УИХ аяллын компани, мэргэжил дээшлүүлэх дамжаа биш, Д.ГАНТУЛГА ГИШҮҮН ЭЭ
УИХ бол хууль тогтоох засаглал. Үндсэн үүрэг нь хууль батлах, бодлого тодорхойлох. Энэ үүргийн төлөө УИХ-ын 76 гишүүн хурал таслах ёсгүй. Өөрөөр хэлбэл, тэдэнд хурал таслах эрх байхгүй гэсэн үг. Харамсалтай нь, бодит байдал дээр бүгд энэ үүргээ ухамсарладагтүй. Тиймээс ч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж УИХ-ын дарга М.Энхболдыг эзгүй хойгуур чуулганы хуралдаан даргалах үеэрээ хурал тасалсан гишүүдийг нэр цохон дурдсан. “Туслахууд унтаж байгаа гишүүдээ орноос нь босгоод авчир” гэж ч хатуурхсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад 65 гишүүнийхээ ирцийг бүрдүүлэх асуудлыг намынхаа бүлгийн хуралдаанд авч хэлэлцэхийг даалгасан. Үуний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр уг асуудлыг хэлэлцэж, чуулгандаа сууж байхаа амласан тухай мэдээлэл ч хөвөрч байв. Гэсэн ч өнгөрсөн намрын чуулганы хуралдааны ирц хангалтгүй байсны дээр нэг гишүүн багадаа хоёр кноп дарах үүрэг хүлээж байсан нь нууц биш. Энэ талаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал, М.Билэгт нараас тодруулахад өөрсдийгөө хамгаалсан болоод өнгөрсөн. Хэрэв энэ янзаараа үргэлжилбэл хаврын чуулган ч үр дүнд хүрэхгүй. Учир нь, 169 цаг хуралдсан өнгөрсөн намын чуулганы хуралдааны ирц гарсан байна.
Эндээс харахад УИХ-ын гишүүнийхээ үндсэн үүргийг гүйцэтгэж, 169 цагийн 162 цагг суусан нь байна. Түүний араас үүрэг хариуцлагаараа аман хүзүүдсэн гишүүн нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. Тэрбээр 161 цагийн хуралдаанд суусан. Мөн УИХ-ын гишүүн Х.Баделхан 159 цаг, Н.Амарзаяа гишүүн 157 цаг тасралтгүй хуралдаа суужээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Наранхүү гишүүн таслалт, томилолтоороо тэргүүлсэн. Тодруулбал, 26 цагийн чуулганы хуралдаанд сууж, 74 цагийг нь тасалж, 21 цагийг нь гадаад томилолтоор аргалж, 32 цагийг нь орон нутагт өнгөрүүлж. Түүний хувьд энэ бол зуршил. Өнгөрсөн парламентад ч тэрбээр таслалтаараа тэргүүлж, үүнийгээ “Харин ч гайгүй юм билээ. Би өөрийгөө хамгийн их тасалсан байх гэж бодсон чинь миний дээр бас хүн байна лээ” хэмээн хээвнэгхэн онигоо ярих аятай инээж байх жишээний.
УИХ-д хууль батлах, бодлого боловсруулах үүрэг хүлэзж сонгогдчихоод таслалтынхаа тоог баярлаад яриад суудаг УИХ-ын гишүүн гэж байж болох уу. Тэр дундаа, хамгийн олон таслалттай гишүүдийг тогтмол дөрвөн жил тэргүүлчихээд шүү. Магадгүй үүнд нь түүнтэй хамт Дундговийн сонгогчид ч буруутай байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь, гэнэтийн гэхээс илүүтэй бараг зуршил болсон гэмээр түүний бэлгүүдэд дунговьчууд дуртай. Санал өгөхдөө ч түүнийг нь харгалзаж үздэг байхыг үгүйсгэх аргагүй. Хууль батлах тухай бус харин сонгогчдодоо өгөх Цагаан сарын бэлэг, хурдан морины бай шагнал, шинэ жилийн ёслолын ажиллагааны азын сугалааны хонжвор ярьж, түүгээрээ илүүрхэж, хөлчүүрхдэг энэ араншинд нь дундговьчууд дуртай. Харин орон нутгийн хөгжлийн хувьд Дундговь аймаг хамгийн муу үзүүлэлт бүрийн эхэнд бичигдсээр яваа. Магадгүй энэ сонголтынх нь араас “Хүргэх ёстойгоо хүртэж дээ” гээд хэлчихмээр. Б.Наранхүү гишүүний энэ увайгүй зуршил, үл тоомсорлосон таслалтыг өөгшүүлснийх нь төлөө шүү дээ.
Тэгвэл түүний орыг залгах гэхээс илүүтэй түүнтэй эн тэнцүү өрсөлдөхүйц нэг шинэ гишүүн тодорсон нь УИХ-ЫН гишүүн Д.Гантулга. Тэрбээр 58 цаг чуулгандаа сууж, 108 цагийн чуулганы хугацаанд оролцсонгүй. Гадаадад томилолтоор 27 цаг, орон нутгаар 33 цаг явсан. Мөн 21 цагийн чөлөө авсан.
Энэ тухайгаа тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би өнгөрсөн зургаан сарын хугацаанд тойрогтоо хамгийн олон удаа ажилласан УИХ-ын гишүүнээр тодорсон. Нийтдээ 14 удаа очиж, ажилласан. Эхнээсээ ганц нэг бүтээн байгуулалтын ажил хийж, хэд хэдэн тууз хайчлаад амжсан. Дээр нь, гадаад томилолтоор найман улсад 41 хоног ажилласан. Тэгэхээр өнгөрсөн хагас жилд багагүй ажил амжуулсан он цаг байсан байх гэж бодож байна” хэмээн ярьж байх жишээний.
Тэгвэл түүний энэ тайлбарын өөдөөс “УИХ-ын гишүүдийг урих, залах тохиолдол олон байдаг. Гэхдээ урьсан бүх арга хэмжээнд яваад байж болохгүй. Энд хууль батлах гэсэн үндсэн ажил байсаар байтал гадаад улсаар тэнээд байж болохгүй шүү дээ. Чухлыг нь сонгож, явах ёстой. Эндэх ажлаа бас бодолцох ёстой” гэсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн үгийг дайя. Харин түүний энэ шаардлагынх нь төлөө УИХ-ын гишүүн Д.Гантулга “О.Баасанхүү гишүүн шиг нэгнийхээ явуулж байгаа бодлогыг унагаахын тулд өдөржин яриад байж болохгүй. Заримдаа би дургүй хүрээд байдаг шүү” гээд яриад сууж байх жишээний. Өөрөө хуралдаа суухгүй, УИХ-ын гишүүний ажлыг аяллын компанийн менежер мэт итгэчихсэн яваадаа гэмшихгүйгээр түүнд ингэж ярих эрх бий юу. Тэр дундаа “Хэд, хэдэн тууз хайчлах ёслолд оролцлоо” гээд яриад сууж байдаг.
Уг нь, өөрийнх нь яриагаар бол Монголын илтгэх урлаг, пиарын гурав, дөрөвхөн үнэ цэнтэй зөвлөхийн нэг юм гэнэ лээ. Мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх замаар ядах зүйлгүй байртай болчихно гэдгээ ч хэвлэлээр зарласан. Бүр, “Миний хувьд бүрэн эрхийнхээ эхний хоёр жилд нь хууль, бодлого гаргах зарчим системийг мэдзж авах ёстой гэж боддог. Сүүлийн хоёр жилд нь судалж мэдсэн судалгааныхаа үр дүн дээр суурилсан хууль, бодлого гаргахын төлөө зүтгэнэ” гэсэн ярилдлага өгөөд сууж байх жишээний. Яг үнэндээ өөрөө ийм юм ярьдаг хүн хүнд зөвлөөд үр дүнд хүрнэ гэдэгт бас л гайхмаар.
УИХ гэдэг аяллын компани биш. УИХ гздэг хоёр жилийн хугацаанд суралцаж төгсдөг мэргэжил дээшлүүлэх сургалт бүр ч биш. Харин УИХ гэдэг чуулгандаа хүндэтгэлтэйгээр сууж, ард түмний өмнөөс хууль батлах бодлого тодорхойлох эрх бүхий төрийн засаглал. Үнэнийг хэлэхэд УИХ-ын гишүүн Д.Гантулгад энэ үгийг хэлэхийг, бас бичихийг нэг бус удаа хүссэнээ нуух юун. Учир нь, хурлаа тасална. Тасалсан шалтгаанаа тойрогтоо гэдэг үгээр халхавч хийнэ. Бүр учир шалтгаанаа хэлэх ч үгүй тасалсан цаг нь 12 цаг.
Тэгэхэд жирийн иргэд ажилласан минутынхаа тоогоор 50-200 төгрөг цалингаасаа хасуулдаг болсон цаг. Орчин үед хурууны хээний бүртгэл лав л УИХ-ын гишүүд шиг хурлаа тасалсан хэрнээ цалингаа бүтэн авдаг тийм боломжийг олгохгүй. Товчхондоо, 28 насны гал дөлөөр улс төр хийлээ, хийлээ гэхэд хууль тогтоох засаглал, санал өгсөн сонгогчдоо хүндлэх жаахан ч гэсэн ёс сургахуунаа авч үлдэхийг хичээгээрэй, гишүүн ээ. Өөрийн тань хэлснээр өөрийн тань амжилтыг харж улс төрд дурлах залуус олон болсон байлаа гээд энэ нь таныг бусдаас илүүрхэж, хариуцлагаа гишиглэх эрх биш гэдгийг эртхэн ойлговол дээрсэн дээ.
Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
намын нэрээр гарсан мангар пацаанууд зөндөө байгаа энэ мэтээр
Монголын төрийг зөвхөн ганзагын наймааны сэтгэлгээтэй хүмүүс удирдаж байгаа шүү дээ. Хөөрхий дөө