АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ САНАА НЭГТЭЙГЭЭР “АГНАЯ”

7682

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь иргэдийн хувьд эрсдэлд өртөх, эрсдэлтэй үйлдлүүдийг хийлгэх гол шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, архидалт нь хүчирхийлэл, гэр бүл салалт, ажилгүйдэл зэрэг сөрөг үр дагаврын шалтгаан болж биеийг хордуулж, сэтгэцэд мансууруулах нөлөө үзүүлж, донтолт үүсгэснээр хүний сэтгэлзүй, нийгэмд ихээхэн хор хөнөөл учруулж, эцсийн дүндээ эрүүл мэнд, амь насаар хэмжигдэхүйц хор хөнөөл үзүүлсээр байна.

Уг нь дэлхийн улс орнуудад нэг хүнд ногдох архины хэмжээ жилд таван литр орчим байхад манай улсад 10 литрээс илүү байгаа нь өндөр үзүүлэлт юм.

Гэтэл ДЭМБ-аас жилд нэг хүнд дунджаар найман литр архи ногдоход үндэсний хэмжээнд аюултай байдалд орно гэж үздэг. Тэгвэл манай улсын хувьд архи гэдэг зүйл аль хэдийнэ үндэсний аюулгүй байдалд зана л хийлээд эхэлчихсэн гэсэн үг. Төр засаг нь сүүлийн  20 гаруй жил архидалтын асуудал дээр сул дорой бодлого баримталж ирсний хар гайгаар согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоо, архины үйлдвэрүүд  нэмэгддэг гэх судалгаа бий. Ийнхүү төр засаг нь архины тал дээр сул бодлого явуулдаг нь ч учиртай.

Төр барилцаж байгаа эрхмүүд дунд архины үйлдвэрлэгчид байдагтай шууд болон шууд бус байдлаар холбоотой биз. Архи хар мөртэй гэж монголчууд ярьдаг нь аргагүй л үнэн үг юм. Үхэл зовлон, өвчин зовиур, хагацал харуусал энэ бүхэн мөнөөх хар мөртэй архинаас л үүдэж буй нь хэн бүхний өмнө илхэн байна. Саяхан архинаас болж таван хүн эрдэнэт амиа алдсан. Нас барсан иргэд “Мөнхжин Од” компанийн “Найрсаг” архинд хордоогүй харин харин “Гайхмаараа” шил арчигч шингэнээс болоод өнгөрсөн гээд байгаа.

Түүнээс өмнө 2007 оны арванхоёрдугаар сард “Азийн чоно” ХХК-ийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн амь насаа алдаж, мөн 200 гаруй иргэн эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирсон харамсалтай хэрэг ч гарч байсан. Хариуцагчдад нь ял ногдуулсан ч Өршөөлийн хуульд хамрагдсан хэмээн мөн л олны анхаарлыг татаж байсан. Тэгвэл энэхүү эх захаа алдсан архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг багасгах талаар нийслэлийн Засаг дарга С.Батболд санал гаргаад байна.

Тодруулбал, тэрбээр энэ сарын 09-ний өдөр архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүргүүлсэн юм. Үүнд “Их тэс гол” Хабул, Шаргалжуут , “Хорго цагаан” Аяны дугараа, “Бенедакт” Монголын хаан, Сүжигт  “Мөнхжин од” ХХК –ийн Мөнхжин Найрсаг зэрэг 11 аж ахуй нэгжүүдийн эрхийг цуцлах санал  хүргүүлсэн. Гэхдээ зүгээр байхад нь эдгээр байгууллагуудын эрхийг цуцлах гэж байгаа юм биш.

Харин зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй учир Засаг дарга ийнхүү зөвшөөрлийг нь хүчингүй болгох санал хүргүүлж байгаа юм. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яам нийслэлийн Засаг дарга С.Батболдын хүргүүлсэн саналыг ажил хэрэг болговол сайн байна. Нөгөө “Далайд дусал нэмэр” гэдэг шиг манай улсад үйлдвэрлэгдэж байгаа хэдэн сая шил архинаас бага ч болов цөөрч байвал хаа хаанаа хэрэгтэй биз дээ. Тэгээд ч ер нь цаашдаа архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг улам багасгаж ядаж жилд нэг хүнд дунджаар таван литр архи ногддог болговол яаж байна.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар


URL:

Сэтгэгдэл бичих