“Хоёр амь”, “Нэг сэтгэл” өдөр бүр Тэнгисийн дэлгэцнээ
Хамба фильм студи, “Монгол контент” ХХК-ний хамтын бүтээл “Хоёр амь” МУСК нээлтээ хийсэн цагаасаа эхлээд үзэгчдийн болон мэргэжлийн уран бүтээлчдийн анхааралд зүй ёсоороо өртөж чадсан бүтээл юм. Миний мэдэх аавын хайр, халамж, эцэг хүний ухаан бүгдийг харуулсан бүтээл бол Италийн найруулагч, зохиолч, жүжигчин Роберто Бенини-гийн “Амьдрах сайхан” кино юм. Энэхүү кино нь дээр л би аав гэж хэн болох үр хүүхэд, ханийхаа төлөө юуг ч хийхээс буцдаггүй тийм л агуу хүмүүс байдаг юм байна гэсэн бодлыг яах аргагүй миний оюун санаанд оруулж өгсөн юм. “Амьдрах сайхан” киног жилдээ нэг юм уу хоёр бол заавал үздэг үзэх бүрдээ нүдэндээ нулимсдаа зүрхэндээ аавыгаа улам ихээр хайрлах тэр л хайрыг бие сэтгэлээрээ мэдэрдэг.
Үзэх бүрдээ Монголын сайхан аав нарын хайр халамжийг харуулсан ийм бүтээл яагаад байдаггүй юм бол гэж их боддог байлаа. Сүүлийн жилүүдэд миний мэдэхээс аавын тухай “Аав” УСК болон нээлтээ хийгээд удаагүй “Сайн аав” гэсэн бүтээлүүд гарсан. Эдгээр бүтээлүүд ч мөн адил эцэг хүний гэр бүлээ гэсэн сэтгэл, үр хүүхдээ хайрлах хайрыг харуулсан сайн ч бүтээлүүд.
Харин би өнөөдөр “Хоёр амь” хэмээх киног үзсэн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцах гэж байна. Дээр би яагаад Роберто Бенинигийн дэлхийн шилдэг 100 бүтээлийн нэгэнд тооцогддог киноны тухай дурдсан бэ? Гэвэл “Хоёр амь” кино нь надад яаг л “Амьдрах сайхан” кино үзэхэд төрдөг тэр л сэтгэл хөдлөлийг надад мэдрүүлсэн юм. Учир нь Галаагийн /С.Болд-Эрдэнэ/ дүр Гуидо /Роберто Бенини/ хоёрын дүр хоорондоо их төстэй. Энэ хоёр эцэг 2лаа хүүгийнхээ төлөө юуг ч хийхэд бэлэн байдаг.
Мөн Галаагийн дүрээс монгол аавын хайр илүү харагдаж байсан нь миний сэтгэлийг маш их хөдлөгсөн. Хоёр амь кино нь дээр ямар ч илүү дутуу чимэглэл, илүү сунжирсан яриа текст гээд аль аль нь байсангүй бүгд л яаг хэмжээндээ байлаа. Киноны өгүүлэмжийн хувьд ч мөн адил хүмүүсийг уйдаасан аль эсвэл худлаа маазрал гэх зэрэг зүйл ч байсангүй. Жүжигчдийн тоглолт их хөнгөн хэдий ч маш их дотоод сэтгэлийн тоглолтыг гаргасан байлаа. Гол дүрийн жүжигчид дүрээ маш сайн мэдэрч, дүрүүдийнхээ мөн чанарыг ойлгож байгаа нь киноны турш харагдаж байсан юм. Аав хэмээх эрхэм алдарын үнэ цэн, үнэлэмжийг “Хоёр амь” киноноос тодоос тод харах боломжтой юм. Зөвхөн эцэг хүүгийн хайрыг бус хүний мөн чанар, өнөөгийн нийгмийн төрхийг ч мөн адил энэхүү киноноос харж болно. Хүн хүнээ хайрлах сэтгэл, ус биш тус болох энэрэнгүй сэтгэл монгол хүн бүрийн сэтгэлд нь үйлдэлд нь байгаасай. Үр хүүхэд бүхэн эцэг эхийнхээ толь нь байдаг. Та юу хийж, юу ярина тэр бүхнийг тань таны хүүхэд дууриадаг шүү дээ тийм болохоор та хүүхдээ хэн болгохыг хүсэж байна. Та өөрөө тийм л хүн бай. Яаг л “Хоёр амь” киноны аав Галаа шиг хүүхдэдээ асуусан зүйлийг нь ойлгомжтойгоор тайлбарлаж өгснөөр таны хүүхэд хэзээ ч мартахгүй. Энэ бол таны хүүхдэдээ хийж байгаа буян. Учир хэзээ нэгэн цагт таны хүүхэд тэр зүйлийг бодоод “ааваа надад энэ зүйлийг энгийнээр ойлгуулж өгсөнд баярлалаа” гэж хэлэх болно. Хэдий эцэг хүү хоёрын амь тусдаа хэдий ч тэр хоёрын бие биенийхээ төлөө гэсэн сэтгэл үргэлж нэг байдаг юм байна гэдгийг үзэгч та бүхэн “Хоёр амь” киноноос мэдрэх болно.
Өдөр бүр “Тэнгис кино” театрын дэлгэцнээ.
Төсөөллөөс илүүг Тэнгисээс
URL: