Туйлын бэлгэ тэмдэг туйлдаж байна

201765-14022017-1487037216-1199959990-аляскаАляскад намар болоход тосгодоор цагаан баавгай хаа сайгүй үзэгдэх болжээ. Гүехэн усаар хүрээлэгдсэн элсэн арлуудад хэдэн арваараа цуглан, бамбаруушнуудтайгаа наранд хэвтэх нь ихсэв. Тэднийг харах гэж олон зуун километрийн алсаас зорьж ирдэг жуулчдын тоо ч жилээс жилд нэмэгдэж байна.

Цагаан баавгай шөнө болон гуут хавь ойрын тосгодоор гэтэх нь элбэг болж буйгаас хүмүүс бамбар эсвэл нулимс асгаруулагч авч явахаас аргагүйд хүрчээ. Оршин суугчид гар чийдэн тусгаж, дуу чимээ гаргаж, гар салют дэлбэлэх замаар хөөдөг ч баавгайнууд дурамжхан явдаг байна.

Амьдралынхаа зургаан хувийг эх газарт өнгөрүүлдэг байсан нь 20 хувь болж нэмэгджээ

Туйлын бэлгэ тэмдэг болсон энэ амьтан мөсөн бүрхүүл дээрээ аж төрөх боломжтой байсан бол устахад ойрхон амьтдын жагсаалтад орохгүй нь мэдээж.

Аляскийн хамгийн хойд талын Кактовик хот орчимд нутагладаг 80 цагаан баавгай бүгд эрүүл чийрэг, тарга хүч сайтай байгааг судлаачид тогтоожээ. Уугуул оршин суугчид инюпигуудын халим агнах улиралтай буюу намар дөнгөж эхлэх үеэр тарга хүчээ авсан цагаан баавгай олноороо ийн харагддаг байна.

Гэхдээ баавгай хэдийнэ уур амьсгалын дүрвэгчдийн нэг болжээ. Далайн хав агнах гол талбар болсон мөсөн бүрхүүл нь багасаж буйгаас эх газрыг тэд аргагүйн эрхэнд бараадах болов. Яагаад гэвэл Хойд туйл бусад эх газартай харьцуулахад дэлхийн дулааралд хоёр дахин хурдтай нэрвэгдэж байна.

2016 он олон жилийн дунджаас илүү дулаан үргэлжилсэн сар олонтой байсан учраас туйлын мөс их орой хөлджээ. Арваннэгдүгээр сард Хойд мөсөн далайн мөсний тэлэлт урьд урьдынхаас илүү бага байв. Гэхдээ хугацааны хувьд харьцангуй хурдан мөстсөн байна. Арваннэгдүгээр сарын дунд тав хоногт мөсөн бүрхүүл 30 гаруй мянган ам километрээр багассан байдаг нь өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад түгшихүйц үзүүлэлт юм.

Оршин тогнох эсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг мөсөн бүрхүүл асар хурдтай ийн багасаж, хайлж байгаа нь цагаан баавгайн хувьд сайныг зөгнөх хэрэг хэрхэвч биш. “Туйлын баавгай” олон улсын байгаль хамгаалах байгууллагын ахлах эрдэмтэн Стив Амструп “Мөс байхгүй болбол баавгай ч бас устана” хэмээв.

Судлаачдын олон жил маргаж байгаачлан улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй л бол туйлын баавгайн зовлон нимгэрэхгүй. Мөс хайлахын хэрээр тоо толгой нь цөөрнө гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. 2050 он гэхэд цагаан баавгайн тоо толгой 30 хувиар буурна гэдгийг 2015 онд тооцож гаргажээ.

Дэлхий дээр цагаан баавгайн нийт 19 дэд зүйл Канад, АНУ, Норвеги, Гренланд, ОХУ гээд Арктикийг тойрсон таван улсад бий. Үүнээс Бофортын тэнгисийн өмнөд хэсгээр нутагладаг гурван төрлийн баавгайн тоо хорогдож байна.

Зургаан зүйлийнх нь харьцангуй тогтвортой байгаа бол нэгнийх нь олширч буй. Харин үлдсэн есөн зүйлийн талаарх мэдээлэл судлаачдад хомс. Олон улсын хэмжээнд эмзэг ангилалд орж буй цагаан баавгай ховордож буй амьтдын жагсаалтад орох магадлал маш өндөр байгааг судлаачид онцолжээ.

Тоо толгойноос гадна энэ амьтныг эрсдэлд оруулах хүчин зүйл нэмэгдсээр байна. Баавгайн биеийн хэмжээ, гадаад төрх, нөхөн үржихүйн болон байгалийн чадвар нь өөрчлөгдөж буй. Энэ бүх өөрчлөлт ямар нэг байдлаар туйлын мөсөн гадаргын хэмжээ багасаж байгаатай холбоотойг мэргэжилтнүүд тогтоожээ. Өөрөөр хэлбэл, баавгайн амьдардаг газар нутагт мөсгүй байх хоногийн тоо нэмэгдэж байгаа аж.

Саяхан 10 гаруй цагаан баавгай Кактовик хотын захад орших халимны ясны овоолсон үлдэгдэл дээр байхыг жуулчид дурандаа буулгажээ. Халим агнуурчид ангийнхаа ясыг, халимны толгойтой энд өглөөхөн нь хаясан юм байж. Баавгайнууд махны үлдэгдэл болон яснаас бусад зөөлөн хэсгийг нь идэж байсныг “The New York Times” сонины нийтлэлд онцолжээ.

Хэдэн арван жилийн өмнө ч гэсэн Өмнөд Бофортын тэнгист нутагладаг ихэнх баавгай бараг жилийн турш мөснөөс салдаггүй байв. Харин тэд одоо ихэнх цагаа эрэг дээр өнгөрөөж, мөсийг зөвхөн зогсох төдий ашиглах болжээ. Мөсний тусламжтай цагаан баавгай шим тэжээлтэй, амтлаг зоог болох далайн гахайг түвэггүй барьдаг байсан юм.

Гэвч хаврын урь эрт орж, намар ч оройтох болсон зэрэг уур амьсгалын өөрчлөлт түгшүүр төрүүлсээр. Бөөн мөс нь зөвхөн их далайн үзэгдэл болж хувирснаас далайн гахай, цагаан баавгайн тоо цөөрч, аль аль нь мөснөөс мөсөнд хүрэхийн тулд урт усан зам туулахаас аргагүй болсон байна.

Бофортын тэнгисийн гурван төрлийн баавгайн тоо хорогдсоор

Тиймээс л Бофортын тэнгис орчмын цагаан баавгайд эрэг дээр аж төрөхөөс өөр сонголт үлдсэнгүй. Хориод жилийн тэртээ цагаан баавгай амьдралынхаа зургаан хувийг л эрэг дээр өнгөрүүлдэг байсан бол энэ хугацаан нь өдгөө тавны нэг болжээ. Доктор Этвуд цагаан баавгай наймаас арваннэгдүгээр сард буюу нийт 56 өдөр эрэг дээр байдаг болсон гэв. Одоо цагаан баавгайд нэг бол далайд хөвж буй мөсөн дээр, эсвэл эрэг орчим амьдрах гэсэн хоёр л сонголт байна. Гэхдээ мөсөн дээр амьдарвал далайн ус гүнзгий тул хоол тэжээл олоход амаргүй.

Өмнөд Бофортын тэнгис болон баруун Хадсоны буланд нутагладаг хоёр дэд зүйлийн баавгайн хувьд өвөлдөө зутруу, хүндхэн аж төрж буйг судлаачид олж мэджээ. Бие нь давжаа болж, нас ахисан болон залуу баавгайнууд нь өмнөх үеийнхнээ бодвол амьдрах чадвар муутай болсон байна. “Бүх л сүрэг иймэрхүү байгаа гээд төсөөл дөө. Тэд хурдан, хангалттай томрохгүй байна” хэмээн 32 жил туйлын баавгай судалж буй Альбертагийн их сургуулийн биологич Эндрью Дерочер хэлэв.

Цагаан баавгайн амьдрах орчин устаж байна. Арслан, чоно зэрэг амьтанд учирдаг аюул болох хулгайн ан, газар нутгийг нь хүн, мал эзлэн суух зэргийг урьдчилан тааварлах боломжтой. Харин цагаан баавгайн амьдрах орчныг үгүй хийж буй нүүрстөрөгчийн давхар исэл болон хүлэмжийн хийг бүрдүүлэгч бусад хорт бодисуудыг хянах аргагүй байгаа юм.

Цагаан баавгай хуурай газар дээр буюу шим тэжээлийн гол эх үүсвэр болсон далайн гахайгүйгээр хэр удаан оршин тогтнох нь эргэлзээтэй. Далайн гахай барьж иддэг жинхэнэ цагаан баавгай байхын тулд энэ амьтанд далайн мөсөн бүрхүүл хэрэгтэй. Хамгийн чухал нь энэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих