Хятадаас авч, Хятадад зарсаар…

9b6c8e8972df85eebig“Монгол улс 2016 онд дэлхийн 152 улстай худалдаа хийснээс 74 улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлосон бол 152 улсаас импортолсон байна. Урьдчилсан гүйцэтгэлээр нийт бараа эргэлт 8,3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2,3 хувиар буюу 191 сая ам.доллараар буурчээ. Экспорт импортоос давамгайлж, 1,5 тэрбум ам.долларын зөрүүтэй гарсан нь эерэг үзүүлэлт болжээ. Энэ бол худалдааны тэнцэл Монгол Улсад ашигтай гарсныг харуулж байгаа гол үзүүлэлт” хэмээн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр онцлов.

Нийт экспортын 91,4 хувь 3 оронд ногддог

Экспорт буюу бидний гадаад зах зээлд борлуулж байгаа бүтээгдэхүүн бол төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэс, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг эрдэс баялаг. Энэ бол манай улсын экспортын 70 орчим хувийг эзэлж байгаа дүн.

Бид тэгвэл хэнд илүү “өгдөг” юм бэ ГХЯ-наас гаргасан мэдээллээр 74 оронд бараа түүхий эд экспортлосон ч 79 хувийг нь БНХАУ-д, 11.3 хувийг нь Их Британид, 4.7 хувийг нь Швейцарьт нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл нийт экспортын 91,4 хувь нь 3 оронд, үлдсэн 9,6 хувь нь 71 оронд ногдож байгаа гэсэн үг. Хэдийгээр экспортын хэмжээ импортоос 1,5 тэрбум ам.долларын зөрүүтэй гарчээ хэмээн алга ташиж болох ч энэ нь ердөө уул уурхай болоод гуравхан орноос хамааралтай дүн юм.
Импортын хувьд эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэйгээр 10 гаруй хувиар буурсан дүн гарсан гэнэ. 2016 онд 3,4 тэрбум ам.долларын импорт хийсэн нь 2015 оныхоос 440 сая ам.доллараар буурсан үзүүлэлт. Эрдэс бүтээгдэхүүнийх 724 сая ам.доллар болж, 2015 оныхоос 22,7 хувиар буурсан бөгөөд үүний 73,3 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг.

Эрдэс бүтээгдэхүүний араас шил даруулан машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон дүн нь 680,4 сая ам.доллар. Өмнөх онтойгоо харьцуулахад энэ дүн 105 сая ам.доллараар буюу 13,4 хувиар буурчээ. Манай улсын хувьд нийт импортынхоо 31 хувийг урд хөршөөс, 26,2 хувийг хойд хөршөөс авдаг. Харин гуравдагч хөрш болсон АНУ 4,1 , Япон 9,8 , БНСУ 5,9, ХБНГУ 3,6 хувийг импортын бүтцэд эзэлдэг бөгөөд нийт барааныхаа 80,6 хувийг зургаан орноос авчээ. 146 оронд үлдсэн 20 хүрэхгүй хувь ногдоно.

Энэ бүхнээс харахад нийт бараа эргэлтийн 59,5 хувь буюу 4,9 тэрбум ам.долларын худалдааг БНХАУ-тай, 11,31 хувь буюу 961,02 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн байна. Гэхдээ энэ бол бас л өнгөрсөн онтойгоо харьцуулбал буурсан дүн.

Жишээ нь, БНХАУ-тай хийсэн худалдаа 6,32 хувиар, ОХУ-тай хийсэн нь 12,26 хувиар тус тус буурчээ.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2017 оны нэгдү­гээр сарын дүнгээр 705 сая ам.доллар болж, 2016 оны мөн үеэс 177,4 сая ам.доллар буюу 36 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа нь бизнесийнхэн болоод хөрөнгө оруулагчдын хувьд энэ жил эерэг дүр төрх харагдаж байгаагийн нэг илэрхийлэл болж, итгэлийн үнэлгээг нэмж байна хэмээн онцолж болох.

Гэхдээ Монгол Улсын гадаад худалдаа нь хоёр хөршөөс салшгүй байгааг дээрх тоон мэдээллээс харж болно. БНХАУ-ын хувьд бид идэвхтэй худалдан авагч төдийгүй сайн нийлүүлэгч нь. Экспортын 79 хувь, импортын 31 хувь тус улсад харьяалагдана. Тэгвэл ОХУ-аас бид авдаг ч өгч чаддаггүй дүн мэдээ гарсныг уншигч та анзаарсан байх. Манай нийт импортын 26 хувь нь тус улсад ногдож байгаа юм. Энэ нь хүнсний болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс шалтгаалсан дүн гэж болох ч бид тэдэнд юу ч зарж борлуулж чаддаггүй юм байна. Хэдийгээр мах нийлүүлэх талаар жилээс жилд яригддаг ч манай мал эмнэлгийн байгууллагын чанар стандарт тэдний төвшинг давж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Манайхаас эрдэс баялаг, ашигт малтмал тэд авахгүй нь тодорхой. Бидэнд хүнсний болон аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ санал болгох боломж бий.

Засгийн газар юу хийх вэ?

Гадаад харилцааны яамнаас өчигдөр гадаад болон дотоод худалдааг нэмэгдүүлэх, гадаад орнуудтай эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд ямар ажил хийхээр төлөвлсөн хийгээд хийж эхлээд буй танилцуулсан юм.

Өнгөрсөн онд импортоор оруулж ирж байгаа гарал үүслийн нотолгоогүй бараа бүтээгдэхүүнд манай гаалийнхан 10 хувийн татвар ногдуулж эхэлсэн нь бизнес эрхлэгчдэд хүндээр тусах болсон учраас Монгол Улсын гаалийн тариф, гаалийн  татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ГХЯ эрчимтэй ажиллаж, энэ татварыг ногдуулахгүй байх шийдвэр гаргуулжээ.

2016 онд Монгол Улс Дэлхийн худалдааны байгуул­ла­­гын Худалдааны хөгжлийн хэлэлцээрт нэгдэн орсон 99 дэх улс болсон байна. Энэ хэлэлцээрт нэгдэн орсноор хөгжлийн хэлэлцээрийн түншүү­­дээс дэмжлэг авах, чиглэл чиглэлд төсөл хөтөл­бөр хэрэгжүүлэх, гадаад худал­дааны зардлыг бууруулах, экспортыг дэмжих, дамжин өнгө­рөх тээврийн дэд бүт­цийн бүтээн байгуулалтыг шийдвэрлэх, гааль хяналтын хамтын үйл ажиллагаа идэвхжүүлэх зэрэг олон давуу талтай гэнэ. Наад зах нь далайд гарцгүйн зовлонгоос болоод тээвэрт  2-3 дахин өндөр зардал төлдөг асуудлыг хөнгөвчлөх боломжтой болох аж.  Гэхдээ хэлэлцээр 111 улс нэгдэн орсны дараа хүчин төгөлдөр болно. Өнгөрсөн жил бид 99 дэх нь байсан учраас энэ жил 111-т хүрнэ гэдэг Засгийн газар итгэлтэй байгаа гэв.

Мөн Канадтай “хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээрийг шинэчилж байгуулжээ. Энэ нь, гадаадын хөрөнгө оруулагчдын ажиллах хууль эрхзүйн тогтвортой орчин бүрдүүлэхэд чухал хэлэлцээр.  Урд нь 44 оронтой ийм хэлэлцээр байгуулсан ч  6-7 улстай нь л энэ хүрээнд ажиллаж чаддаг гэнэ.

2016 оноос Монгол Японы эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд худалдааны эргэлт 17 хувиар өссөн байна. Гол нь Японы хөрөнгө оруулагч нарын зүгээс Монголыг зорих урсгал нэмэгдэж, бизнесийн орчны судалгаа хийн, томоохон уулзалтууд зохион байгуулж эхэлжээ. Уул уурхайн бус бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд хуурай сүү үйлдвэрлэлд Япон өөрийн технологи тоног төхөөрөмжийг санал болгон олон ажлуудыг эхлүүлж чадсан гэдгийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга онцолсон юм. Цаашид БНСУ болон ЕвроАзийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар хоёр тал хэд хэдэн амжилттай уулзалт зохион байгуулжээ.
.

ОХУ-тай харилцах харилцаанд ямар ахиц гарах вэ? 

Хоёр ч удаа ОХУ-тай Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр хийгээд байгаа юм. Монгол Улсын хувьд бүс нутгийн бүлэглэлүүд нэгдэх үйл явц буюу интеграцид орж байж, худалдаа эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Тиймээс ОХУ-д бараа бүтээгдэхүүнийг экспортлохын тулд ЕвроАзийн эдийн засгийн комисс гэх байгууллагад нэгдэх ёстой. Бараа бүтээгдэхүүнээ татваргүй солилцдог, худалдаа экспортыг нэмэх, эдийн засгийн таатай нөхцөл бүрдүүлэхэд хамтран ажилладаг улсуудын нэгдэл бол энэ. Комисст, ОХУ, Казахстан, Белорусь, Киргиз, Армян улс нэгдсэн. Өнгөрсөн орны 11 дүгээр сард манай улсын баг ЕвроАзийн эдийн засгийн комиссын хоёрдугаар хуралдаанд оролцож, энэ талаар ярилцжээ.

Өнгөрсөн долоо хоногт Евразийн эдийн засгийн холбооны Интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд Т.Д.Валовая Монгол Улсад айлчилж, 2017-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурсан. Дээрх баримт бичигт зам тээвэр, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, бизнесийн салбар хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, туршлага солилцох, дугуй ширээний уулзалт зохион байгуулах зэрэг ажлыг тусгасан байна.

Харин гуравдагч хөрш АНУ-тай 2014 онд байгуулсан олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын  ил тод байдлын хэлэлцээрийг 2017 оны нэгдүгээр сарын 19-нөөс мөрдөхөөр боллоо. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагч нар манай хууль эрхзүйн орчинг ил тод харж чадах нөхцөл байдал бүрдсэн гэнэ.

Н.БАТ
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих