Ардчилсан намын “гал тогоо”-г барих эрхийг залууст өгөөч С.ЭРДЭНЭ ДАРГА АА
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг түр томиллоо. Түүний хувьд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын яамны харьяа Нийгмийн халамж, хамгааллын ерөнхий газрын даргын алба хашиж байсан. Нас хийгээд туршлагыг нь харгалзан үзэхэд яавч Ардчилсан намын шинэ дүр төрх болж чадахгүй. Хүн нь зөв байлаа гээд залуу үе улс төрд хүч түрэн орж ирж байгааг яасан ч мартаж болохгүй. Хэрэв мартвал намынхаа ирээдүйг устгасан хэрэг болно. Иймд Ардчилсан намын дарга С.Эрдэнэд амжилт хүсэхийн зэрэгцээ намынхаа “гал тогоо”-г барих эрхийг залуустаа олгооч гэдэг хүсэлт дайя. Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхлэх шийдвэр хараахан гараагүй байгааг ашиглаад шүү дээ.
Учир нь, тус намд гишүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэж, намынхаа дотоод эв нэгдлийг хамгаалж ажиллах залуус олон бий.
Үүн дээр нь боловсрол мэдлэг, улс төрийн туршлагыг нь нэмбэл хал үзэж, халуун чулуу долоосон нь ч цөөнгүй. Тэдгээрийн тэргүүн эгнээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгч асан С.Эрдэнэболдыг нэрлэж болно. “Глобаль удирдагч” сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбат ч дутахгүй. Тэдний хэн хэн нь Харвардын их сургуульд төрийн удирдлагын магистр хамгаалаад ирсэн. Намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр хоёр жилийн өмнө тэдэнд хадаг сүү барьж, сайн сайхныг хүссэн гоё түүх ч бий. Энэ үеэрээ “Дэлхийн боловсролыг Монголдоо авчирч, эх орныхоо хөгжилд буухиа нэмэхийг ерөөе” хэмээн хэлсэн нь тэдний дөрөөнд сүү, итгэлд дэм өгсөн нь ч тодорхой. Хэдийгээр Л.Эрхэмбаяр дарга өдгөө ажлаа өгсөн ч түүний хэлсэн үг хувь хүний ерөөл сэтгэлийн үг байхын зэрэгцээ Ардчилсан намын ерөөл байсан гэж итгэсэн нь олонх байх. С.Эрдэнэболд, Б.Отгонбат хоёрын хэн хэн нь эргэж ирээд Ардчилсан намын шинэчлэлд дуу хоолойгоо өргөж, үйл ажиллагаанд нь идэвхийлэн оролцож байгааг бодвол тэдэнд туссан өнцөг нь адилхан байж таараа. Тэр дундаа нам нь УИХ-ын сонгуульд ялагдаж, залуус битгий хзл ахмад гишүүд нь ч бултаараа гудамжинд гарч, хувь улстөрчийнхөө боломжийг хаалгасан үед намаа гэсэн итгэл үнэмшлээр хүчин зүтгэнэ гэдэг бол яах аргагүй Ардчилсан намын эд эс гэдгээ ухамсарласных. Өөрөөр хэлбэл, тэд ялсан ч, ялагдсан ч намтайгаа хамт байхаа батлан харуулж байна. Үүнийх нь төлөө “гал тогоо” барих эрх олгож, ялагдсан намын “зовлон”-гоор яагаад шагнаж болохгүй гэж. Бэрхшээлийг боломж гэж харж байгааг нь урамшуулж шүү дээ.
Гэхдээ тэд хоёулахнаа биш. Сайн тал нь олуулаа. НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн зөвлөх О.Чулуунбилэг байна. Дээрхийн нэгэн адил хэн хэн нь Ардчилсан намд оюутан цагаасаа элсэж, улс төрийн туршлага хуримтлуулсан залуус.
Ц.Баатархүүгийн тухайд намынхаа үе тэнгийн залуусаас улс төрийн болоод сонгуульд оролцсон туршлагаараа илүүрхдэг. Чингэлтэй дүүргээс хоёр ч удаа НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож, өдгөө нийслэлийн удирдлагуудын алдааг засч, андууралд нь зөвлөх үүрэг хүлээж яваа нэгэн. Магадгүй түүний хувьд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо гэхэд харин ч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, чанга дуугарах, төр засгийн бодлогын шийдвэрт нөлөөлөх талдаа давуу тал үүсэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, түүний давуу тал нь төрийн ажилд ойр, шийдвэр гаргах нөлөө ихтэй гэдэг тодорхойлолт юм. Тэгвэл О.Чулуунбилэгийн тухайд Жорж Вашингтоны их сургуулийн Улс төрийн менежментийн сургуулийн магистрант. Ардчилсан намд төдийгүй МАН-д ч ховорхонд тооцогдох улс төр судлаач залуу. Олон нийтийн санаа бодлыг тандах, стратеги төлөвлөлт боловсруулах, бодлогын улс төр хийх талд түүний үг, зөвлөгөө Ардчилсан намд хэрэгтэй. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд намдаа ажиллаж, ялалтын буухианд хувь нэмрээ оруулсан туршлага түүнд бий. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэргэд байсан уу, байх уу гэдгээс нь үл хамаараад С.Эрдэнэ та түүнийг ашиглаж яагаад болохгүй гэж. Нэр бүхий лидерүүд нь “Нам ялагдсан дээр суралцана, амарна. Харин 2020 онд бол нэр дэвшинэ шүү” гзж эмзэглэхгүйгээр мэдэгдэж, хилийн чинад руу нисээд эхэлсэн байхад энэ залуус намаасаа зууралдаад үлдэж байна. Тэдний итгэлийг, хүсэл зорилгыг нэг удаадаа шагначих. Дахиад сануулахад, ялагдсан намын удирдлага байхын зовлонг нь эдлүүлчих.
Учир нь, Ардчилсан нам эрх баригч байх өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хаалганы цаана үлдсэн гишүүдийн олонх нь залуус байсан. “Намын лидерийн хамаатан, сайн дүү нь биш болохоор…” гэдэг үгийг олонх нь хэлж, уур бухимдлаа гаргаж суусныг бүгд мартаагүй. Гэсэн ч тэд намаасаа зугтахгүй, урвахгүй гэдгээ зарлачихлаа. Зөвхөн энэ дөрөв ч бус тэдний ард 18-36 насны олон мянган залуус Ардчилсан намд бий. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Дэмчиг гэхэд тэднийг нэгтгэж, ирээдүйн лидерүүдийнхээ шүүлтүүрийг өнөөдөр хийхээр ажлаа хүлээж авахтайгаа зэрэгцэн зарлаж байсан. Өөрөөр хэлбэл, ялагдлын үед тунаж үлдсэн залуус Ардчилсан намын ирээдүйг авч явна гэж тэр итгэсэн байх. Яг үүн дээр нь тэднийг дэмж. Залуусыг яагаад заавал дэмжих ёстой вэ гэдэг шалтгааныг УИХ-ын гишүүн асан М.Батчимэг тун тодорхой хэлсэн. Тодруулбал, “Хамгийн наад зах нь манай нам 2020 оны сонгуулиа бодох ёстой. Тэр үед нийт сонгогчдын 70 гаруй хувь нь 40 хүртэлх насны залуус байна. Тэдний саналаар л асуудал шийдэгдэнэ. Өнөөдөр манай өрсөлдөгч МАН-ын томилсон Ерөнхий сайд нь дөнгөж 40 гарч байгаа, намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь гуч гаруйхан насны залуу байна. Манай нам өнгөрсөн УИХ-ын сонгуульд яг үнэндээ залуусын саналаар ялагдсан. Залуу үе, нийгэм Ардчилсан намыг хөгшчүүдийн нам гэж харж байна. Ийм нөхцөлд манай нам залуусаа дэмжихгүйгээр 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд тэсч үлдэхгүй” гэж хэлсэн юм. Товчхондоо, УИХ-ЫН гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэгэн адил Харвардад төгссөн, төрийн удирдлагад суралцсан, боловсрол, туршлагаараа илүүрхсэн С.Эрдэнэболд, Б.Отгонбат тэргүүтэй залуус Ардчилсан намд байна. Эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон улстөрчдөөс хамгийн залуу нь гэдгээрээ илүүрхэх Д.Амарбаясгалантай эн зэрэгцэж, НИТХ-д намынхаа бүлгийг удирдаж яваа Ц.Баатархүү болон түүний нөхөд ч олноороо байна. Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалаар дамжиж, УИХ-ын гишүүн болсон Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэдтэй дүйцэхүйц О.Чулуунбилэг ч хүрээлэл-тэйгээ хүлээж байгаа нь гарцаагүй. Ингэж дүйцүүлж харахгүй. бүр тодруулбал харахыг хүсэхгүй байгаа болохоор л Ардчилсан нам МАН-аас илүү хуучны, үлэг гүрвэлийн үеийнх болж харагдаад байгаа хэрэг юм. Алин дивангарын хэн байсаар л байна… гэж яриад байна, цаана чинь.
Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: