Эрчим хүчний салбарт ОХУ-ын хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздевтэй тус яамны байранд уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр хоёр талын худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны алдагдлыг тэнцвэржүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлэлийг талууд нотолж, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах, Монгол Улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарт ОХУ-ын хөрөнгө оруулалтыг татах, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Түүнчлэн, хоёр улсын хил орчим, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Монгол Улс, ОХУ хоорондын худалдааны хэмжээг нэмэгдүүлэхэд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах, энэ хүрээнд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулахад холбогдох дэмжлэг үзүүлэхийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүсэв.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, энэ хүрээнд Улаанбаатар хотноо Хөрөнгө оруулалт, зураг төслийн төвийг байгуулах, гурван талын хамтын ажиллагаанд бодлогын зохицуулалт хийх үүрэг бүхий зөвлөл байгуулах асуудлыг судалж үзэхээр тохиролцож, хятадын талтай зөвшилцсөнөөр Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалтыг ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов. Гурван улс хоорондын эдийн засгийн харилцааг цаашид идэвхжүүлэх зорилгоор энэ оны зургадугаар сард БНХАУ-ын Харбин хотноо зохиогдох Орос, Хятадын хамтарсан ЭКСПО-д Монголын төлөөлөгчдийг өргөнөөр оролцуулах боломжтой болохыг орлогч сайд А.В.Груздев тэмдэглэв.
URL: