиг Таван толгойгоос 51 хувиар өндөр юм. Ингээд өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” компанийн алдагдал 453 тэрбум төгрөгт хүрсэн тооцоо гарлаа. Үүнээс гадна нийт зээл нь 822 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ өрийн 70 хувь нь Хөгжлийн банкны зээл бүрдүүлж буй аж.

Ийм нөхцөлд иргэд Таван толгой ордын хувьцаа эзэмшигч, ногдол ашиг, хувь хүртэнэ гэж байхгүй юм. Харин өөрт ногдох хувиа авч чадсан хүмүүс хожсон гэхэд хилсдэхгүй нь. Учир нь  2011, 2012 онд оюутнууд хувьцааныхаа зохих хувиар сургалтын төлбөрөө төлсөн. Ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөг авсан. Зарим иргэн 9 ширхэг хувьцаагаар эрүүл мэндийн даатгалын төлбөр хийсэн билээ. Гэвч зарим иргэний хувьцаанаас 20-30 ширхэг дутсан гэсэн гомдол ч гарсан юм. Мөн өнгөрсөн онд сонгуулийн өмнө Засгийн газар зарим иргэний хувьцааны 30 хувийг  худалдаж аваад байгаа. Тэгвэл хувьцаагаа ашиглаагүй хүн олон байна. Гэтэл өнөөдөр хэдэн иргэн хэчнээн хувьцаа эзэмшиж байгаа, “Эрдэнэс Таван толгой” компани ямар үнэ цэнэтэй вэ гэдэг асуудал тодорхойгүй хэвээр.  Ийм учраас эдгээр асуудлыг тодорхой болгох, ТУЗ-ийн гишүүдийг ямар шалгуураар хэрхэн томилдог тухай, санхүү, ажлын тайлан төлөвлөгөөг нийт хувьцаа эзэмшигчдэд ил тод мэдээлэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд эрх тэгш оролцуулах тухай асуудал хөндөгдөж эхлээд байна.

Ч.Ганхуяг: Төр үүргээ биелүүлж хувьцаа эзэмшигчдэд ил тод байж чадахгүй байна

/Эдийн засагч/

Хуульд хувьцаа эзэмшигч нь 50 хүнээс илүү бол Хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалах хуулийн заалт бий. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ордын хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр иргэдэд арилжаалах ёстой. Хувьцаат компаниуд дөрөвдүгээр сар гэхэд хувьцаа эзэмшигчийн хурлаа хийх үүрэгтэй. Гэтэл “Эрдэнэс Таван толгой” компани байгуулагдсан цагаасаа хойш хувьцаа эзэмшигчийн хурал огт хийгээгүй. Энэ мэтээр төр хуулиа биелүүлэхгүй өдий хүрлээ. Тэгэхээр дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдээллийг  олон түмэнд ил тод тодорхой болгохыг хүсч байна.

Энэ компани 2016 оны эхний улирал хүртэл тайлангаа сайтдаа тавьж ирсэн юм билээ. Үүнээс хойш энэ мэдээлэл нь гараагүй. Ингээд ТУЗ-ийн зарим нэг гишүүнтэй ярьж байж  албан бус байдлаар эдгээр мэдээллийг авсан. Тэгэхээр хувьцаа эзэмшигчийг авч байх ёстой мэдээлэл нь хязгаарлагдмал байна. Том хувьцаа эзэмшигч нь жижиг хувьцаа эзэмшигчдэд ил тод байж мэдээлэл өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Төр “Эрдэнэс Таван толгой” компанийн нэр дээр зээл авч улс төрийн амлалтаа биелүүлж хувьцаагаа эргүүлж Засгийн газарт зарсан хүмүүст тарааж өгсөн. Тэгэхээр хувьцаагаа заралгүй үлдсэн хувьцаа эзэмшигчдийнх өр болж хувирч байна. Улс төрийн амлалт биелүүлдэг ийм утгагүй дампуу засаглалтай компани болж хувирсан.

Б.Баяр: Захиргааны хэргийн шүүхэд хандаж хувьцаа эзэмшигчдийн эрхийг сэргээнэ

/Хуульч/ 

Төрөөс “Эрдэнэс Таван толгой” компанийн 20 хүртэлх хувийг иргэдэд, аж ахуйн нэгжид 10 хүртэлх хувийг эзэмшүүлэх шийдвэр гараад удаж байна. Гэвч энэ хувьцааныхаа үр ашгийг хүртэж чадаагүй иргэн олон. Аливаа компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хангах хуулийн заалтууд бий. Тухайлбал хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх эрхтэй. Гэтэл төр засаг санал өгөх эрхийг хаасан. Учир нь иргэдэд тухайн хувьцааг үнэгүй өгч байгаа тул эрхийг нь хязгаарласан. Үүнээс гадна мэдээлэл авах, ногдол ашиг авах, хувьцаагаа зарж борлуулах эрхтэй. Уг нь хувьцаа хөрвөх чадвартай байх ёстой. Гэтэл өнөөдөр ийм боломжгүй байгаа юм. Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоол гэж бий. Энэ тогтоолын гуравдугаар заалтад хувьцааны хоёрдахь зах зээлийн арилжааг эхлүүлэх хүртэлх хугацаанд хувьцаа нь саналын эрхгүй, Засгийн газрын нэрлэсэн үнээр худалдахаас нааш санхүүгийн аливаа хэлбэрээр захиран зарцуулахыг хориглосон. Тэгээд “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд хийнэ гэж зарласан юм.  Ингээд энэ хуралд зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид оролцоно гэсэн байгаа. Гэтэл иргэн тус бүр 1072  хувьцаа эзэмшдэг, аж ахуйн нэгжүүд 33 сая төгрөг төлөөд 36 мянган хувьцаа авсан байгаа.  Жишээлбэл, манай компани тэдний нэг. Гэтэл бидний эрхийг Засгийн газрын тэр 181 дүгээр тогтоолоор хязгаарлаад байна. Иймд энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөх үндэс байхгүй. Эндээс үзвэл иргэдийн болон худалдаж авсан компаниудын хувьцааг үнэгүйдүүлж “Эрдэнэс Таван толгой” компанийг дампууруулах нөхцөл байдалд хүргэж байна. Тэгэхээр хууль эрх зүйн хүрээнд бид эрхээ хамгаалах, өмчийн эзэн байх бололцоо бий.

Эхний ээлжинд Захиргааны хэргийн шүүхэд хандаж Засгийн газрын 181 дүгээр тогтоол, түүний гуравдугаар заалтыг хүчингүй болгуулах хүсэлт гаргана. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн эрхийг сэргээх нь эхний алхам юм. Энэ тогтоол нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зэргийг зөрчсөн шийдвэр юм. Ингээд “Эрдэнэс Таван толгой” компанийн тайлан болон бүхий л мэдээллийг авах эрх хувьцаа эзэмшигчдэд бий.  Дараа нь иргэний эрх зүйн хүрээнд авах асуудал байгаа. Уг компани 2010 онд анх байгуулагдахдаа батлагдсан дүрмээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд уг компанийн дүрмэнд өөрчлөлт оруулах шаардлага бий.  Учир нь 2012 онд хувьцаат компани болсон юм. Тэгэхээр “Эрдэнэс Таван толгой” компанийн удирдлагуудад хандаж компанийн дүрмэнд өөрчлөлт оруулж  хувьцаа эзэмшигч олон мянган иргэний эрх ашгийг хамгаалахыг шаардах юм. Засгийн газраас уг компанийн хувьцааг анхдагч болон хоёрдогч зах зээлд гаргах үүрэг өгсөн. Гэтэл энэ талаар ямар ч арга хэмжээ авсангүй. Энэ ажлыг түргэвчилэхийг бас шаардана.

Л.Наранбаатар: Энэ янзаараа сорчлоод олборловол Тавантолгой найман жилийн настай

/Уул уурхайн эксперт/

Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” компанийн өр асар их байна. Тус компаниас Хятадын “Чалко” компанид төлөх өр 100 сая ам.доллар үлдлээ гэж 2015 онд мэдэгдсэн. Гэвч “Чалко” компанид төлөх өрөө үйл ажиллагааны ашигаар дараагүй. Чингис бонд, Хөгжлийн банкнаас авсан мөнгөөр дарсан гэж хэлж болно. Таван толгойн уурхайн олборлогч нь хятадын компани. Тэд ажлын хөлсөө “Чалко” компанитай адил нэг тонн нүүрсийг 30 ам.доллараар тооцож авч байгаа. Иймд  Таван толгойн олборлолт, тээвэрлэлт, борлуулалт нь бүгд хятадын мэдэлд очсон гэсэн үг. Таван толгойд өнөөдөр өч төчнөөн хөрөнгө оруулж, төмөр зам бариад хэрэггүй. Хөрсөнд ойрхон буюу зардал багатай, хамгийн сайн чанарын нүүрсийг нь сорчлоод олборлочихсон. Цаашид ингэж сорчлон олборлох, муу менежментээр явбал Таван толгойгоос найман жилийн хугацаанд 120 сая тонн нүүрс олборлоод л уурхай хаагдана. Үүнийг мэргэжлийн хүмүүс судалж тогтоосон. Уурхайг зохих ёсоор нь ашиглахгүй бол эргээд төр өрийн дарамтад орохоор болоод байна. Өөрөөр хэлбэл Таван толгойн уурхайн хувьд улаан гэрэл ассан гэсэн үг. Тухайлбал нэг тонн нүүрсийг нь 30 ам.доллараар борлуулж байсан. Энэ үед  үүнээс бага зардлаар олборлох шаардлага тулгарсан юм. Ингээд уурхайн хамгийн ашигтай нөөц нэг ёсондоо өрөмийг нь хамаад эхэлсэн. Яг ийм жишээ Багануурын уурхайд гарч байлаа. Энэ уурхай 1978-2011 онд 98 сая тонн нүүрс олборлон, 90 сая тонн нүүрс хэрэгцээгүй болгож хаясан. Учир нь төр нүүрсний үнийг өртгөөс нь бага барихын тулд ашиглалтын урт хугацааны горимыг эвдсэн юм. Ингээд тэр 90 сая тонн нүүрсийг өнөөдөр олборлоод ашиглах техникийн нөхцөл боломжгүй болсон. Таван толгой одоо яг энэ замаар явж байна. Гэтэл Австрали, Индонез, ОХУ нүүрсний их нөөцтэй. Тэд БНХАУ-тай татварын хөнгөлөлт эдлэх хэлэлцээ хийж байгаа. Зах зээлээс биднийг алхам тутамд шахаж байгаа. Иймд бид Гашуун Сухайтын боомтыг нэн даруй олон улсын чанартай болгох, төмөр замаа барьж, нүүрсээ баяжуулах хэрэгтэй юм.

“Эрдэнэс Таван толгой” компани өнгөрсөн хугацаанд ашигтай ажиллах боломж байсан. Нүүрсээ баяжуулаад зарсан бол ашигтай ажиллах байв.  Алдагдсан боломжийн тухай ганц жишээ хэлье. Таван толгойн хөрөнгө оруулалтын асуудлыг найман жил ярьлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг тонныг нь 25-30 ам.доллараар 10 сая тонн нүүрс түүхийгээр нь гаргасан. Гэтэл дэлхийн зах зээлд нэг тонн нүүрс 200-300 ам.доллар хүрсэн юм. Хэрэв нүүрсээ баяжуулсан бол 120 ам.доллараар зарах байв.

Ингээд тонн тутмаас 90 ам.долларын алдагдал хүлээсэн. Тэгвэл 10 сая тонн нүүрснээс 900 сая ам.доллар алдсан гэсэн үг. Энэ бол зөвхөн орлогын тооцоо. Үүнээс гадна олж болох байсан ашгийн татвар, нөөцийн төлбөрөөр 150 сая ам.доллар улсын төсөвт орох байсан. Ийм муу менежментээр зардлыг нь өсгөж орлогыг нь хулгайлж байхад тус бүр 1072 хувьцаа эзэмшигч монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд  хүлцэнгүй суух ёсгүй. Би урд нь ийм тооцоо судалгаа хийж мэдээлж байсан ч хэн ч тоолгүй өдий хүрсэн. Өнөөдөр бид гурав нийлж жижиг хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө холбогдох бүхий л хууль журмыг судалж ажиллахаар боллоо. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа эзэмшигчид биднийг дэмжиж эрх ашгаа хамгаалах байх гэж найдаж байна.

Таван толгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал ямар шатандаа яваа мэдээлэл одоохондоо алга. Хэдэн сарын өмнө Засгийн газраас дотоодын ханган нийлүүлэгчид, өмнө нь саналаа өгсөн консорциумын төлөөлөгч нартай уулзсанаас хойш сураг алдарсан. Гэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яригдсан ч яригдаагүй ч бид хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах ажлаа орхихгүй. Хувьцаа эзэмшигч иргэд, мөнгөө оруулж түгжүүлсэн аж ахуйн нэгжүүд бүгд нийлж эрх ашгаа хамгаалах цаг нь болсон.

Т.ЖАНЦАН

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих