Ардчилсан намынхан хандивын аяныг эхлүүлэв
Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулзалт хийн, ажлаа танилцуулж тэдний сонирхсон асуултад хариулт өгдөг энэ удаагийн уулзалтанд АН-ын дарга Н.Алтанхуяг, ЕНБД Д.Эрдэнэбат нар оролцож Ардчилсан нам www.handiv.mn вэб сайтаар дамжуулан дэмжигч гишүүдээсээ хандив цуглуулах аян эхлүүлээд байгаа талаар мэдээлсэн юм. Тэрбээр “Аливаа намын санхүүжилт далд биш ил тод, бохир биш цэвэр, хаалттай биш нээлттэй байх ёстой. Тийм ч учраас манай нам гишүүд дэмжигч, ард иргэдээс хандив цуглуулах ажлыг ил тод эхлүүлж байгаагаа мэдээлж байна.
Ардчилсан намын гишүүд дэмжигчид тус вэб сайтад нэвтэрч тусгай дугаарт мэссеж илгээхээс гадна нэгж илгээх журмаар мөн дансаар болон банкныхаа картаар хандив өргөх боломжтой аж. Хандив өгч байгаа иргэд тухайн вэб сайтаас хэн, хэдэн төгрөг өгсөн бас юунд зарцуулсаныг нь харах боломжтойгоороо намын санхүүжилт ил тод явагдана гэж тэд үзэж байна. Хандив өгөхийг хүссэн иргэд энэ вэб хуудаснаас АН, АН-аас санаачилсан “Монгол хүн 2020” хөтөлбөр, “Ардчиллын Өргөө” болон Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа болох Эдийн засгийн хувьсгал гэдгээс сонгож хандив өгч болох ба дэмжигч иргэн жилд нэг удаа хоёр сая хүртэлх төгрөг, харин аж ахуй нэгж байгуулага жилд 20 хүртэлх сая төгрөгийн хандив өгөхөөр хязгаар тогтоожээ.
Мөн энэ үеэр 18 нас хүрээгүй Монгол Улсын иргэн, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж, байгууллага, шашны байгуулага гэх мэт Улс төрийн намын тухай хуулиар хориглосон этгээдээс хандив авахгүй гэдгээ АН-ын дарга хэллээ.
Хэвлэлийн хурлаа үндсэн хоёр хэсгээс бүрдсэн хэмээн зарласан намын дарга энэ үеэр “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” сэдвээр оюутан залуучуудын дунд зарласан илтгэлийн уралдаанд эхний байр эзэлсэн залуучуудад баяр хүргэж шагналыг 11 сарын 29-нд болох гурав дахь илтгэлийнхээ үеэр гардуулахаа мэдэгдэв. Тус намаас зохион байгуулж байгаа “Монгол хүн 2020” аян орон нутгийнхаа хаалтыг ирэх амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт хийх бөгөөд дараа нь Улаанбаатар хотод нэгдсэн журмаар хаалтаа хийж дуусаа энэ сарын сүүлээр ҮЗХ-гоо хуралдуулж ажлаа дүгнэнэ хэмээн хэлсэн юм.
URL: