“Женко Тур Бюро” алдагдал хүлээв

201776-14022017-1487041761-318944522-1Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Женко Тур Бюро” компани өнгөрсөн онд алдагдалтай ажилласан байна. Тус компанийн санхүүгийн тайланд дурдсанаар 2016 онд нийт 1.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь 2015 оныхоос 34 орчим хувиар буурчээ. Үүнээс гадна “Женко Тур Бюро”-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар 2016 онд борлуулалтын орлогоо 3.4 тэрбумд хүргэнэ гэсэн зорилт тавьж байсан ч түүндээ хүрсэнгүй.

Тайлант хугацаанд дээрх компанийн ерөнхий ба удирдлагын зардал 1.6 дахин өссөн байна. Түүнчлэн өнгөрсөн онд валютын ханш нэлээд чангарсан, Монголбанкны зарласан ханшаар 2016 оны эхэн үетэй харьцуулахад оны эцэс гэхэд ам.долларын ханш 25 орчим хувиар нэмэгдсэн нь компаниудын үйл ажиллагаанд нэлээд дарамт болжээ. Тухайлбал, “Женко Тур Бюро” компани л гэхэд 2016 онд валютын ханшийн зөрүүнээс 506.7 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Ингэснээр оны эцэс гэхэд компани нийт дүнгээрээ 465.6 сая төгрөгийн цэвэр алдагдал хүлээжээ. Сүүлийн байдлаар тус компанийн зах зээлийн нийт үнэлгээ 5.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Женко Тур Бюро” компани дотоодын 10 гаруй зочид буудал, 20 гаруй ресторан, зоогийн газар, байгалийн үзэсгэлэнт газруудтай 50 гаруй жуулчны бааз, бусад газруудтай хамтран ажиллаж байгаа юм. Мөн Япон, Сингапур, БНХАУ, БНСУ, ОХУ, Германы руу аялал зохион байгуулж байгаа ажээ.

Т.Элиса

BloombergTV.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих