Оюуны хоосрол ярих цаг болж

bd41c710b561cddd0d9d910c1ba9e8e4Бичиг үсэг тайлагдалтын хувиар ард иргэдийн оюуны боловсрол, соён гэгээрлийн түвшинг шинждэг байсан цаг саяхан. Харин 21-р зуун гарсаар бичиг үсэг тайлагдалт асуудал биш болж гар утас хэрэглэгчдийн тоо, интернэт хэрэглэгчдийн тоог чухалчилж үзэх болжээ.

Харин өдгөө монголд бүртгэлтэй гар утас хэрэглэгч 5.5 сая, идэвхтэй хэрэглэгч 3 сая, 3G хэрэглэгч 2.2 сая хэрэглэгч /сим/ бий гэсэн статистик мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээллээс бэлээхэн харж болно. Харин интернэт хэрэглэгчийн тоо 2.4 сая байгаагаас фэйсбүүк хэрэглэгч 1 сая гаруй хүн бий гэсэн албан бус тоо бий.

Эдгээр тоон дүнгээс авч үзвэл монголчууд бид соён гэгээрлийн түвшингээрээ аль хэдийнэ дэлхийд толгой цохихоор харагдана. Мэдээж хэрэг бүх нийтээрээ соён гэгээрчихсэн улс чинь гэрлийн хурдаар хөгжчихсөн, иргэн бүр нь хангалуун цатгалан амьдрах ёстойсон. Харин өнөөдөр бид ямар нийгэмд аж төрж буйгаа дор бүрнээ мэдэж л байгаа. Тиймдээ ч дээрх үзүүлэлт бол боловсрол хийгээд соён гэгээрлийн түвшинг тодорхойлоход дэндүү учир дутагдалтай гэдгийг нийгмийн элит хэсгээс эхлээд арай дөнгүүрхэн, юм үзэж нүд тайлсангууд нь түвэггүйхэн хэлж чадах байх.

Ийн хэлэхийн учир нь машин, мөнгө, аз жаргал амласан хуурамч постуудын араас монголчууд бид үй олноороо хошуурч буй энгийн үзэгдлээс эхтэй. Ганцхан пост хуваалцаад овойж оцойтлоо баяжиж, өргөс авсан мэт өвчин зовлонгоосоо салчихна гэдэг бол мөнх амьдрал мөрөөдөхтэй адил одоо цагт лав биеллээ олохооргүй хийсвэр зүйл.

Сүүлийн үед хүн төрөлхтний хэрэглээ ухаалаг болох тусам хэрэглэгчид нь тэнэгэрч байгаа талаар ярих болсон. Үүнийг батлах нэгээхэн жишээ нь нэг өдрийн өмнөөс фэйсбүүк орчинд тарах болсон машины хонжвортой пост!

24 цаг хүрэхгүй хугацаанд 25 мянган лайк, 26 мянган шейр авсан эдгээр постууд монголын фэйсбүүк хэрэглэгчдийн гэнэн итгэмгий байдлыг бус, оюуны санааны хоосрол агаад хэт бэлэнчлэх сэтгэлгээний бодит тусгал болж буй.

Нэгхэн өдрийн өмнө шинээр нээгдсэн пэйж хуудас зуун саяын үнэтэй машин зүгээр өгнө гэж байхгүйг бид одоог хүртэл ойлгохгүй ухнатаж байгаа нь энгийнээр хэлбэл эмгэнэл боллоо. Ингээд нэрлээд байвал, сүлжээний бизнес, орос хөргөгч, туухай, будаатай шаазан өндөр үнээр авах тухай гээд элдэв мэдээлэл постыг ч монголчууд харамгүй шейрлэж, сохроор дагасаар эцэс сүүлд нь хохирогч болж үлдэх нь энүүхэнд.

Телевиз, сонин хэвлэлүүдээр “Сүлжээний бизнест битгий элс” гээд хамаг чадлаараа ухуулаад ч монголчуудын энэ мунхралыг юу ч зогсоож үл чадна. Энэ бол инээх бус гашуудах цаг.

Б.Эрдэнэ

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих